Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон нийт зургаан өрхийн иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Эмнэлэгт гурван том хүн, нэг хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд болон нийслэлийн Онцгой комиссын даргын өгсөн үүргийн дагуу туулах чадвар сайтай ЗИЛ-131 автомашинаар өндөрлөг цэгүүдэд түлшний хөдөлгөөнт түгээлтийг хийж эхэлсэн. 28 автомашинаар нэгдүгээр сарын 30-ныг дуустал өдөр бүр хөдөлгөөнт түгээлтийг хийнэ. Мөн нийслэлийн Цагдаа удирдах газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газрын албан хаагчид хуваарийн дагуу 10:00 цагаас 24:00 цаг хүртэл нийслэл Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлшийг түгээж байгаа 300 гаруй цэгт хяналт, шалгалт хийж ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдээ гэрт нь үлдээхдээ зуух, пийшингийн зөв галлагааны зөвлөмжийг сайтар зааж, зөвлөн галын аюулгүй байдлыг нь хангахыг онцгойлон анхааруулж байна” гэв.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар “Тавантолгой түлш” ХХК-д байнгын хяналт тавин ажиллаж байна. Арваннэгдүгээр сард үйлдвэрлэсэн түлшнээс нь дээж авч шинжлүүлсний хариу гарсан дүгнэлтийг “Тавантолгой түлш” ХХК-д хүргүүлсэн. Шинжилгээгээр стандартын шаардлага хангасан гэсэн лабораторийн шинжилгээний хариу гарсан. Арванхоёрдугаар сард үйлдвэрлэсэн түлшнээс мөн дээж авч лабораторид өгсөн. Хариу нь хараахан гараагүй байна. Сард бид хоёроос доошгүй удаа түлшний найрлагад орж байгаа бүтээгдэхүүнээс нь дээж авч шинжлүүлж байгаа. Энэ хяналтаа цааш үргэлжлүүлж ажиллана” гэсэн юм.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Энэ хоёр дахь өдөр Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар холбогдох албаны хүмүүсийн хамт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллахдаа Хотын дарга холбогдох албаны хүмүүст тодорхой үүрэг даалгаврыг өгсөн. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч нарыг “Тавантолгой түлш” ХХК байнга байрлан ажиллаж, түлшний түгээлт, борлуулалтад тогтмол хяналт тавин, түлш тасарсан цэгт түлшийг хүргэх ажлыг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон. Үйлдвэр бүрэн нөөц бололцоогоороо ажиллаж, өдөрт 3000 тонныг үйлдвэрлэж байна” гэлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ