"Би их романтик эмэгтэй"

Хуучирсан мэдээ: 2019.12.27-нд нийтлэгдсэн

"Би их романтик эмэгтэй"

"Би их романтик эмэгтэй"

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн залуу үеийн төлөөлөл болж яваа нэвтрүүлэгч Д.Одзаяатай ярилцлаа. Нэвтрүүлэгч бүсгүй өөрийн санаачилсан “Бэлэг” нэвтрүүлгээрээ сошиалд маш олон дагагчтай нэгэн.

Олонд танигдсан чадварлаг нэвтрүүлэгчдийн залгамж халааг төвөггүйхэн үргэлжлүүлж буй тэрбээр царай зүс, бие галбир хийгээд гоёл зүүсгэлээрээ цаг ямагт олны анхаарлыг татаж байдаг билээ. Шинэ жилийн баярын арга хэмжээний "эрэлттэй" хөтлөгчдийн нэг түүнтэй цаг товлон уулзаж, ярилцсанаа хүргэе.


-Хэдхэн хоногийн дараа шинэ жилийн баяр болох гэж байна. Баярын өдрүүдэд арга хэмжээний эрэлттэй хөтлөгчдийн нэг бол Д.Одзаяа. Арванхоёрдугаар сард хэр ачаалалтай ажилладаг вэ?

-За баярлалаа. “News.mn” сайтын уншигчдадаа шинэ жилийн баярын мэнд хүргэе. Миний хувьд арванхоёрдугаар сар маш их ачаалалтай байдаг. Бас том хүүгийн маань төрсөн өдөр болон миний төрсөн өдөр болдог. Ер нь би өглөөг гэр бүлдээ, өдөр нь зураг авалттай, оройн шинэ жилийн арга хэмжээ хөтөлж, шөнө нь нэвтрүүлгийнхээ монтажаа хийгээд нэг өдрийг тун завгүй л өнгөрүүлж байна.

-Шөнө унтдаг юм уу?

-Унтах цаг л олдохгүй байна даа./инээв/. Ер нь их ачаалалтай сар байдаг. Шинэ жилийн баяр хамгийн их ач холбогдол өгч тэмдэглэдэг баяруудын нэг. Хүмүүс шинэ жилийн баяртаа оролцох гэж ач холбогдол өгч догдолж бэлддэг бол миний хувьд шинэ жилийн арга хэмжээ хөтлөхийн тулд өдөр болгоныг догдлолтой өнгөрүүлж байна даа.

-Шинэ жилийн баярыг гэр бүлийн баяр ч гэдэг. Гэр бүлээрээ шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Гэр бүлийнхэнтэйгээ шинэ оноо угтаж, бусдын жишгээр оргилуун дарсаа буудуулна. Хэрвээ бид шинэ жилийн баярын өдөр тэгж их догдолж, баярлахгүй байсан бол энгийн л нэг өдөр шүү дээ. Бид өөрсдөө сэтгэл догдлон баярлаж, настер оруулдаг баярын өдөр. Манай гэр бүлийн хувьд шинэ жилээр гэлтгүй энгийн нэг өдөр ч гэсэн шинэ жил шиг уур амьсгалтай байхыг хичээдэг.

Заримдаа гэртээ амттай оройн хоол бэлдээд, дарс шимэн сууж сайхан уур амьсгалтай бүрдүүлнэ. Тийм учраас энэ баярын гол утга учир нь хүмүүсийн итгэл үнэмшил гэж боддог. Манай гэр бүлд баярын үдэш хайртай хүмүүстэйгээ сайхан уур амьсгалыг бүрдүүлж, өнгөрсөн жилийнхээ алдаа оноогоо ярилцаад, шөнийн 00.00 цагт хүслээ шивнээд оргилуун дарсаа буудуулж тэмдэглэдэг дээ.

-Хүслээ шивнээд гэснээс. Өнгөрч буй 2019 оны хүсэл нь биелэсэн үү?

-Би яг он солигдох мөчид хүслээ шивнэж байгаагүй юм байна. Ер нь миний хүсэл мөрөөдөл их биелдэг. Би тэрийг өөрөө мэдэрдэг. Яг жагсаалт гаргаж бичээгүй ч гэсэн маш олон хүсэл маань биелсэн.

-Нэвтрүүлэгч бүсгүй өөрийн сошиал хуудсаараа дамжуулан хүмүүст үргэлж бэлэг өгч баярлуулдаг. Тэгвэл өөрөө ямар бэлэг авах дуртай вэ?

-Зөвхөн надад зориулж, чин сэтгэлээсээ бэлдсэн бэлэг л авах дуртай. Би ер нь жижиг зүйлд ч гэсэн баярладаг учраас надад зориулж бичсэн жижигхэн захиа ч хөөрхөн санагддаг.

-Д.Одзаяагийн нэг өдөр маш завгүй өнгөрдөг юм байна. Ер нь эмэгтэй хүн амжилттай явахад юу чухал гэж боддог вэ?

-Ар гэр л маш чухал. “Сайн явж байгаа хүний ард сайн хань байдаг” гэдэг үнэн үгийг өөрийнхөө амьдрал дээр харж байна. Заавал ажилд нь орж туслахгүй ч тухайн хүнийг ажлаа хийх нөхцөл боломжийг нь бүрдүүлж, үр хүүхдээ асрах, гэр орныхоо ажилд туслах, ядаж оройтоод ирэхэд нь асуудал үүсгээд байхгүй байвал болоо шүү дээ. Эргүүлээд ханьдаа хаана явж байгаагаа тайлагнаж, зөв зүйл хийгээд явж байх ёстой. Миний хувьд яг л тэгдэг. Нөхөртэйгөө байнга ярилцаж, ямар ажил хийж бүтээгээд явж байгаагаа хэлж, хоорондоо сайн ойлголцдог. Энэ бол амжилтын маань хамгийн том үндэс гэж боддог.

Мөн хоёр талын аав, ээжүүд маань их тусалдаг. Хүн хэзээ ч ганцаараа амжилтад хүрнэ гэж байхгүй. Тийм учраас би ар гэрийнхээ дэмжлэгт маш их талархаж явдаг. Би өөрөө цахим орчинд их идэвхтэй хүн учраас үргэлж намайг дэмжиж хамт байдаг дагагчдаасаа их эрч хүчийг авдаг. Дашрамд, өдөр бүр гайхалтай сайхан урмын үгс илгээдэг дагагч, цахим орчны найзууддаа маш их талархаж явдгаа илэрхийлье.

-Өөрийгөө сошиал орчингүйгээр төсөөлж чадах уу?

-Тэгэлгүй яахав. Мэдээж МҮОНРТ-ийнхээ нэвтрүүлэгчийн ажлыг хийгээд явж байх байсан. Зөвхөн сошиал орчин миний амьдрал биш шүү дээ. Би анх МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч гэдгээрээ л олонд танигдсан. Тэр ажлаа одоо ч гэсэн хийж байгаа. Ойрд телевизээр гарахгүй байгаа болохоор хүмүүс “Чи телевиздээ ажиллахаа больчихсон юм уу” гэж их асууж байна. Би жирэмсний амралттай байгаа шүү.

-Хүмүүс нөхрийг нь “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин гэдгийг нь сайн мэднэ. Анх нөхөртэйгөө хэрхэн танилцсан тухай яриач?

-Би анх нөхөртэйгөө танилцахад Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан байсан. Манай хүн чинь “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин байлаа. Тухайн үед оюутны тухай дуу хийх болоод дөрөвдүгээр курсийн залуус клипний зураг авалтыг нь хийсэн. Надад клипний гол дүрд нь тоглох санал тавьсан юм. Тэгээд манай сургууль дээр тэр дууны зураг авалтыг нь хийж, бид анх танилцсан. Клипний зураг авалт нэг хоног үргэлжлэхгүй шүү дээ. Дөрөв, таван хоног үргэлжилж, бид хоёрын гэр ойрхон учраас Заяа намайг гэрт хүргэж, өгч авдаг байсан. Тэр цагаас л үерхэж эхлээд одоо хоёр хөөрхөн хүүгийн ээж, аав болсон байна. Бид гэр бүл болоод 12 жил болжээ.

-Та хоёрын хувьд үлгэр дууриалал болсон олны танил сайхан хос. Их романтик хос шиг санагддаг?

-Би өөрөө их романтик эмэгтэй. Багаасаа гэнэтийн бэлэг барих дуртай хүүхэд байсан. Манай ээж тийм хүн л дээ. Хүнийг хэлэхгүйгээр нууцаар баярлуулаад тэндээсээ аз жаргалыг мэдрэх дуртай хүн. Одоо бодохоор энэ зан чанар маань ээжээс минь улбаатай юм байна гэдгийг том болох тусмаа мэдрээд байгаа.

Манай хүн анх тийм романтик хүн байгаагүй. Заяа “Алтны дэргэдэх гууль шарлана” гэгч болж байна гэдэг юм. Хүнийг хайрлахдаа бие биенээсээ хайр хүлээхгүйгээр бие биедээ үлгэрлэн хайрлах ёстой гэж боддог. Би анхнаасаа сюрприз барих дуртай байсан учраас нөхөр маань эргүүлээд “Гэнэтийн бэлэг барих нь гоё юм байна” гэдгийг мэдэрч эхэлсэн.  Бид хоёр хоёулаа бие биенийхээ, харилцааныхаа төлөө хичээл зүтгэл гаргасаар гэнэтийн бэлэг барих дуртай болсон доо.

-Телевизийн нэвтрүүлэгч бүсгүй сошиалд өөрийн санаачилсан “Бэлэг” нэвтрүүлгээ бэлтгэн хүргэдэг. Маш олон дагагчтай.  “Бэлэг” нэвтрүүлгээ хийх санаа анх яаж төрж байсан бэ?

-Би нэвтрүүлгээ санаачилж хийгээд дөрөв дэх жилдээ болж байна. Анх олны танил болоход үйлчилгээний байгууллагуудаас “Манайхаар үйлчлүүлээч” гэдэг санал их тавих болсон. Тэр үед би “Яагаад би энэ газраар ганцаараа үйлчлүүлэх ёстой гэж” бодоод яаж хүнд түгээх вэ гэдэг үүднээс нэвтрүүлэг хийх санаагаа анх олсон. Тэгээд энэ бэлгийг хүмүүст бодитоор өгч, өөрөө дамжуулагч гүүр нь больё гэж бодсон юм. Гэхдээ би өдийг хүртэл ганцхан зарчим баримталж ирсэн. Би тухайн газрыг “Хамгийн сайн нь. Заавал энд үйлчлүүлээрэй” гэж 200 гаруй дугаар бэлтгэхдээ огт ярьж байгаагүй. Энэ л миний нэвтрүүлгийн жанжин шугам, үнэ цэнэ гэж боддог. Тэрнээс биш нэг газрыг гоё гэчихээд маргааш нь дахин өөр газрыг “Сайхан газар” гээд байвал ямар ч үнэ цэнэгүй шүү дээ. Энэ л үнэ цэнээ алдаагүй учраас үнэнч дагагчидтай болж чадсан. Нэвтрүүлэгт маань анх оролцож байсан байгууллагууд шинэ салбар нээж, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх тоолондоо нэвтрүүлэгт маань дахин оролцдог. Манай нэвтрүүлгээр орсны дараа шинэ салбараа нээж, өргөжихийг харах надад үнэхээр урамтай байдаг.

Хэдийгээр тэр байгууллагын сурталчилгааг хийж байгаа ч цаана нь маш олон хүний ар гэр, үйлдвэрлэл явагдаж байгаа. Дээрээс нь дагагчид маань нэг төгрөг ч гаргалгүй олон сая төгрөгөөр гадаадад сурах хүртэлх бэлгийг авч байгааг харах сайхан байдаг. Анх сошиалд бэлэгтэй лайв гараагүй байх үеэс л нэвтрүүлгээ санаачилж хийсэн учраас нэвтрүүлэгтээ маш их хайртай.

-Телевизийн нэвтрүүлэгчийнхээ ажлын хажуугаар нэвтрүүлэг бэлтгэхэд чамгүй бэрхшээл гарч байсан тухайгаа өөрийн пэйж хуудаснаа бичсэн байсан. Шантрах үе гарч байв уу?

-Анх нэвтрүүлгээ хийж байхад ажлын зүгээс ямар нэгэн асуудал байгаагүй л дээ. Ажлын уран сайхын зөвлөлөөс “Хэт жижиг газрыг битгий сурталчлаарай” гэдэг саналыг л тавьж байсан. Тэгээд нэвтрүүлэг маань нэлээд эрчээ авч, олон хандалттай болоод эхэлсэн чинь удирдлагын зүгээс давхар нэвтрүүлэг хийлгэхгүй, сошиал хуудсаар дамжуулан пост хийлгэхгүй гэдэг шаардлагыг тавьж эхэлсэн. Үүнээс үүдэн зөрчил гарч байсан. Энэ асуудлыг хуулийн дагуу судалж, гарц гаргалгааг гаргаж чадсандаа баяртай байдаг.

Мөн дээрээс нь нэвтрүүлгээ хийхдээ бичлэг хийгээд болчихдоггүй. Нэвтрүүлэг маань эхлэл, өрнөл, төгсгөлтэй. Бас шторктой, дундуур нь хүмүүсийг зөв зүйлд уриалдаг гэдгээрээ онцлог. Би нэвтрүүлэг болгон дээр шинийг санаачлах хэрэгтэй болдог. Нэвтрүүлгийн 10-хан секундын хөөрхөн хөгжилтэй шторкоор тухайн газрын онцлог давуу талыг яаж гаргаж ирэх вэ, энэ газар өмнөх орсон газраас юугаараа ялгаатай вэ гэдгийг гаргаж ирдэг учраас хүмүүст сонирхолтой байдаг байх. Тэрнээс биш яг өмнөх нэвтрүүлэгтэйгээ адилхан хэлбэр, хийцтэй хийвэл хэнд ч сонирхолгүй. Тийм учраас нэвтрүүлгээ сонирхолтой байлгахын тулд өдөр болгон өөрийгөө хөгжүүлж, шинийг эрэлхийлж, тухайн газрынх нь маркетингийн менежер шиг ажиллахыг хичээдэг.

Хүн л болсон хойно хүүхэд өвдөхөөс эхлээд л ар гэрийн асуудал, томилолт гээд олон асуудал гарч  байсан ч өнгөрсөн хугацаанд долоо хоногийн нэг дэх өдөр бүр нэвтрүүлгээ таслалгүй хүмүүстээ хүргэж ирсэн. Үүнд гар нийлсэн багийнхны маань ч ач тус маш их байгаа. Аливаа зүйлийг тогтмол, тасралтгүй хийнэ гэдэг нь өөрөө брэндинг үүсгэх том шалгуур байдаг гэж анх нэвтрүүлгээ хийж эхлэх үедээ нэг номноос уншиж байсан юм. Тэр үг миний толгойноос хэзээ ч гардаггүй. Тийм учраас олон хүний өмнө үүрэг хүлээсэн мэт хариуцлагатай ажилладаг.

-Тэгэхээр нэвтрүүлэгч бүсгүй маань ажилтан цалинжуулдаг гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Би багийнхандаа маш сайн цалин өгдөг. Тэр хэмжээгээрээ маш сайн баг болж ажилладаг. Хүнийг ажиллуулж байгаа бол урам зоригтой, ажлаа хийх дуртай байтал нь ажлуулах ёстой шүү дээ. Би өөрөө ажилдаа дуртай учраас манай багийнхан бас тийм байгаасай гэж хүсдэг.

-“Бэлэг” нэвтрүүлгээ телевизийн нэвтрүүлэг болгох талаар бодож байв уу?

-Надад өмнө хэд хэдэн телевизээс “Нэвтрүүлгээ телевизийн нэвтрүүлэг болгох уу” гэдэг санал тавьж байсан. Миний хувьд “Бэлэг” нэвтрүүлэг маань сошиал орчинд л хийвэл зохилтой нэвтрүүлэг юм шиг санагддаг. Би телевизийн форматаар нэвтрүүлэг хийвэл илүү том ярилцлагын нэвтрүүлэг хийх байх. “Бэлэг” нэвтрүүлэг тавхан минутад олон зүйлийг агуулж чаддаг. Би өөрөө нэвтрүүлгийнхээ бүхий л монтажийг хийдэг учраас 25 минутын яриаг хоёр минут болтол нь танасан ч нэвтрүүлгийнхээ гол утга санааг алдагдуулдаггүй. Телевизийн нэвтрүүлэг болговол олон хүний санаа ороод явчихна шүү дээ.

-Хийж буй зүйлдээ чин сэтгэлээ зориулж чаддаг бүсгүй юм шиг санагддаг?

-Баярлалаа. Ер нь тэгэхийг л хичээдэг. Би тухайн хийж буй ажилдаа сэтгэлээ шингээхийг хүсдэг. Одоо би энд арга хэмжээ хөтөлж байвал энэ ажилдаа л анхаарч, ажилладаг. Тэрнээс биш “Эндээс гараад тийшээ явах ёстой шүү дээ” гээд байдаггүй. Би нэвтрүүлгээ хийж байхдаа ч гэсэн аз жаргалтай байдаг. Эсвэл би инээд муутай хүн байж магадгүй. /инээв/ Гэхдээ ер нь ажлаа нарийн төлөвлөчихвөл бүр амар байдаг.

Миний хийж буй ажлууд дандаа хүмүүсийг баярлуулж байдаг. Заримдаа шантрах үе гарна. Тэр үедээ өөртөө “Зөв юм хийж байгаа юм чинь тэрний төлөө ийм золиос гарна шүү дээ” гэж урам өгдөг.

-Багаасаа дипломатч болох хүсэл мөрөөдөлтэй охин хэрхэн телевизийн урлагт хөл тавьсан тухайгаа ярихгүй юу?

-Би багаасаа гадаад хэлний авьяастай хүүхэд байсан учраас дипломатч болох мөрөөдөлтэй байсан. Бас аав маань амьд сэрүүн ахуйдаа гадаад харилцааны чиглэлийн удирдах албан тушаал хашиж байсан юм. Би гуравдугаар курст суралцаж байхдаа МҮОНРТ-д “ММ Today” гадаад нэвтрүүлгийн албанд англи хэлний орчуулагчийн дадлагаа хийсэн. Тэгээд анх телевизийн урлагтай танилцаж, татагдсан юм. Их сургуулиа төгсч, дипломаа аваад маргааш нь шууд МҮОНРТ-д шалгуулж байлаа. Одоо телевиздээ ажиллаад есөн жил болж байна.

-Нэвтрүүлэгч бүсгүйн түргэн хэллэгийг маш тод, ойлгомжтой байдлаар уншсан бичлэг сошиалд чамгүй шуугиан тариад амжсан. Тэр бичлэг нь мэдээний өмнөх сургуулилт байсан юм уу?

-Надад тэр түргэн хэллэгийг хэлж чадна гэдэг итгэлийг өгсөн уран сайхны удирдаач Ш.Ёолк, Б.Баяр ах нартаа их баярлаж явдаг. Тэрнээс биш би түргэн хэллэг хэлдэг хүн биш шүү дээ. Тэд маань “Чи л чадна. Хамгийн гол нь түргэн хэллэгийг утга зүйн алдаагүй уншина шүү. Хэн ч хурдан уншиж чадна. Хурдан мөртлөө хүнд ойлгомжтой, утгын фаузтай, мэдээ хэлбэрээр хэлнэ шүү. Тэгээд чамайг шалгаж үзье” гэсэн. Би маргааш нь ирээд шалгуулсан чинь “За болж байна. Биччих” гээд студи руу орж бичүүлсэн. Анхны бичлэгийг Б.Баяр найруулагч өөрийн фэйсбүүк хуудаснаа тавьснаар сошиалд цацагдсан. Тэрнээс биш “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн бэлтгэл сургуулилт бол  биш. Надад зориулж тухайн текстийг бичсэн юм. Сүүлд Радио телевизийн дээд сургуулийн оюутнуудад энэ текстийг хэл зүгшрүүлэх маягаар ашигладаг болсон байна лээ.  Харин орос түргэн хэллэгийн тухайд багадаа орос сургуульд сурч байсан учраас өөрийгөө сорих маягаар туршиж үзсэн юм.

эвтрүүлэгчээрээ ажиллахаас гадна томоохон байгууллагуудын сурталчилгааг хийдэг Д.Одзаяаг үнэтэй машин унаж, тансаг байранд амьдардаг гэдэг. Гэр бүлийнхэн нь ямар хүмүүс байдаг вэ?

-Манайх бол жирийн л нэг сэхээтэн айл. Ээж, аав маань өөрсдийнхөө хөдөлмөрөөр амьдралаа босгосон хүмүүс байдаг. Би багаасаа хөдөлмөрийн үнэ цэнийг сайн мэднэ. Хүн хөдөлмөрлөж чадвал эдэлж хэрэглэж чадах л байх. Тэр бол чухал биш зүгээр хэрэглээ. Би хангалттай нойр хоолгүй хөдөлмөрлөж байна. Тэр хэмжээнийхээ үр ашгийг хүртэж байна гэж боддог. Өөрийнхөө гараар амьдралаа босгож, хүссэнээр амьдарч байна.

Би иргэний үнэмлэхээ авсан цагаасаа л нөхөртэйгөө учирсан. Залуу хос хамтдаа хөдөлмөрлөж, амьдралаа босгож байгаа учраас гайхуулаад байхгүй ч хаацаалж, нуугаад байх зүйл байхгүй гэж боддог.

-Амьдралын зорилго, мөрөөдөл гэвэл?

-Би өөрийнхөө дураар амьдрах дуртай хүн. Юманд хайрцаглагдаад байхыг хүсдэггүй. Өнөөдөр ажилтай байсан бол гэнэт маргааш нь аялаад явж магадгүй. Миний хамгийн эцсийн зорилго бол дэлхийгээр аялах. Тэрнээс биш “Тийм бизнес хийж, мундаг хүн болно” гэж хүсдэггүй. Зүгээр л гэр бүлээрээ аялж, амьдралынхаа дурсамжийг бүтээж амьдрахыг хүсдэг. Одоо миний ажиллаж байгаагийн үр дүн эргээд хэдэн жилийн дараа гэр бүлээрээ юунд ч санаа зовохгүйгээр аялаад амьдрах үнэ цэнийг бүтээнэ гэдэгт итгэж хөдөлмөрлөдөг.

-Нэвтрүүлэгч Д.Одзаяа маань дэгжин, үзэсгэлэнтэй бүсгүй шүү дээ. Өөрийг нь юу чимдэг гэж боддог вэ?

-Эмэгтэй хүн дотоод баяр баясгалан, сэтгэл тайван амьдарч байвал тэр хамгийн том аз жаргал бас чимэг гэж боддог. Гэтэл хэчнээн үнэтэй брэндээр гоёсон ч тэр эмэгтэй аз жаргалыг мэдэрч чадахгүй бол үзэсгэлэнтэй байж, гэрэлтэж чадахгүй шүү дээ. Миний хувьд өөрийн инээмсэглэл, нүдээрээ гоёх дуртай.

– Өмнө нь “Надын аав мангар” инээдмийн кинонд тоглож байсан шүү дээ. Ер нь кинонд тоглох санал хэр ирдэг вэ?

-Кинонд тоглох санал их ирдэг. Ялангуяа энэ жил олон ирсэн. Би мэргэжлийн хүмүүс нь мэргэжлийнхээ ажлыг хийх ёстой гэж боддог.Тийм учраас өөр мэргэжил рүү үсчиж, юм болгонд оролцохыг хүсдэггүй. Мэргэжлийн сайхан уран бүтээлчид олон байна шүү дээ. Гэхдээ юмыг яаж мэдэхэв эмэгтэй хүн бүрийн хүсч мөрөөддөг дүрийн санал ирвэл өөрийгөө дайчлахыг хүсэх л байх.

-Тун удахгүй шинэ оноо угтан авах гэж байна. Шинэ жилийн баярын мэндчилгээгээр ярилцлагаа өндөрлөх үү?

-Шинэ оноо угтах гэж буй энэ догдлолтой өдрүүдэд зорьж ярилцлага авч байгаа “News.mn” сайтынхаа хамт олонд баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.  Уншигчдадаа хүсч явдаг бүх зөв хүсэл нь биелж, ирэх ондоо амжилт, бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе. Манайхан бодлоо үргэлж зөв эерэг байлгаарай.

Гэрэл зургийг Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
99
ЗөвЗөв
25
ХөөрхөнХөөрхөн
8
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж