Хөгжлийн банкны тоглоомын дүрэм маш тодорхой болсон

Хуучирсан мэдээ: 2019.12.26-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны тоглоомын дүрэм маш тодорхой болсон

Хөгжлийн банкны тоглоомын дүрэм маш тодорхой болсон

Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд өнөөдөр /2019.12.26/ 2019 оны ажлын тайлангаа танилцууллаа. Мэдээллийн эхэнд тус банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин “Өнгөрч буй 2019 онд улс төрөөс ангид, хараат бус, ашигт үйл ажиллагааны чиглэл зэрэг хийсэн ажлуудаа танилцуулж байна” гэдгийг онцолсон юм.

Тэрбээр, Хөгжлийн банкны нийт актив 4,2 их наяд, өөрийн хөрөнгө 1,1 их наяд төгрөг. 2019 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хойш багцын чанар дээр зээлийн хяналт, зохион байгуулалтын хэлтэс шинээр бий болгож, 704 тэрбум төгрөгийн зөрчилтэй зээлүүд дээр ажиллаж байгаа бөгөөд үүнд нийт 22 зээлдэгч хамаарч байгаа гэв. Зээлийн хяналт, зохион байгуулалтын хэлтэс байгуулагдсан цагаас хойш нийтдээ 3,8 тэрбум төгрөгийг төлүүлж, прокурорын байгууллагад 8 зээлдэгчийн 662 тэрбумын зээлийг шилжүүлж, хамран ажиллаж байна. Түүнээс гадна чанаргүй 14 зээлдэгч дээр 45,9 тэрбум төгрөгийн дүнтэй зээлүүд шүүхийн шатанд явж байна. Нийт 353 тэрбум төгрөгийн зээлийн нөхцөлийг өөрчилжээ. Зээлийн нөхцөл өөрчлөх шалтгаан нь бизнесийн үйл ажиллагаа идэвхтэй байгаа нөхцөл тодорхой хугацаа өгч, заавал шүүхэд өгөхгүйгээр зээлийг нь төлүүлэх боломжийг олгох чиглэлээр ажиллаж байна.

Хөгжлийн банкны бүтэц данхар 157 ажилчинтай байсныг бууруулж, 140 ажилтантай болгож, дөрвөн газар, 11 хэлтэс ажиллаж, орон тоо, чиг үүргийн давхцалуудыг нэгтгэсэн.  Ингэж тоо цөөлснөөр 3,1 тэрбум төгрөгийг хэмнэсэн. Зөвхөн цалингийн сангаас гэхэд 460 сая төгрөгийг хэмнэсэн байна. Цаашид хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж, мэргэжлийн боловсон хүчнийг ажилд авах, олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтрах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, цалин хөлсний системд өөрчлөлт оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Түүнээс гадна зээл, эрсдэлийн удирдлага, чанарыг сайжруулах, түргэн шуурхай болгох, зээл хүсэгчид тодорхой болгох зорилгоор засаглалын чиглэлд хэд хэдэн шинэчлэл хийсэн.

Сонирхуулахад, Г.Амартүвшин захирлын зургаан сарын гэрээт хугацаа дуусгавар болж байгаа бөгөөд хэрэв үргэлжлүүлэх санал ирвэл тэрбээр хүлээж авна гэдгээ ч онцолжээ. Зургаан сарын хугацаанд тоглоомын дүрмийг нь илүү тодорхой болгож, ахиц гаргасан гэдгийг тэрбээр хэлжээ.

Ийнхүү мэдээллийн дараа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкнаас авсан чанаргүй зээлүүдийг зарлаж, хуулийн байгууллагаар шалгуулна гэсэн. Энэ хэрэг ямар шатандаа явна вэ?

-Прокурорын байгууллагад материалаа хүргүүлсэн. Капитал банк, Хөтөл, Эрэл, Кью-Эс зэрэг таван том зээл байгаа. Хэмжээний хувьд 530 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээл байгаа.

-“Эрэл” компанитай хамтарсан компани байгуулж, муу зээлийг нь эргэн төлүүлнэ гэдэг зүйлийг ярьж  байсан. Энэ хувилбар юу болсон бэ?

-Тэр хувилбарыг бид маш сайн судалж, үнэлгээ хийж, хамтарсан ажлын хэсэг гарсан байсан. Үнийн дүнгийн хувьд “Эрэл” компанитай тохиролцож чадаагүй. Барьцаа хөрөнгөөр нь зээлийг нь хангуулна гэж тооцож байгаа.

-ТОСК бол том зээлдэгч. Орлогоо төгрөгөөр олдог хэрнээ Хөгжлийн банкнаас валютаар зээл авсан тохиолдол гарч байсан. Яг үүн шиг алдаа давтагдсан уу. Хаах арга хэмжээ авсан уу?

-Бид эрсдэлийн бодлогод өөрчлөлт оруулж, журамдаа өөрчлөлт оруулсан. Өнөөдрийн нөхцөлд дотоодын компаниуд эрсдэлд орж магадгүй гэж үзэж, ханшийн эрсдэлийн тооцож, журамдаа өөрчлөлт оруулсан. ТОСК том дүнгээр байгаа боловч дотроо олон төрлийн зээлүүд байгаа учраас нөхцөлийг нь өөрчлөх, шүүхийн шатанд гээл зээл бүрт тохирсон арга хэмжээг авч байна.

-Хөгжлийн банк амжилттай 500 сая ам.долларын бонд босгосон. Ирэх онд бонд босгох уу, өрийн удирдлага чиглэлд ямар бодлого баримталж байгаа вэ?

-2018 онд 500 сая ам.долларын бонд амжилттай босгосон. 2020 онд бид шинэ бонд босгож, эх үүсвэр гаднаас татан төвлөрүүлэх бодлого баримталж байгаа.

-МАК компанийн зээлийн төлөлт юу болсон бэ?

-МАК-ийн зээлээс 27 тэрбум төгрөг төлүүлсэн. Үлдсэн мөнгийг нь шинэ график гаргаж, төлүүлж байна.

-Хөгжлийн банк стратегийн чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт хийх үү?

-Эрчим хүч, зам тээвэр, цахилгаан дамжуулах шугам, аж үйлдвэрийг урт хугацаанд дэмжих төсөл зэрэг стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалтууд хийгээд явах нь зөв.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж