УИХ-ын сонгуулийн дараа дахин “Долдугаар сарын 1” болно

Хуучирсан мэдээ: 2019.12.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын сонгуулийн дараа дахин “Долдугаар сарын 1” болно

“Ньюс” агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.

 Э.БАТ-ҮҮЛ: ТҮҮХ БҮТЭЭГЧДИЙГ БҮРЭЛГЭЖ БОЛОХ Ч УСТГАЖ БОЛДОГГҮЙ

Монгол Улсын баатар, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

-Та нийгэмд нийтлэлээрээ дамжуулж үзэл бодлоо илэрхийлдэг. Нийтлэл, жиргээнээсээ болоод цагдаа, шүүхэд дуудагдаж ч байсан. Тэр асуудал юу болов. Үүнээс болоод нийтлэлээ бичихээс айх, шантрах үе байдаг уу?

-Өнгөрсөн хавар бичсэн миний нийтлэлийн дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс надад захиргааны хариуцлага ногдуулах хоёр ч хүсэлт цагдаад хандан гаргаж, намайг нийтдээ дөрвөн сая төгрөгөөр торгосон. Цагдаа болон прокурор, шүүх улаан цайм Ерөнхийлөгчид үйлчилж байна билээ. Би дээд шатны шүүхэд давж заалдсаар байгаа. Би аль 90-ээд оноос айх, шантрах гэдгийг мартсан. 1988 онд ухуулах хуудас наагаад баривчлагдаж очиход цаазаар авах ялтай хэрэг үйлдсэн хэмээн НАХЯ-ны тасгийн дарга сүрдүүлж байсан юм. Залуудаа айгаагүй байж өдий насандаа айх, шантрах гэж юу байх вэ, шийдсэн хүн шүү дээ.

-Хамгийн сүүлд таны бичсэн “Фашизмын эсрэг эвсэн тэмцэх хэрэгтэй” гэсэн нийтлэлийг уншсан. Уг нийтлэлдээ та Н.Энхбаярыг давхар яллаж байна гэсэн утга илэрхийлсэн байна лээ. Яагаад Н.Энхбаярыг өмөөрөх болов?

-Шүүхээр бус хуулиар яллах аргыг анх Гитлер, Сталин нар нэвтрүүлж байсан юм. Еврейчүүдийг таарсан газраа устгах эрхийг герман хүнд олгосон хууль гаргаж байсан юм. Өөрөөр хэлбэл, еврей хүний амьд явах халдашгүй эрхийг нь цуцалсан хэрэг. “Шиндлерийн жагсаалт” киног үзсэн байлгүй. Еврей хүнийг гартаа буу барьсан герман хүссэнээрээ буудаж байгаа биз дээ. 1930-аад оны үед Монголд ногоон малгайтнууд “хувьсгалын эсэргүү” гэж үзсэн хүнээ дураараа буудах эрхтэй байсан. Малаа маллаж явсан гэмгүй ах, дүү хоёрыг хүний тоо гүйцээх гээд хөнөөсөн жишээ ч бий. Лам хүнийг еврейчүүд шиг амьд явах эрхийг нь цуцалсан тул хүссэн ногоон малгайтан хүссэн аргаараа алж байлаа. Хуулиар яллах гэдэг ийм аюултай. Энэ аргыг өнөөдөр Н.Энхбаярт зориулан сэргээж байна. Бусдын эрх, эрх чөлөөнд ямар ч гэм учруулаагүй Н.Энхбаярыг шүүхээр яллаж чадахгүй болохоор нь хууль гарган сонгуульд нэр дэвших эрхийг нь цуцаллаа. Тэд чаддагсан бол амьд явах эрхийг нь цуцалж мэдэх юм байна.

-Ер нь та Сонгуулийн хуульд сэтгэл дундуур байх шиг байна, тийм үү?

-Энэ бол сонгуулийг луйвардахад зориулсан хууль. Нэг шатны сонгуульд нэг сонгогч олон санал өгөх нь сонгуулийг шударга явуулах боломжгүй болгодог хэмээн гадны экспертүүд хэлдэг. Манай Сонгуулийн ерөнхий хорооны дүгнэлт ч байдаг юм. Энэ Сонгуулийн хууль чинь долдугаар сарын 1-ний хэрэг явдалд хүргэсэн юм шүү дээ. Ямар амархан мартаж байна аа. Ирэх хавар УИХ-ын сонгуулийн дараа “Долдугаар сарын 1” болно.

“УИХ-ЫН СОНГУУЛИЙН ДАРАА ДАХИН “ДОЛДУГААР САРЫН 1” БОЛНО”

-Аль ч нам Засгийн эрхийг барьж байхдаа Сонгуулийн хуулийг өөрсдөдөө зориулж баталдаг. Өнгөрсөн хугацаанд баталсан Сонгуулийн хуулиудаас хамгийн зөв, оновчтой хувилбар гэвэл алийг нэрлэх вэ?

-Холимог системээр сонгууль явуулж үзсэн. МАНАН бий болчихоод байдаг юм. Засгийн газар олон намын рекэтэнд орчихоод байдаг. Сая батлагдсан Сонгуулийн хуулиар сонгууль хийхээр бөөн луйвар, сонгууль нь сонгогчдын саналын арилжааны талбар болдог. Сонгогчид олон санал өгөх учир түүнийгээ арилжаанд оруулах боломжтой болно. Жишээ нь, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хоорондоо 76 хүний нэрийг тохирчихвол намын сүлжээндээ команд өгөөд гүйцээ. Арилжаанд орж чадаагүй бусад нэр дэвшигч унана гэсэн үг. Тэгэхээр хамгийн тохиромжтой нь 76 тойрог бүхий жижиг мажоритари тогтолцоо юм. Нэг нам нь ялсан шиг ялж, хариуцлагаа хүлээсэн шиг хүлээнэ. Ямар ч МАНАН бий болохгүй. МАНАН гэдэг бол хамгийн хогийн юм. Би бүх МАНАН-г эсэргүүцсээр ирсэн хүн.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Ш.АДЪЯАМАА


Ц.АЮУШ: ШАГНАЛЫН МӨНГӨӨ НӨХРИЙНХӨӨ ЭМЧИЛГЭЭНД ЗАРЦУУЛНА

Монгол Улсын 30 гаруй мянган багш дундаас  “Би багш” нэвтрүүлгийн ялагч болж, 100 сая төгрөгийн шагнал гардсан Сэлэнгэ аймгийн Мандал сум /хуучнаар Зүүн хараа хот/-ын Гуравдугаар сургуулийн бага ангийн багш Ц.Аюуштай ярилцлаа. Багш хэмээх мэргэжилд сэтгэл зүрхээрээ дурласан түүнийг “Ээж багш” хэмээн найзууд нь дууддаг юм билээ. Учир нь сурагчдадаа багш шиг нь хандахаас гадна яг ээж шиг нь халамж анхаарал тавьдаг болохоор тэр. 

-"Монгол Улсын шилдэг багш" болсонд баяр хүргэе. “Би багш” нэвтрүүлэгт оролцохоор шийдвэр гаргах үедээ өөрийгөө ялагч нь болно гэж төсөөлж байв уу?

-Баярлалаа. Монгол Улсын боловсролын салбарт анх удаа болсон, ийм өндөр шагналын сантай нэвтрүүлгийн ялагч болсондоо баяртай байна. Өөрийгөө нэвтрүүлгийн ялагч нь болно гэж бодож байсангүй.

-Телевизийн нэвтрүүлэгт оролцох ямар байна. Нэвтрүүлгийн үед камерын цаана, өөрөөр хэлбэл, зурагтаар гарснаас өөр ямар үйл явц өрнөсөн бэ. Өрсөлдөөн хүчтэй байх шиг харагдсан?

-Телевизийн нэг нэвтрүүлгийн ард маш олон мундаг залуучууд ажилладаг, маш олон хүний хөдөлмөрөөр нэвтрүүлэг бүтдэг гэдгийг ойлгосон. Энэ нэвтрүүлэг өрсөлдөөн гэхээсээ илүү 21 аймаг, есөн дүүргийн 30 шилдэг багш нараас олон зүйлийг сурсан, нөхөрсөг өрсөлдөөн байлаа.

-Нэвтрүүлэгт оролцох хүсэлт ирэхэд танай сургуулийн хамт олон нэгэн дуугаар таныг нэрлэсэн, дэмжсэн гэсэн. Нэвтрүүлгийн ялагч болоход юу нөлөөлсөн бэ. Танд бусад багш нараас илүү ямар чадварууд бий гэж хэлэх вэ?

-Сургуулийн захиргаа, сургалтын менежертээ маш их баярлаж байна. Яагаад намайг нэвтрүүлэгт оролцуулах болсныг сайн мэдэхгүй ч зургаан жил ажиллах хугацаанд надад байгаа чадваруудыг олж харсан юм байлгүй. Гэхдээ ямар ч зүйлд сэтгэлээсээ хандах нь миний мөрдлөг. Энэ нь зарим талаараа миний давуу тал болдог байх.

-Ялагч болоод очиход нутгийнхан нь, тэр дундаа шавь нар чинь хэрхэн угтсан бэ?

-Нутгийн удирдлага, ээж аав, найзууд, нутгийнхан маань угтаж авсан. Олимпийн аварга болсон юм шиг мэдрэмж төрсөн. Одоогоор шавь нартайгаа уулзаж амжаагүй явна. Их шахуу ажлуудтай байгаа. Ням гаригт нутагтаа очсон, Даваа гаригт аймгийн төв рүү дуудагдаад, өнөө өглөө /2019.12.24/ Улаанбаатарт ирсэн.

-Аймгийнхаа шилдэг багш болсон гэсэн үү?

-Тийм. Даваа гаригт Сэлэнгэ аймгийн "Шилдэг багш" болж, Боловсрол, соёл урлагийн газрын "Хүндэт дэвтэр"-т гарын үсгээ зурсан.

-Таныг нэвтрүүлэгт оролцож байхад ангийнханд чинь хичээл хэн заасан бэ. Хоцрогдол үүсвэл хичээлийг нь нэлээд шахаж заах хэрэгтэй болох байх даа?

-Нэвтрүүлэгт оролцогчид есдүгээр сарын 23-наас эхлэн Улаанбаатарт нэг газарт төвлөрч байршсан. Энэ хугацаад манай сургуулийн багш нар долоо хоногоор ээлжлээд ангийнханд маань хичээл заасан. Одоогоор ангийнхан маань таван багшаар хичээл заалгаад байна /инээв.сурв/. Би гуравдугаар ангитай юм. Өмнө нь суурийг нь сайн тавьсан болохоор багш чиглүүлээд өгөхөд нэг их хоцроод байхгүй. Очоод ангийнхантайгаа маш сайн ажиллана даа.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Р.РЕНЧИНДУЛАМ


"БИ ГЭСЭН АМБИЦААС БОЛЖ ЦИРКЧИД ХООРОНДОО НЭГДЭЖ ЧАДДАГГҮЙ"

Монголд циркийн урлаг хөгжөөд 79 жилийг ардаа орхижээ. Энэ урт хугацааны түүхийг өнөөдөр ч циркчид олон улсын тавцанд нэр төртэйгөөр үргэлжлүүлэн авч яваа. Үүний нэг тод жишээ бол 150 гаруй жилийн түүхтэй АНУ-ын “Ringling Bros & Barnum Bailey” нүүдлийн циркт ажиллаж байсан “Circus Mongolia Khadgaa” циркийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Н.Дашдэндэв юм. Түүнийг монголчууд “Авьяаслаг Монголчууд 2018″ шоунд оролцсоноор нь андахгүй.

Тэрбээр хоёрдугаар ангийн сурагч байхдаа циркийн тоглолт анх үзсэн бөгөөд маш их таалагдсан учир ангийн багшдаа “Би циркчин болно” гэж хэлж орхисон гэдэг. Тун удалгүй есхөн настай бяцхан Дашка сургуулийн самбараас “Циркт бүртгэж байна” гэх зар олж хараад шууд бүртгүүлснээр циркийн урлагт эргэлт буцалтгүй оржээ. Түүнийг өнөөдөр “Circus Mongolia Khadgaa” циркийн жүжигчин, жонглёрчин, акробатчин, аварга могой тоглуулагч гэдгээр нь олон түмэн сайн мэднэ. Түүнтэй өөрийнх нь уран бүтээл, үзэл бодол, циркийн урлагт тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцлаа.

“ЦИРКЭЭС ЗАР ИРСЭН БАЙНА. ЧИ ОЧООД БҮРТГҮҮЛЭЭЧ"

-Таны хувьд  өдгөө 24 дэх жилдээ циркийн урлагт хүчин зүтгэж байна. Есөн настайдаа анх циркт бүртгүүлэхдээ өөрийнхөө амьдралыг бүхэлд нь тус салбарт зориулна гэж таамаглаагүй л байх даа?

-Би есөн настайдаа зарын дагуу циркт очиж бүртгүүлж байсан юм. Тухайн үед балчир байсан болохоор таны хэлж байгаа шиг төсөөлөл, таамаглал байгаагүй л дээ. Угаасаа багадаа их үсэрдэг, харайдаг, хурдан шаламгай хөдөлгөөнтэй хүүхэд байсан учраас манай арван жилийн багш “Циркээс зар ирсэн байна. Чи очоод бүртгүүлээч. Чамд яг сайн тохирно” гэж хэлж билээ. Тэгээд очиж бүртгүүлээд, шалгаруулалтад асуудалгүй тэнцсэн. Тэр цагаас хойш циркээс салаагүй. Намайг гардаж авсан анхны багшийг минь Гончигийн Батбаатар гэдэг. Тулах тэнцвэр, акробат, жонглёрын багш хүн. Багштайгаа 1995-2004 он хүртэл хамтдаа хичээллэсэн. Түүнээс хойш гурван жил Туркэд бэлтгэл хийгээд, 2006 оноос өөрөө бие даан тусдаа гарсан. Харин 2007 оноос хойш “Circus Mongolia Khadgaa” циркийнхэнтэй хамтарч ажиллаж байна даа. “Circus Mongolia Khadgaa”-ийн циркийн жүжигчид 2015 онд 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр Америкт төдийгүй дэлхийн номер нэг цирк байсан “The Ringling Bros and Barnum & Bailey” нүүдлийн циркт гурван жилийн турш 33 орны уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байсан арвин түүхтэй. Манай циркчдийн зарим нь олон улсад тоглолтуудаа хийж байгаа бол үлдсэн нь Монголдоо ажиллаж, амьдарч байна. Бид хамгийн сүүлд гэхэд энэ сарын 21, 22-ны өдөр хүүхдүүдэд зориулсан “Хүүхдийн зул сарын адал явдал” нэртэй тоглолтоо гадны 20 гаруй уран бүтээлчтэй хамтран үзүүлсэн.

-Циркчин бүрийн хүсэл мөрөөдөл болсон  “Ringling Bros & Barnum Bailey” нүүдлийн цирк чухам яагаад хаагдах болов?

-Америкийн алдартай циркийн эцэг компани гэгддэг “Feld Entertainment” 1964 онд 150 гаруй жилийн түүхтэй тус циркийг худалдаж авсан байдаг. Тэрнээс хойш энэхүү циркийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, 2017 оны тавдугаар сард хаагдсан. Ер нь тэгээд амьтны эрхийн асуудал хэд хэдэн удаа хөндөгдсөнөөс болж хаагдсан. “Ringling Bros & Barnum Bailey” нүүдлийн циркийн гол хүчин зүйл нь ерөөсөө амьтад. Заан, бар, арслан, тэмээ, морь, тэмээн хяруул, гахай, нохой, могой, шувуунууд, имж, лам гөрөөс, ямаа, хонь гээд бүх л амьтан байдаг байсан. Шоу тус бүрдээ бүтэн хоёр жилийн хөтөлбөрийн дагуу циркийн бүх жүжигчин, заан, морь, тэмээ, арслан, бар зэрэг амьтад болон бусад тоглолтын хэрэгслээ багтаасан 5-6 км урт галт тэргээр хотоос хотуудын хооронд нүүдэллэн тоглодог байлаа. Олон орны уран бүтээлчид хамтарч толилуулсан аялан тоглолт үнэхээр гайхалтай байсан.

-Та гадны циркчидтэй чамгүй олон жил хамтарч ажилласны хувьд өөрийн улстай харьцуулахад ямар ялгаа ажиглагддаг вэ?

-Хамгийн том ялгаа нь гадаадын циркчид нэгдэж чаддаг бол Монголын циркчид хоорондоо нэгдэж чаддаггүй.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Э.СОСОРБУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж