Цалин өслөө, цаас боллоо!

Хуучирсан мэдээ: 2019.12.27-нд нийтлэгдсэн

Цалин өслөө, цаас боллоо!

Цалин өслөө, цаас боллоо!

Чамлахаар чанга атга гэж, Засгийн газрын шийдвэрээр 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс төрийн албан хаагчдын цалин 8 хувиар нэмэгдэх нь.

Төрийн алба 190 мянга гаруй ажилтан, албан хаагчтай. Цалингийн нэмэгдэлд зориулж 2020 оны төсөвт 76 тэрбум төгрөг суулгаж өгчээ.

Гэхдээ цалинг нь нэмсэн ч төрийн албаныхан чамлаж сууна.  Нэг сая төгрөгийн цалинтай нь 80 мянгаар, 500 мянган төгрөгийн цалинтай нь 40 мянган төгрөгөөр л нэмэгдэнэ. Түүнээс 10 хувийн татвар суутгагдана. Бараа бүтээгдэхүүний үнэ өндөр тул дээрх нэмэгдэл аманд ч үгүй, хамарт ч үгүй алга болно л гэнэ.

Угаасаа ч 8 байтугай 10 хувь нэмсэн ч голдог болохоор энэ удаагийн Засгийн газрын шийдвэр төрийн албаныхныг нэг их догдлуулж уяраасангүй, шинэ жилийн оргилуун дарсны даруулга төдий болоод л өнгөрөх нь ойлгомжтой болов.

Хувийн хэвшлийнхний хувьд ч Засгийн газрын дээрх шийдвэр бас л гялтайлгасангүй.  Яагаад гэвэл энэ салбарт ажиллагсдын цалинг ажил олгогчид бүтээмжтэй нь уяж нэмдэг болохоос төр шиг сонгуульд зориулж өсгөдөг мунхаг бодлого барьдаггүй. Үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийх нь борлуулалт нь сайжирч, ашиг орлого нь өссөн нөхцөлд цалинг нэмдэг.  Тэдэнд төр шиг татвар төлөгчид гэдэг “саалийн үнээ” байхгүй болохоор цалингийн нэмэгдлийг хөдөлмөрийн бүтээмжтэй уяхаас өөр яалтай.

Харин төрд санал авах л чухал . Цалингийн нэмэгдлийг дагаад цаана нь татвар төлөгчдийн үүрэх ачаа нэмэгдэж,  үнийн өсөлт бий болж, иргэдийн амьжиргаа доройтох хамаагүй.

“Цалинг өсгөсөн, тэтгэвэр нэмсэн. Амьдрал гоё болж байна, гүйцээ”  гэдэг.  Төрийн албаныхан нь ч хашрахгүй “Цалин нэмэхгүй бол ажил хаяна” гэж “бойкот” хийнэ.

Гэтэл Засгийн газрын шийдвэрийн сургаар цалингийн нэмэгдлээ төрийн албан хаагчид нь авч ч амжаагүй байхад өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг.  5000 төгрөгийн үнэтэй оймс 5500 төгрөг болж нэмэгддэг. Үнэмшихгүй бол өдөр тутамдаа хэрэглэдэг гурил, будааны үнэ өмнөхөөсөө хэдэн төгрөгөөр өсч вэ гэдгийг шинэ жилийн бэлтгэлээ хангах худалдан авалт хийхдээ анзаараарай.

Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд долларын ханш өссөн гэдэг тайлбар хэлэх биз. Энэ ч бас үнэн. Хамгийн гол нь Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг өсгөхөөс илүүтэй долларын ханшаа бууруулах арга хэмжээг авч чадсан бол дагаад бараа бүтээгдэхүүний үнэ буурч, төр, хувийн хэвшилгүй, хөгшин залуугүй үр шимийг нь хүртэх байлаа. Харамсалтай нь,  чадсангүй. Ам.долларын төгрөгтэй харилцах ханш өнөөдөр 2730 төгрөгтэй тэнцэж байна. Сар шинэ дөхөхөд 2750 төгрөг рүү дөхөж магадгүй гэж валютын ченжүүд хэлж буй. Хэрэв төгрөгийн ханш ингэж унавал бүгдээрээ л цалингаа инфляцад идүүлнэ.

Хувийн хэвшлийнхний үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүний үнийн өртөг ч дагаад нэмэгдэнэ.  Долларын ханш өсөхөөр импортоор авдаг түүхий эдийн үнэ нь өсөж, тэр нь үйлдвэрлэлийнх нь зардалд сууж, бүтээгдэхүүний үнэ нь нэмэгддэг.

Иймээс ч хувийн хэвшлийнхэн төр засгийнхнаас цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхээс илүүтэй хөрөнгө оруулалтыг татахад анхаарч ам.долларын ханшаа тогтворжуул, болж өгвөл бууруул гэдэг хүсэлт тавьдаг. Валютын ханш өсөх нь зөвхөн бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөөд зогсохгүй зээлтэй аж ахуйн нэгжид ч хүндээр тусдаг.

Үндэсний аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ өргөтгөх, шинэчлэх зорилгоор банкуудаас зээл авдаг. Гэтэл тэр нь валютаар авсан нөхцөлд ханш өсөх бүрийд алдагдлыг улам өсгөж байдаг. Хэрэв төгрөгийн ханш тогтвортой байвал тэр нь ажилтных нь цалингийн нэмэгдэл болж очих, эсвэл үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийх нь үнэ өртөг буурах эерэг талтай.

Энэ зэргийн юмыг ойлгох ухаан эрх баригчдад бий. Гэвч Засгийн эрх барьсан гурван жил гаруйн хугацаанд хөрөнгө оруулалт татах ажил хийсэнгүй төв банкаар цаасан мөнгө хэвлүүлж, төгрөгийн ханш унагах арга барилтай зууралдсаар шинэ оныг угтах боллоо.

Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж