Сагсан бөмбөгийн өнөө цагийн шилдэг хүчний довтлогчдын нэг, NBA-ийн хоёр удаагийн бүх одод, 2011 оны бүх NBA-ийн гуравдугаар багийн гишүүн, 2004 оны Шилдэг амжилт нь ахисан тоглогчийн шагнал хүртэж байсан Зак Рэндольф их спортоосоо зодог тайлж буйгаа зарлалаа.
Тэрбээр анх 2001 оны драфтын 19 дэх сонголтоор Портланд Трэйлблейзерс багт сонгогдож, дараа нь Нью-Йорк Никс, Лос-Анжелос Клипперс, Мемфис Гриззлес болон Сакраменто Кингс зэрэг багуудад тоглож байсан билээ.
Зи-Бо Мемфис Гриззлес багт 2009-2017 оны хооронд хүчин зүтгэхдээ Grit and Grind Grizzles багийн гол амин сүнс нь байв. Хамгаалалтаараа гайхагдсан энэхүү баг 2012-13 оны Плэй-оффын эхний шатанд 5 тоглолтод Лос-Анжелос Клипперс багийг хожин дараагийн шатанд, мөн таван тоглолтод Оклахома Сити Тандерс багийг буулган авч, бүсийн финалд шалгарч байсан билээ. Гэвч харамсалтай нь, бүсийн финалд Сан-Антонио Спурс баг Гриззлесийг шүүрдэн финалд шалгарсан юм. Ийнхүү NBA-ийн нэгэн чимэг болсон эрхэм зодог тайллаа.
Мемфис Гриззлес баг түүний өмсөж байсан 50 дугаарыг мөнхлөхөө зарласан билээ.
Б.МӨНГӨНТАМИР