Монголын рок, попын домгууд эргэн ирсэн 2019 он

Хуучирсан мэдээ: 2019.12.26-нд нийтлэгдсэн

Монголын рок, попын домгууд эргэн ирсэн 2019 он

Монголын рок, попын домгууд эргэн ирсэн 2019 он

Он солигдох мөч ойртсоор. Энэ цаг үед салбар бүр өнгөрч буй оныхоо ололт, дутагдлыг цэгнэж, ирээдүйн их амжилтынхаа төлөө тэмүүлдэг. 2019 оны хувьд урлаг соёлын салбарт онцлох үйл явдлуудаас хамгийн их хүлээлт үүсгэж, хамгийн олон үзэгч, сонсогчтой олны танил хамтлаг дуучны тоглолтууд онцолъё.


ТӨРИЙН СОЁРХОЛТ ДУУЧИН Д.БОЛД АЯЛАН ТОГЛОЛТОО ХИЙВ

Төрийн соёрхолт дуучин, Камертон хамтлагийн ахлагч Д.Болд Европт ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа уран бүтээлээ хүргэх тоглолтоо хийв. Түүний аялан тоглолт хоёрдугаар сарын 8,9-нд Швед улсын Стокхольм хотоос эхэлж, дараа нь Англи, Франц, Бельги, Ирланд, Унгар, Чех, Австри, Герман, Швейцарь улсад үргэлжилсэн юм. Хамгийн сүүлд Турк улсын  Истанбул хотноо аялан тоглолтоо гуравдугаар сард хийж, өндөрлүүлсэн билээ. Төрийн соёрхолт дуучин Д.Болдын аялан тоглолт гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудад томоохон гэнэтийн бэлэг болсон нь гарцаагүй. Түүний хувьд 2018 онд 12 дахь цомгоо гаргаж, бие даасан "12 ертөнц" тав дахь тоглолтоо хийсэн бол 2019 онд ийнхүү аялан тоглолтоо хийсэн юм.

МУГЖ Б.САРАНТУЯА “АМЬДРАЛ” ТОГЛОЛТОО ТОЛИЛУУЛАВ

Зууны манлай эстрадын дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Сарантуяа төрсөн өдрөөрөө "Амьдрал" тоглолтоо толилуулдаг уламжлалтай.Түүний 11 дэх удаагийн "Амьдрал" тоглолт Corporate Convention Centre концертийн их танхимд дөрөвдүгээр сард болж өнгөрсөн  билээ.

"Би жаргалтай", "Аав ээж хоёр минь", “Бурхан ээж”, "Хонгор найз" зэрэг дуугаараа олны сэтгэлд хоногшиж байв.

THE HU ХАМТЛАГ АНХНЫ ЦОМОГ, АНХНЫ ТОГЛОЛТОО ХИЙВ

Дэлхийд нэрээ цуурайтуулж буй Монголын “Хү” хамтлаг анхны тоглолтоо тавдугаар сард хийж, фенүүдтэйгээ уулзсан. “Гэрэг” нэртэй тоглолтын үеэр хамтлагийн уран бүтээлчид анхны цомгоо ч бас дэлгэсэн. Хамтлагийн залуус “Шөөг шөөг”, “Агаар нэгэн буй”, “Гэрэг”, “Бүсгүйн дуу”, “Хувь ээж” зэрэг анхны цомгийн есөн дуунаас гадна дараагийн цомгийн шилдэг дуунаасаа түүвэрлэн, шилдэг 13 бүтээлийнхээ тоглолтыг сонирхуулсан юм.

“НИКИТОН” ХАМТЛАГ 25 НАС ХҮРЭВ

Монголын рок, попын ертөнцөд туурвисан уран бүтээлээрээ хэдийнээ өөрсдийгөө “тамгалж”, тод мөрөө үлдээж чадсан уран бүтээлчид бол "Никитон" хамтлагийнхан. Энэ жил тус хамтлаг  25 жилийн ойгоо угтан сонсогч, фенүүддээ олон бэлгүүд зэхсэнээ эхнээс нь дэлгэсээр байв. Тус хамтлаг зургадугаар сард Европын орнуудаар аялан тоглолтоо хийж, гадаадад амьдарч буй монголчууддаа сюрприз барьсан бол зургаадугаар сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 12 цаг үргэлжилсэн тоглолтоо хийж, хөгжмийн ертөнцөд цахиур хагалсан билээ. “Чи минийх” тоглолт 12.00 цагаас шөнийн 00.00 цаг хүртэл үргэлжилснээрээ фенүүдээ гайхшируулж чадсан.

 “ХАРАНГА” 30 НАСНЫ ТӨРСӨН ӨДРӨӨ  ТЭМДЭГЛЭВ

Монголын рок поп хөгжмийн домог болсон “Харанга” хамтлагийн 30 жилийн ойд зориулсан “Замд гаръя” тоглолт энэ оны аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спорт цогцолцорт нүсэр болж өндөрлөсөн нь энэ оны онцлох тоглолтуудын нэг байв. Тоглолт эхлэхэд л заал дүүрсэн нь хүмүүс  ямар их  догдолж, хүлээж байсан нь тодорхой. Тэд түүхт 30 жилийн ойгоо угтан дөрвөн цомгоо дахин шинээр 220 ширхгийг хэвлүүлж, “Харанга” гэсэн бичигтэй фудвольк, бэлэг дурсгалын зүйлс хамгийн эрэлттэй байсан юм.

                Т.АРИУНАА 10 ЖИЛИЙН ДАРАА ТАЙЗАН ДЭЭР ЭРГЭН ИРЭВ

Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаагийн "Тэнгэр шиг бай" тоглолт арваннэгдүгээр сарын 8-нд болж өндөрлөв. Тэрбээр 2009 онд “Гайхамшигт үдэш” тоглолтоо хийснээс хойш 10 жилийн дараа тайзан дээр гарч, үзэгч, сонсогчидтойгоо дахин уулзаж  нэгэн үдшийг мартагдахааргүй өнгөрүүлсэн юм. Фенүүд нь Буянт-Ухаа спорт цогцолборыг дүүргэж, “сахилгагүй” Т.Ариунаагийн 15 дахь удаагийн тоглолт загварын шоуг хослуулснаараа үзэгч, сонсогчдоо гайхшируулж чадсанаараа яах аргагүй оны онцлох тоглолтуудын нэг байв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж