Мэндчилгээ: УБТЗ түүхэн дээд амжилтаар шинэ оноо угтаж байна

Хуучирсан мэдээ: 2019.12.27-нд нийтлэгдсэн

Мэндчилгээ: УБТЗ түүхэн дээд амжилтаар шинэ оноо угтаж байна

Мэндчилгээ: УБТЗ түүхэн дээд амжилтаар шинэ оноо угтаж байна

Амжилт бүтээлээ мандуулсан, алдар нэрээ цууриатуулсан, удаан жилийн зузаан түүхтэй   “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өмнөөс болон хувиасаа  айлчлан ирж байгаа шинэ жилийн баярын мэндийг Та бүхэнд өргөн дэвшүүлье.

Улиран одож байгаа 2019 он бол УБТЗ-ын хамт олны хувьд түүхт 70 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн түүхэн тэмдэглэлт жил байлаа. “Улаанбаатар төмөр зам” ХНН үүсч хөгжсөний 70 жилийн түүхт ойгоо угтаж манай төмөр замчид олон бүтээлч ажлыг өрнүүлж, бахдам амжилтуудаар бэлэг барьж, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

2019 онд УБТЗ-ын хамт олны гаргасан амжилт бүхэн түүхт ойдоо барьсан бидний бэлэг юм.

2019 онд ачаа тээврийн гол үзүүлэлтүүд давж биеллээ. Энэ жил манай төмөр замчид 28 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилтаа улам ахиуллаа. Мөн манай улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоо 1450 хүрээд байна. Эдгээр амжилт нь манай төмөр замчдын нөр их хүч хөдөлмөрийн үр дүн юм.

Мөн эдгээр амжилтаас гадна УБТЗ-ын хамт олны Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтад оролцох оролцоо эрс нэмэгдлээ. Манай төмөр замчид Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр замыг богино хугацаанд чанарын өндөр үзүүлэлттэй барьж хүлээлгэн өгсөн нь өндөр ач холбогдолтой үйл явдал болсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. УБТЗ-ын хамт олны мэдлэг, чадвар, туршлагыг төр, засаг өндрөөр үнэлж дараагийн том бүтээн байгуулалт болох Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг барих ажилд татан оролцуулахаар болсон. Энэхүү бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж манай төмөр замчид Зүүнбаянд үе угсрах бааз шинээр байгуулж, замаа эхнээс нь тавьж эхлээд байна.

УБТЗ-ын хамт олны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар, бизнес эрхлэгчид өндрөөр үнэлж 2019 онд Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэгээр дахин шалгаруулсан нь манай төмөр замчдын хөдөлмөр зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж дэмжиж байдгийн илрэл юм. УБТЗ-ыг төр, засгийн зүгээс дэмжиж байдгийн хамгийн том бодит жишээ бол 1998 оноос хойш 20 шахам жил УБТЗ-ын өөрийн хэрэгцээнд импортоор оруулж ирсэн дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлж, татварт төлсөн 73,8 тэрбум төгрөгийг илүү төлсөн татварт тооцох шийдвэрийг УИХ, Засгийн газраас энэ жил гаргасан явдал юм. Энэхүү шийдвэр нь УБТЗ-ын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал дэмжлэг боллоо.

Энэ жил бид нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх чиглэлээр чамгүй их ажил хийж гүйцэтгэлээ. Гол замдаа 36,2 километр замын их засварын ажил хийлээ. Сүхбаатар, Рашаант өртөөг өргөтгөлөө. Мөн СИРДП-Е-ийн төслийн ажил амжилттай хэрэгжиж дууслаа. Энэхүү төсөл хэрэгжсэнээр өртөө хоорондын замд хэд хэдэн галт тэрэг ар араасаа аялах бололцоотой болж УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадал 20-30 хувь нэмэгдэх юм.

“УБТЗ” ХНН нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ жил төмөр замчид болон тэдний гэр бүл, үр хүүхдийн нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэндийн асуудалд анхаарч тодорхой ажлууд хийлээ. Орхон, Мааньт өртөөнд 24 айлын орон сууц, Сүхбаатарт 180 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барьж, эмнэлгийн тусламж үйлчилгээг төмөр замчид тэдний гэр бүл, үр хүүхдэд хүртээмжтэй, хурдан шуурхай хүргэх зорилгоор хөдөлгөөнт эмнэлгийн анхны 2 вагоныг шугам замаар аялуулж, эмнэлгийн урдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийлээ. Цаашид дахин 4 вагоныг эмнэлгийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглож иж бүрэн хөдөлгөөнт эмнэлгийг байгуулах төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна.

Замын захиргаа төмөр замчдынхаа амьдралын түвшинг сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх үүднээс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үндсэн цалинг нь 10 хувиар нэмээд байна. Мөн 2019 оны жилийн ажлын үр дүнгийн шагналт цалинг нь 200 хувиар тооцож олгохоор боллоо. “УБТЗ” ХНН нь  сүүлийн 3 жил дараалан жил бүр нийт төмөр замчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлж ирсэн бөгөөд 2016 оноос хойш УБТЗ-ын ажилтнуудын дундаж цалин 30 шахам хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн шинэ оны босгон дээр уламжлал ёсоороо анх удаа зээлийн орон сууцанд хамрагдаж байгаа 40 төмөр замчинд тус бүр 4 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Ийнхүү бахдам сайхан амжилтаар манай төмөр замчид шинэ оноо угтаж байна.

Та бүхэнд айлчлан ирж байгаа шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье.

         УБТЗ-ЫН ДАРГА                                        Д.ЖИГЖИДНЯМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж