Иргэд зургаан сая төгрөгийн буцаан олголт авна

Хуучирсан мэдээ: 2019.12.26-нд нийтлэгдсэн

Иргэд зургаан сая төгрөгийн буцаан олголт авна

Иргэд зургаан сая төгрөгийн буцаан олголт авна

Татварын мэргэшсэн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг татварын зөвлөхүүдийн чуулган энэ жил “Татварын шинэчлэл ба зөвлөх үйлчилгээ” сэдвийн хүрээнд болж байна. Энэ удаагийн чуулган УИХ-аар хэлэлцэн баталсан татварын багц хуулиудыг хэрэгжүүлэх босгон дээр болж буйгаар онцлогтой юм. Тиймээс шинэчлэн баталсан хуулиудыг сурталчлан таниулах, хуульд орсон шинэ ойлголт, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар татварын зөвлөхүүд, татвар төлөгчдөд нэгдсэн ойлголт өгөх зорилготой аж.

Өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын чуулганаар татварын ерөнхий хууль болон хувь хүн, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг шинэчлэн баталсан байдаг. Татварын ерөнхий хуулийг дагаад 30 гаруй хуулинд нэмэлт өөрчлөлт оржээ. Эдгээр хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх юм. Нэг ёсондоо бид татварын шинэ орчинд ажиллаж эхлэх гэж байна.

ТМЗНийн зөвлөх үйлчилгээ, менежментийн хорооны дарга Д.ЭНХСАЙХАН:

 

-Өнөөдрийн чуулганаар татварын хуулиудад орсон шинэ ойлголтууд тэр тусмаа Олон улсын татвартай холбоотой асуудлыг хөндөж илтгэлүүд тавигдаж байна. Сүүлийн үед дэлхий даяар орлого шилжүүлэх замаар татвараас зайлсхийх үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэр тусмаа үндэстэн дамнасан корпорациуд өндөр хөгжилтэй улсаас их хэмжээний татвар ногдох орлогыг бага татвартай улс руу шилжүүлэх болсон. Тиймээс үүнтэй тэмцэхээр улс орнууд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Уг хөтөлбөрт нэгдэж орохын тулд татварын хуулиудад зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай. Үүнтэй холбогдуулан бид Олон улсын татвартай холбоотой зохицуулалт шинээр орж ирлээ. Мөн татвар төлөгчдөд тааламжтай хэд хэдэн өөрчлөлтүүд нэмэгдлээ. Тухайлбал, татвар төлөх хугацааны хөнгөлөлт, тайланд залруулга оруулах эрх, татвар ногдох орлогоос хасагдах зарлага, хяналт шалгалтын уян хатан байдал зэрэг юм.

 

Монголд улсад 130 гаруй мянган татвар төлөгч бий. Үүнээс Монгол улсын нэгдсэн төсвийн 80-аад хувийг 100 гаруй компани бүрдүүлдэг аж. Татвар төлөгчдийн тоо хэт олон болсонтой холбоотойгоор дийлэнх хэсэг нь Х тайлан ирүүлдэг байна. Үүнтэй холбоотой татварын шинэ хуулинд тайлангийн хялбаршуулсан журам оруулж өгчээ. Жишээлбэл, тухайн аж ахуй нэгж зургаан тэрбумаас дээш орлоготой бол жилд 4 удаа, доош бол 2 удаа татвар төлнө. Харин борлуулалтын орлогын хэмжээ 50 саяас доош аж ахуй нэгж бол Татварын албанд хүсэлт гаргаснаар хялбаршуулсан горимд шилжинэ. Ингэснээр нийт орлогын дүнгээр тооцож, нэг хувиар татвар ногдуулна. Өөрөөр хэлбэл, жилд ганцхан удаа татвар төлнө гэсэн үг юм.

Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.ТЭЛМҮҮН:

-Татварын шинэчилсэн хуулинд иргэд, аж ахуй нэгжид зориулсан дэмжлэгүүд маш их байгаа. Нэг талаас татварын хувь хэмжээ буурч, хөнгөлөлт нэмэгдэж байгаа боловч нөгөө талаас татварын бүртгэлийг бид нэлээн сайжруулаад явна. Тэгэхээр татвараас зайлсхийх боломжууд нэлээн хумигдана. Ирэх оноос эхлээд бид иргэдийн НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг улирал бүрт өгнө. Орон сууц анх удаа хувьдаа худалдаж авсан иргэдийн татварын хөнгөлөлт өмнө нь гурван сая төгрөг байсан бол одоо зургаан сая төгрөг болгож нэмэгдүүлж байна. Алслагдсан орон нутагт хувиараа бизнес эрхэлж буй иргэд, аж ахуй нэгжүүд татварын 50-90 хувийн хөнгөлөлт эдлэх эрх үүслээ. Жижиг, дунд аж ахуй нэгжүүдийн татварыг үндсэндээ нэг хувь болгож байна. Харин томоохон татвар төлөгчдийн хувьд нэгдүгээрт, татвар ногдуулах орлого гурван тэрбумаас давсан эсэх дээр 25 хувийн татвар төлдөг байсныг зургаан тэрбум болголоо. Дээр нь татварын тайланг нэг жилийн хугацаанд залруулах боломжийг олгож байгаа. Мөн тодорхой шалтгааны улмаас татварын өрөө төлж чадахгүй байгаа тохиолдолд хоёр жил хүртэлх хугацаанд графикийн дагуу төлж барагдуулах уян хатан зохицуулалт оруулж өгсөн. Үүнээс гадна эрсдэлгүй татвар төлөгчдийг тэр бүр шалгаад байхгүй. Тухайлбал, тухайн аж ахуй нэгжийн талаар төрийн байгууллагын мэдээлэл зөрөөгүй, галиар оруулсан барааны тайлан үнэн зөв байдаг татвар төлөгчдөд тавьдаг хяналтыг нэлээн багасгана. Нөгөө талаас Олон улсын татварын харилцаанд шилжиж буйтай холбоотой үнэ шилжилтийн тайлангийн зохицуулалт орж ирлээ. Ингэснээр татварын ил тод байдлыг хангах, олон улстай харилцах боломжууд нээгдэж байна. Тэр дундаа Монгол улс оффшор бүсэд байдаг улсаас татварын зорилгоор мэдээлэл солилцох боломжтой болж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж