БНХАУ-ын Хайнань муж дахь Вэнчанг сансрын төв өнгөрсөн Баасан гариг /2019.12.27/-т орон нутгийн цагаар 20.45 цагт “Чан Чэн-5 /Их Аялал/” пуужин тээвэрлэгч хөөргөжээ.
Хятадын мэргэжилтнүүд “Энэхүү сансрын хөлөг ирэх 5-15 жилд орчин үеийн харилцаа холбооны салбарын хөгжлийн хэрэгцээг бүрэн хангана” хэмээн онцолжээ. Ирээдүйд Хятадын Сар, Ангараг гарагийг судлах хөтөлбөрт ашиглагдах энэхүү пуужин тээвэрлэгч энэ удаа “Шицян-20” хиймэл дагуулыг гео шилжилтийн тойрог замд хүргэх юм байна.
Хятадын хамгийн том пуужин тээвэрлэгч хөөрөх үедээ 25 тонн, гео шилжилтийн тойрог замд 14 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай, 57 метр өндөр, таван метр диаметртэй аж. Пуужин тээвэрлэгчийг анх 2016 оны арваннэгдүгээр сард амжилттай туршиж, тухайн үед Бээжин эл тээвэрлэгчээр “Шицян-17” хиймэл дагуулыг сансарт хөөргөжээ. “Шицян-18” хиймэл дагуул тээвэрлэсэн “Чан Чэн-5” пуужин тээвэрлэгчийг 2017 оны долдугаар сарын 2-нд хоёр дах удаагаа хөөргөсөн ч техникийн шалтгааны улмас дэлхийн тойрог замд орж чадаагүй аж.
Хятад улс өөрийн сансрын хөтөлбөрийг идэвхтэй хөгжүүлж байгаа ба энэ хүрээнд цаг уур, харилцаа холбоо, нислэг удирдах хиймэл дагуулаас гадна сарыг эзэмших технологийг хөгжүүлж байна. Үүнээс гадна Хятадын эрдэмтэд Ангараг гариг, жижиг гариг судлах төсөл хэрэгжүүлж, 2020-2025 онд Ангараг гарагийн гадаргууг эрчимтэй судлахаар төлөвлөж байгаа ажээ.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: СИНЬХУА
Холбоотой мэдээ