Үндэсний статистикийн хорооноос 2019 оны мал тооллогын урьдчилсан дүнг өнөөдөр /2019.12.27/ танилцууллаа. Монгол Улсын 2019 оны жилийн эцсийн мал тооллогын ажлыг арванхоёрдугаар сарын 7-17-ны хооронд улс орон даяар өрнүүлж дуусгажээ.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр 70 сая 949 мянган мал тоолуулсан болохыг албаныхан мэдээллээ. Энэ нь өмнөх оныхоос 4.5 сая толгой малаар буюу 6.8 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Урьдчилсан дүнгээр нийт мал сүргийн дотор
- Хонь 45.5 хувь
- Ямаа 41.2 хувь
- Үхэр 6.2 хувь
- Адуу 5.9 хувь
- Тэмээ 0.7 хувийг тус тус эзэлжээ.
2019 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр малын тоогоор тэргүүлж буй аймгуудыг жагсаавал /мянган толгой/
- Архангай аймаг 6 сая 166 мянган толгой мал
- Хөвсгөл аймаг 6 сая 37.3 мянган толгой мал
- Өвөрхангай аймаг 5 сая 625 мянган толгой мал
- Төв аймаг 4 сая 978.7 мянган мал
- Хэнтий аймаг 4 сая 867.6 мянган толгой мал тус тус тоолуулж тэргүүлсэн байна.
Түүнчлэн мал тооллогын урьдчилсан дүнгээр 233.2 мянган малтай өрх тооллогод хамрагдсан нь өмнөх оноос нэг хувиар өссөн үзүүлэлт болжээ. Мөн 285 мянган малчин тоологдсон ба нийт малчдын 40 хувь нь зээлтэй гэх статистик гарчээ. Зээл авсан малчдын 33 хувийг 35-44 насны малчид, 22 хувийг 25-30 насны малчид, 25 хувийг 45-54 насны малчид эзэлж байгаа аж.
Өнгөрөгч 2018 оны мал тооллогын жилийн эцсийн дүнгээр нийт малын тоо толгой 66.5 саяд хүрч, өмнөх оныхоос 241.2 мянган толгойгоор буюу 0.4 хувиар өссөн дүнтэй гарч байжээ. Мөн 2018 оны мал тооллогын дүнгээр, нийт 290 мянган малчдын 68.4 хувь нь Эрүүл мэндийн даатгал, харин Нийгмийн даатгалд малчдын 26.2 хувь хамрагдаж байсан бол энэ жил нийт малчдын 27.4 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан урвдчилсан дүн гарсан байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Холбоотой мэдээ