“Гэрэлт ирээдүйн” кхмер хувилбар

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

“Гэрэлт ирээдүйн” кхмер хувилбар

Пол Пот өөрийн дэглэмийн гол түшиг нь пролетари анги биш тариачид гэж тооцож байснаараа Ленин, Сталинаас ялгаатай. Гэлээ ч коммунист загварын тийм хувилбар бас мухардал байсан юм.
Камбожид Пол Потын дэглэм тогтсоны дараа эхэлсэн нийгмийн өөрчлөл нь харгислал ба хүмүүнлэг бусаараа Мао, Гитлер, Сталины хийж байсан адилхан туршилтуудаас даван гарсан юм. Фото (Creative Commons license): kevin rawlings

Ард түмэн бүрт өөрийн гашуудлын өдөр бий. Тэр нь Камбожийн хувьд дөрөвдүгээр сарын 17-ны өдөр. Тэртээ 1975 оны энэ өдөр тус орны  засгийн эрх Пол Потын (Saloth Sar, 1928-1998) удирдсан коммунистуудын хэт харгис “улаан кхмерүүд” жигүүрт иржээ. Гурван жил гаруй хугацаанд тус улсад нийгмийн асар том туршилт хийгдэж, цэцэглэн хөгжиж байсан орон дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болон хувирсан билээ. Дэглэмийн хэлмэгдэгсдийн тоо өнөөг хүртэл тогтоогдоогүй. Янз бүрийн мэдээллээр тэр цагт тус орны хүн амын дөрөвний нэг буюу 1,5-2 сая хүн хөнөөгдсөн гэдэг.

Улаан чөлөөлөгчид
Тэр үед тус улсын улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй, Америкийн талыг баригч генерал Лон Нолын (Lon Nol, 1913-1985) 1970 онд тогтоогдсон дэглэм ихэнхийн дэмжлэгийг алдаад байлаа. Үйлдвэрлэл, худалдаа унаж, төсвийн алдагдал өсөн авлига газар аваад байсан юм. Байлдааны гол ажиллагаа Лаос,  Вьетнамын нутаг дэвсгэрт явагдаж байсан ч Хо Ши Мины (Hồ Chн Minh, 1890-1969)  партизануудаас “цэвэрлэх” Америкийн сүйрлийн бөмбөгдөлтөд Камбож тогтмол өртөж энгийн иргэд хохирлыг ихээр амсаж байлаа. Гэсэн ч “доллар дээр заларсан” Лон Нол нүдээ аниад л сууж байлаа.
Энэ бүгдээс улбаалан тус оронд Камбожийн маоист “улаан кхмерүүдийн” (камбожчууд өөрсдийгөө кхмерүүд гэдэг) толгойлсон коммунист хөдөлгөөн алдаршиж байсанд гайхах зүйлгүй. Тэд Америкийн талыг баригч “тоглоомын”  гэх дэглэмийг унагах эвлэршгүй, эргэж буцалтгүй санаатай байлаа. Тэнд партизаны дайн эхлэн жилээс жилд “улаан кхмерүүдийг ялалтад улам бүр ойртуулж байлаа.
Камбожийн коммунистууд өөрийн тэмцэлдээ ганцаараа байгаагүй нь үнэн. Тэднийг Хятад, Хойд Вьетнам идэвхтэй дэмжиж байсан юм. Энэтхэг-Хятадын хойгт Америкчууд өөрсдийн байр сууриа аажмаар алдан 1973 оноос тэд булаан эзэлсэн нутгаасаа цэргээ гаргаж эхэлжээ. Тэдний дэмжлэггүйгээр Лон Нол коммунистуудад эсэргүүцэл үзүүлж чадахгүй болсон учир 1975 оны дөрөвдүгээр сарын 1-нд генерал хамсаатнуудынхаа хамт нутгаа орхин дүрвэжээ. Харин дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Пномпень хотынхон танк, хуягтаар хотод орж ирсэн чөлөөлөгч “улаан кхмерүүдээ” угтан гудамжнаа гарцгаалаа. Ард түмэн дайн самуунаас ядарч, найдлагаа улаан кхмерүүдэд өгсөн байлаа.
Камбож эрт дээр цагаар газар тариалангийн орон байв. Түүн дээр л “улаан кхмерүүд” өөрийн эдийн засгийг байгуулахаар шийдсэн аж. Гэсэн ч тэдний тариалангийн асар их амбицтай төлөвлөгөө нь бүтсэнгүй. Фото (Creative Commons license):   International Rice Research Institute.

Коммунист туршилт

Камбожчууд удаан баярлаж чадсангүй. Пномпенийг эзэлсэн “улаан кхмерүүд” бараг л тэр даруйдаа хөдөө орон нутагт хүүхэд, хөгшид,  өвчтэй, тахир дутуу  хүмүүсийг оролцуулаад хотын оршин суугчдыг нүүлгэхээр зарлав. Хотын ихэнх хүмүүсийг 72 цагийн дотор хөдөө аж ахуйн албадан ажилд хөдөө хөөлөө. Том хот сууринд ч энэ ажиллагааг бас явуулсан юм. Дөнгөж Ардчилсан Кампучиар зарлагдаад байсан улсын ерөнхий сайд болсон Пол Пот “Хот бол хувьсгалын эсэргүү нарын үүр. Хувьсгалын гол хүчин нь тариачин анги” гэж радиогоор зарлав. Хот сууринд цэргийнхэн ба үйлдвэрийн ажилчид шинэ засгийн түшмэлүүд л үлдсэн байв.
Хотоос нүүлгэгдсэн камбожчууд хөдөөгийн оршин суугчид шиг хөдөлмөрийн коммуна болон зохион байгуулагдаж, цагаан будаа ургуулах ёстой боллоо. Шинэ дэглэм Кампучийг хөдөө аж ахуйн хүчирхэг орон болгохоор шийдсэн аж. Сургууль, эмнэлэг, их сургуулиуд, театр бүгд л хаагдлаа. Жилийн дотор  улс орон нь  асар том хөдөлмөрийн лагерь болон хувирч, хүмүүс 12 цагаар халуун наранд хөдөлмөрлөж байжээ.
Хүн ардаа “хуучин” буюу үндсэн, “шинэ” гэж хоёр ангилсан юм. Эхний ангилалд нь тариачид болон “улаан кхмерүүд” партизаны дайн хийж байхдаа хянаж байсан ойн болон зүүн бүсийн нутаг дэвсгэрийн хүмүүс багтсан байв. Тэр нутгийнхан цаг ямагт талынхнаас муу амьдралтай байсан учир уламжлалаар тэнд муу хандаж  иржээ. Тэр боловсрол багатай, мэдлэг байхгүй хүмүүс л полпотчуудын армийн болон намын боловсон хүчнийг бүрдүүлжээ.
Хоёрдугаар ангилалд нь Лон Нолын дэглэмийн хяналтад байсан нутгийн хүн ард хамрагдлаа. Тэд Америк дайсантай холбоотой байсан гээд “шимэгч ургамал” гэж нэрлэгдээд тус улсын нийгэм, улс төрийн дайснууд болов. Энэ ангилалд Америкийн бөмбөгдөлтөөс зугтан хил орчмын районоос хотод  орж ирсэн олон тооны тариачид багтсан байв. Тэд бүгд л  ямар ч эрхгүй болсон ба тэднээс олон хүнийг буудан хөнөөж, шоронгуудыг тэднээр дүүргэсэн байв. Сэхээтнүүд, оюутнууд, багш, эмч, эрдэмтэд мөн шашны зүтгэлтнүүд хуулиас гадуур тавигдсан учир хүмүүс боловсролоо нууж байсан юм. Тэд цаазаар авахдаа хүртэл сум хэмнэх үүднээс хүрз малтуураар тархийг нь цөм цохин хөнөөж, хаядаг байлаа. Жаахан хүүхдүүдэд дайсны элгээ идэх нь зориг оруулдаг гээд хүний маханд тэдний оруулсан байв. Мах идэх гэсэн нэгэн өлсөхөөрөө тааралдсан хүнээ бариад цаазлан элгийг нь шараад идчихдэг байжээ.
“Улаан кхмерүүд” улс орноо гадаад ертөнцөөс бараг тусгаарласан байлаа. Олон орны Элчин, төлөөлөгчдийн газрууд хаагдан ажилтнууд нь тэндээс гарсан байв. Зөвхөн Хойд Солонгос, Хятад, Лаос, Румын Кубын Элчин сайдын яамд л ажилтай байжээ.
“Улаан кхмерүүдийн” лидер Пол Пот өөрийн замаа их сургуулийн даруухан багшаар эхэлсэн гэдэг. Харин түүхэнд өнгөрсөн зууны хамгийн харгис дарангуйлагч гэж үлдэв. Фото: ИТАР-ТАСС

Хэрхэн дарангуйлагч болох вэ?
Түүхэнд хувьсгалчийнхаа Пол Пот  нууц нэрээр орсон тэр хүн Салот Сар  1925 оны тавдугаар сарын 19-нд чинээлэг тариачин айлд төржээ. “Улаан кхмерүүдийн” ирээдүйн удирдагч олон талын муугүй боловсрол эзэмшсэн аж. Эхлээд буддын хийдэд дараа нь Францын католик коллежийг дүүргэв. Салот Сар 1949 онд Засгийн газрын зардлаар Францад сурахаар явжээ. Тэнд л залуу оюутан марксизмын үзэл санааг сонирхож өөрийн хамтран зүтгэгч болсон  Иенг Сарийн (Ieng Sary) хамт хувьсгалт бүлгэмд суралцаад 1952 онд Францын коммунист намд  (Parti communiste franзais) гишүүнээр элссэн байна.
Тэр үеэр камбож оюутнуудын гаргаж байсан сэтгүүлд Салот Сарын “Хаанчлал эсвэл ардчилал” нэртэй өгүүлэл гарч тэрээр өөрийн хэт даврагч улс төрийн санаагаа цухуйлгасан байлаа. Ирээдүйн дарангуйлагч Сталин, Ленин ба Мао (Mao Zedong, 1893-1976) нарын санааг сайн мэднэ. Хэсэг хугацааны дараа өөрийн тэр санаагаа эх орондоо хэрэгжүүлэх гэсэн билээ.
Салот Сар зөвхөн  улс төрийн уран зохиол сонирхоогүй тэрээр Францын сонгодог уран зохиол нэн ялангуяа Руссогийн (Jean-Jacques Rousseau, 1712-1778), бүтээлийг шүтэхээс гадна  Луи Арагон (Louis Aragon, 1897-1982) ба Эжен Гильвикийн (Eugиne Guillevic, 1907-1997) шүлгүүдийг чээжээр мэддэг байлаа.
Залуу эр 1953 онд Францад сургалтаа зогсоож эх орондоо ирээд их сургуулийн багшаар чимээгүй ажиллаж байлаа. Жараад оны эхээр тэр улс төрд орж ирээд хэт даврагч зүүний байгууллагын үзэл сурталч нь болсон ба тэр нь хожим “улаан кхмер” болжээ. Пол Пот 1963 онд Кампучийн коммунист намыг толгойлоод өмнөх бараг бүх удирдлагыг хүйс тэмтэрсэн байлаа. Тэр лидер болсноор “улаан кхмерүүд” зүүний хөдөлгөөний тэргүүнд гарч ирсэн байна. Иргэний дайнд тэд ялснаар өөрийн лидерийг Камбожийн захирагч болголоо.

Ангигүй нийгэм дэх амьдрал
Шинэ улс дахь камбожчуудын амьдрал улам улам хүндэрч байлаа.”Улаан кхмерүүдийн”  Засгийн газар 1976 өргөн цар хүрээтэй дөрвөн жилийн төлөвлөгөө батлан цагаан будааны тариаланг өмнө байгаагүй их хэмжээнд хүргэнэ гэлээ. Цагаан будааны талбайд ажиллаж байсан хүмүүс өлсгөлөн, өвчнөөр хэдэн зуугаараа хиарч байв. “Улаан кхмерүүд” хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байлаа. Тэд тариалангийн талбайд ажиллаагүй ч мөн хүн ажил хийж байлаа. Сургуулиуд хаагдсан тул тэднийг улс төрийн хичээлээр л хүмүүжүүлнэ.
Ардчилсан Кампучид хувийн амьдрал бараг хоригдсон байв. Хурим нь хүртэл хамтынх болжээ. Сүйт залуус бүсгүйчүүдийг цуглуулаад нам нь хэн нь хэнтэй гэрлэхийг тушааж, хосууд эцсээ хүртэл үнэнч байх тангараг өргөнө.  Тэдэнд арай илүү нормын хоол өгч хэд хоног цуг байлгаад тариан талбайдаа явуулдаг байлаа. Хэрэв бүсгүй ноогдсон нөхрөөсөө татгалзвал түүнийг хатуу цээрлүүлнэ. Хатуу шалгалтаар гэрлэсэн хосууд өнөөг хүртэл хамт амьдарч байгаа жишээ бий. Жишээлбэл, өнөөгийн ерөнхий сайд Хун Сен (Hun Sen) дарангуйллын үеэр намын тушаалаар ноогдсон эхнэртэйгээ цуг амьдарч байна.

Дарангуйллын пресс
Ардчилсан Кампучид бусад дарангуйлагч орнуудын адил шорон, байцаах төвүүдийн салаалсан сүлжээ байгуулагдсан байв. Нийтдээ 200 орчим  цээрлүүлэх байгууллага байлаа. Гэсэн ч тэнд зай  үргэлж дутагдана. “Улаан кхмерүүд”  хүн бүрийг шахуу л дайснаа гэх учир шорон дутагдах нь аргагүй биз. Эрх баригч намын дотоодын гол дайсан нь Лон Нолын дэглэмтэй  ажиллаж байсан хүмүүс. Дээр нь үндэсний цөөнх ба уугуулууд чам, вьетнам үндэстнүүд орно. Мөн гадны дайсан байлгүй яахав. Хэнийг ч Тайландын, Вьетнамын, Зөвлөлтийн тагнуултай холбоотой гээд буруутгаж болно. Тэдний тоонд жирийн иргэдээс гадна эрх баригч намын гишүүд ч байна. Намдаа тогтмол цэвэрлэгээ явуулдаг байсан юм. Гурван жил хагасын дотор эх орноос урвасан гэх хэргээр хагас сая хүнийг цаазалсан байлаа.
Дэглэмийн гол шорон S-21, буюу Туол Сленг  Пномпень хотод байв. Нийслэлийн нэг сургууль байсан байранд уг шоронг байрлуулан хүмүүсийг тэнд хорихоос гадна тамлан байцааж, үй олноор нь цаазалж байлаа. S-21 шоронгийн цөөхөн хоригдлууд л дэглэмийн унасны дараа амьд үлдсэн байв. “Улаан кхмерүүд” өөрсдөө тэндээс нэг ч хүнийг суллаж байсан түүхгүй.
“Улаан кхмерүүд”-ийн гол шорон  Туол Сленг өнөөдөр хоморголон устгалтын музей болсон байна. Жил бүр олон  хүн ирж Камбожийн түүхийн хар хуудасны гэрчтэй танилцдаг. Фото (Creative Commons license): Allie Caulfield
Шоронд ирсэн хүн бүрээс тэдний намтрыг дэлгэрэнгүй бичин авч зургийг нь авдаг.Дараа нь тэдний 1х1,5 метрийн зайтай өрөө гэгчид хорино. Тэнд хичнээн хүн байсан ч хоорондоо ярилцахыг эрс хориглосон байв.
Өдөр бүр S-21 шоронд тамлан байцааж, хэрэгтэй гэсэн мэдүүлэг авахын тулд цахилгаанд цохиулж, хумсанд нь зүү шааж, хутга ба дал модны хурц навчаар зүсэн хэрчиж байлаа. Пластик уут толгойд нь углан боогдуулах, тамхины галаар түлэх хөлөөс нь өдөржин дүүжлэх нь “улаан кмерүүдийн” дуртай тамлал. Тийм тамлалын дараа ямар хэргийг хоригдлууд хүлээхэд бэлэн байв.
Өдөр бүр шоронгийн хашаанд бөөнөөр нь цаазална. Галт зэвсгээ хэмнээд тэднийг зээтүүдэн хөнөөдөг байжээ. Эхлээд цаазалсан хүмүүсээ S-21-ийн ойролцоох оршуулгын газар булдаг байлаа. Удалгүй тэнд зайгүй болсон тул цогцсуудыг Пномпениас зөөж Чоунг Эк районд авчран булах болсон гэдэг.
Тоул Сленг шоронгийн удирдлага хоригдлуудаас гадна харгалзагч нараа айдсаар барина. Жижүүр хийж байхдаа тэд суух нь битгий хэл, хана түшиж болохгүй хачин журамд захирагдаж байлаа. Хоригдлуудтай ярьсан бол чи өөрөө хоригдол.
Туол Сленг шоронг өнөөдөр музей болгосон байгаа. Гадаадын жуулчид тэнд байгаа хүн төрлөхтний хэзээ нэгэн цагт зохиож байсан тамлах багаж хэрэгслүүдийг  тоо ба төрлөөрөө ардаа орхисон тамлах зэвсгүүдийг хараад ухаан алдмаар болдог гэнэ. Пол Хэрэгслүүдийг цуст дамжлагыг зохион бүтээж, гурван жилийн дотор Сталины харгислалын жилүүдийнхээс илүү тооны хүмүүсийг хөнөөсөн билээ.

Үндэсний аврах фронт
Пол Потын намын явуулсан хэтэрхий харгис бодлого ард түмний дургуйцлийг төрүүлэхгүй байх аргагүй. Анхны олон нийтийн эсэргүүцэл 1975 оны есдүгээр сард Сиемреап мужид гарсан боловч харгислалаар дарагдлаа. Пномпенийг хамгаалах үүрэгтэй 170 дугаар дивизийн цэргийн бослого 1977 оны хоёрдугаар сард гарлаа. Дараалаад баруун хойд ба зүүн нутгуудад бослого гарав. Аажмаар Ардчилсан Кампучид чөлөөлөгдсөн районууд үүсэн тийшээ полпотын дэглэмтэй тэмцэх эрмэлзэлтэй харгислалын хохирогчид цувж эхэлжээ.
“Коммунист туршилтын” сүйрлийг Засгийн газрынх нь явуулж байсан эдийн засгийн бодлого ч улам ойртуулсан юм. Төлөвлөсөн асар их хэмжээний цагаан будаагаа хүмүүсийн өдөржин шөнөжин ажиллуулаад ч хурааж чадсангүй. “Улаан кхмерүүд”хөдөө аж ахуйгаа сайн мэдэхгүйгээс гадна улс орон даяар үүсгэн хөөрөгдсөн айдас ч саад болж байв. Хөдөө бүсүүдийн удирдлага ноогдсон төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүйгээ илтгэхээс айн  үзүүлэлтээ ихэсгэсэн илтгэлийг  төвдөө явуулна. Районууд хоорондоо мэдээлэл солилцох нь хориотой байсан бөгөөд ер нь нууц байдал Ардчилсан Кампучийн бүхий л салбарыг хэрсэн байжээ.
S-21 шоронгийн комендант Канг Кек Иеу 1980 онд “улаан кхмерээс” салан христийн шашинд орсон байв. Түүнийг 1999 онд баривчлаад зургаан жилийн дараа олон улсын шүүхээр шүүсэн юм. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Пол Потын хамсаатан дахиад л шүүгдлээ. Тэрээр 15 мянган хүнийг хөнөөсөн хэрэгт өөрийн гэм бурууг хүлээж, амь үрэгдэгсдийн хамаатан саднаас уучлалт гуйжээ. Фото: Courtesy of Extraordinary Chambers in the Courts of Cambodia
Үүний зэрэгцээ хүчин сульдсан орон хөрш Вьетнамыг өөрийн дэглэмийн дайснаа гэж үзсэнээс түүнийг Зөвлөлт шигээ “коммунизмын үзэл санаанаас урвасан” гээд дайтаж эхэлсэн юм. Хоёр орны хооронд дипломат харилцаагаа 1977 онд тасалсан байснаас гадна хил орчимд нь зэвсэгт мөргөлдөөн тасрахгүй болсон байжээ. Вьетнамын армитай эн зэрэгцэх хүчин тэр үед тэнд байсангүй. “Улаан кхмерүүд” ихээхэн хохирол үзэж байснаас гадна Вьетнам Пол Потын дэглэмийг унагаахыг уриалсан сурталчилгааг камбожчуудад хүчтэй хийж байсан билээ. Вьетнамын оролцоотойгоор 1978 онд Кампучийг аврах үндэсний нэгдсэн фронт байгуулагдав. Вьетнамын арми 1979 оны нэгдүгээр сарын 7-нд Пномпень хотыг эзэлснээр “улаан  кхмерүүдийн” дэглэм унажээ.

Кампучийн “ардчилалын” цуурай
Цуст дарангуйллын гурван жил хагасын дотор улс орон нь бүрэн сүйрч дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болсон байв. Пол Потын дэглэмийн гай түүнийг унагаснаас хойш олон жилийн турш Камбожид мэдрэгдсээр ирсэн билээ. Ная, ерээд онуудад полпотчуудын зэвсэгт бүлэглэл партизаны дайныг олон районд нь явуулж, Пномпенийн төвд нь хүртэл террорын үйлдлийг хийж байлаа.
“Улаан кхмерүүд” дарангуйлж байх цагаас нутгийн олон районуудад үй олон минийн талбай гарч ирсэн юм. Нэн ялангуяа, хил орчмын бүсэд тэр нь ихээр үлдсэн нь өнөөг хүртэл хор хөнөөлөө үзүүлсээр байна. Эмч, багш, инженерүүдийн хомсдол хурцаар илэрч түүнийг арилгахад олон улсын тусламж шаардлагатай болсон юм.
Пол Потын хамсаатнуудаас олон хүн баригдан шүүгдсэн ба тэдний тоонд Пол Потын баруун гар Ардчилсан Кампучийн Гадаад хэргийн сайд Иенг Сари, Туол Сленг шоронгийн дарга, намын Дуч гэдэг нэрээр алдаршсан  Канг Кек Иеу (Kang Kek Iew) нар байлаа. Харин “улаан кхмерүүдийн” лидер хамсаатнуудынхаа хамт олон жил ширэнгэн ойд бүгж байгаад 1998 онд учир битүүлэгээр нас баржээ. Пол Пот ердийн үхлээр үхсэн үү үгүй юу гэдэг нь мэдэгдэхгүй  хэвээр үлджээ. Дарангуйлагчийн цогцсыг ширэнгэн ойд автомашины дугуй шатаасан түүдэг дээр чандарлажээ. Хамтран зүтгэгчид ба найз нөхөд нь чандарлах ёслолд нь оролцоогүй гэнэ.
“Улаан кхмерүүд”-ын лидерийн даруухан булш. Пол Потын сүнс амар амгаланг нь алдуулагчдаас өшөө авна гэж айснаас булшийг нь газартай тэгшлээгүй юм. Харин 2010 онд Камбожийн Засгийн газар дарангуйлагчийн булшийг жуулчдын үзмэр болгохоор шийдсэн байна. Салот Сарын сүнс олон хүний цугларалтад дуртай гэж камбожууд  боддог бололтой. Фото (Creative Commons license): Du Hangst

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж