Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан байлдагч А цаг бусаар нас барсан харамсалтай хэрэг 2019 оны нэгдүгээр сарын 22-нд гарсан. Говьсүмбэр аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрөгч аравдугаар сард байлдагчийг дэглэсэн хэргээр А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамбуу нарт зургаагаас таван жилийн ял оноосон.
Тухайлбал, А.Энхбаярт эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, Р.Вандлхангаад эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, П.Бадамсамбууд мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын ял оноосон аж.
Гэвч Говьсүмбэр аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон ялыг өөрчилж, А.Энхбаярыг гурав, Р.Вандлхангааг гурван жил зургаан сар хорихоор магадлалд дурдсан байна. Харин П.Бадамсамбууг ялаас чөлөөлж, нэн даруй суллахаар шийдвэрлэжээ.
Хэргийн талаар эргэн сануулахад, Орхон аймгаас 2018 оны намрын ээлжээр татагдан очсон 19 настай байлдагч А нь өглөөний гүйлтэндээ гүйж байгаад унахад нь бусад нь түшиж цэргийн байранд оруулан, ус уулгасан ч хэсэг хугацааны дараа бөөлжиж, удалгүй нас барсан талаар мэдээлэл цацагдаж байв.
Э.АРИУН
Холбоотой мэдээ