Хүн шартахад шингэний дутагдалд орж, цусан дахь сахарын хэмжээ огцом багасч, толгой эргэх, өвдөх, хоолны дуршилгүй болох зэрэг эрүүл мэндэд тун хортой шинж тэмдгүүд илэрдэг билээ. Харамсалтай нь хүн төрөлхтөн одоог хүртэл шарталтыг эмчлэх шидэт эм бүтээж чадаагүй л байна.
Гэхдээ орон орны хүмүүс шарталтыг анагаах өөр өөрсдийн аргыг олцгоосон байна. Ерөнхийдөө цусан дахь сахарын хэмжээгээ тэнцвэржүүлж, шингэний дутагдлаа нөхөхийн тулд ус сайн уух, өөх тосны агууламж өндөртэй зүйл идэхэд л хангалттай гэнэ. Мэдээж шартахгүй байх хамгийн үр дүнтэй арга бол уухгүй байх. Гэхдээ нэгэнт шартчихсан бол эрч хүчээ сэргээх нь хамгийн чухал. Лаурен Шокигийн шинэ ном "Шарталтын туслах" номонд шар тайлах үр дүнтэй хоолнуудын талаар бичжээ.
Карринаас эхлээд өргөст хэмхний шүүс, авакадо гээд орон орны хүмүүс өөр өөрийн өвөрмөц аргаар тайлдаг гэнэ.
ПАРИС
Парисчууд хэт их уусан нүгэлээ маргааш өглөө нь "Цуст Мэри"-д наманчилдаг. Цуст Мэри буюу Bloody Mary коктейль анх 1921 онд Харри гэх эрхмийн Нью Йорк уушийн газарт "мэндэлжээ". Энэхүү коктейлийг дэлхийн хаана ч хийж зардаг. Уушийн газар бүр өөр өөрсдийн онцгой орцыг нэмж хийдэг ч Харригийн классик орцонд нь ердөө л архи, улаан лоолийн шүүс, табаско соус, давс, перц, лемон, воркестер соус нар л багтдаг учир гэртээ хийгээд уухад ч боломжтой.
ЛОНДОН
Бид пицца идэх бүрдээ хайлсан, халуун бяслагны сайхныг бишрэн амталдаг билээ. Гэтэл бяслагийг тийнхүү хайлуулж иддэг хоол ганц пицца биш гэнэ. Лондонд хүмүүс зуун зараа залгисан үедээ шарсан талхан дээр бяслаг хайлуулаад л идчихдэг гэнэ.
Зүсэм талхыг грилл дээр хоёр талаас нь хөнгөн шараад, дээр нь цөцгийн тос, халуун гич түрхээд дээр нь чедар бяслаг тавиад, бяслагаа хайлтал дахиад багахан гриллдэхэд л тэр өдөр дахин бут авахад бэлэн болох нь тэр.
БЕРЛИН
Берлинчүүд шарсан зайдсаа халааслаад ч явж чадахаар улс. Тэдний байнга иддэг шарсан зайдас шар тайлах нууц авьяастай гэнэ шүү. Шарсан гахайн махан зайдсыг змх хэмжээтэй болгон олон хуваагаад, карритай кетчуп дээр нь асгаж, нунтаг карри цацаад л идэхэд баялаг соус, махан зайдас, халуун ногооны хурц амт таны алдагдсан мэдрэмжүүдийг буцаан өгч чадна гэнэ. Хажууд нь шарсан төмс тавьчихвал таны амьдрал тэгээд л аврагдчихлаа гэж ойлгож болох нь.
КОПЕНХАГЕН
Флаэскестэгсэндвич. Хэл хугалчихмаар ийм хачин нэртэй хоол бидний мэдэхээр бол ердөө шарсан гахайн махтай сэндвич юм байна. Өлсгөлөн хүн байтугай өлсөөд үхчихсэн хүүрийг ч босгоод ирэх чадалтай мах ихтэй гайхалтай сэндвич гэнэ. Даний хоолнууд ер нь харагдах талаасии их даруухан байдаг ч амтны хувьд өөр ертөнцийн гэлтэй.
Улсын нэрийн хуудас болсон энэ хоол харахад зүгээр л хоёр зүсэм талхны голд хамаа намаагүй чихсэн мах. Гэхдээ зөөлхөн мөртөө шаржигнасан шинэхэн шарсан талхны голд битүү чихсэн шарсан, гриллдсэн гахайн мах, өргөст хэмх, улаан лооль, халуун майонезийн амтыг төсөөлөөд үзээрэй. Амтнаас гадна үр дүнгийн хувьд толгойн өвчнийг тас татах аварга луу л гэсэн үг.
МАНИЛЛА
Маниллад очоод нутгийн индиануудтай шөнөжин цэнгэхэд тэд наргиан цэнгээний утга учрыг танд жинхэнээсээ ойлгуулж чадна. Филиппин хоолоороо алдартай Тоёо Ийтери гэх ресторанд ахлах тогооч Жорди Наварра ажилладаг. Тэрбээр "Их уусны маргааш Филиппинчүүд ихэнхдээ тапсилог иддэг. Энэ нь хатаасан үхрийн мах, амталсан будаа, шарсан өндөг. Энгийн орцтой болоод ч тэр үү энэ хоолыг манай нутгийн захын лангуу ч хийж зардаг юм" хэмээн ярьжээ. Маниллачууд дээрх хоолоо өглөө гэлтгүй наргиж цэнгэж дуусахдаа ч иддэг гэнэ.
СИДНЕЙ
Сиднейн хоолны газрууд эрүүл, амтлаг хоолоороо алдартай. Авакадо нухаш, шарсан талх. Энэхүү Австраличуудын бүтээл дэлхий даяар их алдартай болоод байна.
Амттайгаас гадна энэ хоол эрүүл сэрсэн ч, шартаж сэрсэн ч гайхалтай өглөөний зоог болно. Авакадо уураг сайн нөхнө. Мөн витамин А баялаг өндөг нь эрч хүч нэмнэ. Бага зэрэг халуун соус нэмчихвэл бүр ч гайхалтай.
ТОКИО
Токио бол гайхалтай хот. Гэхдээ дотор зарайчихсан явж байхад хоолны газруудын цэснээс идчихмээр юм олоход хэцүү л байх боловуу.
Кобэ үхрийн махан сэндвичээрээ алдартай Вагюүмафиа сүлжээ рестораны үүсгэн байгуулагч Хисато Хамада шартахгүй байхын үндэс нь унтахаасаа өмнө юм идэх хэмээн зөвлөж байна. Тэрбээр якисоба гоймонг онцлон "Галт тэрэг, метроны буудлууд дээр якисоба хийдэг лангуунууд олон байдаг. Олдоц сайтайгаас гадна якисоба гучхан секунтэд бэлэн болно. Иймд та яг харих замдаа якисоба аваад идчихэж болно гэсэн үг. Үр дүнтэй шүү" хэмээн ярьжээ.
БАНГКОК
Тайланд улс хоолны соёлоороо алдартай. Мөн шөнийн амьдралтай. Тиймээс ч Бангкокод урт үдэшлэгийн дараа идэх гайхалтай хоолнууд олон бий. Тай хоол болон бусад Ази хоол судлаач, жор зохиогч Перм Пайтайават "Бангкокын шарталттай тэмцэх шилдэг хоол бол Хао Том Куй. Тай-Хятад холимог энэ хоолонд халуун будаа, шарсан мах, олон янзын салат ордог" хэмээн ярьжээ. Тэрбээр мөн унтахынхаа өмнө идэх нь хамгийн тохиромжтой хэмээн зөвлөж байна.
МОНТРЕАЛЬ
Шарсан төмс, үрсэн бяслаг. Дууны дахилт болгосон ч болохоор энэ сайхан үгс Канадчуудын бараг л үндэсний хоол. Хоолны газар бүр өөр өөрсдийн онцлогоо шингээн гахайн мах, татсан мах, нугас нэмж хийдэг ч аль ч төрөл нь шарталтын эсрэг хүчтэй зогсдог гэнэ. Гэхдээ тэдний дундаас тахиан махтай хувилбар нь хамгийн үр дүнтэй гэнэ.
ЭДИНБҮРГ
Шотландын тансаг зочид буудал Гленийглэсийн ахлах тогооч Саймон Аттридж "Лорне буюу дөрвөлжин зайдас бол ихэнх шартсан шотландчуудын сонголт" хэмээжээ. Эдгээр дөрвөлжин хэлбэртэй, өөх тос сайтай амтат зайдсыг орооход нэн тохиромжтой. Орооход олон сонголт бий. Тэдний дундаас хагас порцоор ирдэг өглөөний ороомог хамгийн сайхан нь.
Нэмээд Шотландын хийжүүлсэн ундаа Ирн Брю байвалтэгээд л GG.
МОСКВА
Орос ах нарын хувьд бол дарсан өргөст хэмхний шүүс байхад л болно. Ажиллагаа нь их энгийн. Өргөст хэмхний шорвог шүүс нь ам цангуулж их ус уухад хүргэдэг. Тэгээд л та шингэний дутагдлаас нүд ирмэх зуурт л ангижирна. Арай ч өлөн сонсогдож байж магадгүй лдээ. Гэхдээ үүний ард агуу шинжлэх ухаан бий. Өргөст хэмх дарахад ялгардаг олон нэгдлүүд ходоодны үйл ажиллагааг сэргээж, давс нь биед дутагдсан олон зүйлийг нөхнө.
ЭХ СУРВАЛЖ: CNN.COM
Холбоотой мэдээ