"Баярын дараа талбай аймшигтай болчихдог"

Хуучирсан мэдээ: 2019.12.27-нд нийтлэгдсэн

"Баярын дараа талбай аймшигтай болчихдог"

"Баярын дараа талбай аймшигтай болчихдог"

Саяхан л цасгүй, хаврын улирал шиг  бор шороондоо дарагдаж байсан Улаанбаатарт хэд хоногийн өмнө цас орж шинэ жилийн баярыг улам чимж байна. Хүмүүс цас орсонд баярлаж, дор бүрнээ догдолж байх агшинд үүрийн жингээр босч, хүйтнийг ч ажралгүй түмэн завгүй ажиллаж буй 1000 орчим хүн нийслэлд бий. Тэр бол нийслэлийн зам талбайн ажилчид. Гэр бүлээрээ шинэ оноо угтаж, албан байгууллагууд амарч байхад тэд л ажиллаж байдаг.

Одоогоос гурав хоногийн өмнө нийслэлд цас орж, зарим нэг нь ажилдаа яарч явахад, зарим нь ойрд ороогүй цас будран хаялахыг ажиглан тэнгэр өөд ширтэн зогссон. Харин зарим нь халтирахаас болгоомжлонгүй алхаж байлаа. Энэ үед Сүхбаатарын талбайд машин техникийн дуу хүнгэнэж, хүрз, шүүр барин талбайг хичээнгүйлэн цэвэрлэж буй хэсэг хүмүүстэй таарсан юм. Биднийг 12.00 цагийн үед очиход цас хаялсаар байсан бөгөөд зам талбайн ажилчид “Өглөөнөөс хойш Сүхбаатарын талбайг гурав дахь удаагаа цэвэрлээд байна” гэж байсан юм.

ГЭР БҮЛИЙН ХҮН МААНЬ Ч ЗАМ ТАЛБАЙН АЖИЛТАН

Ажлаа хичээнгүйлэн хийж байгаа хүмүүстэй ярилцах гэсэн боловч “бүгд завгүй л байна даа” гээд хүрз харшуулж, цас шүүрдэж ажилдаа шамдсаар байсан юм. Гэхдээ ажлаа хийж байх зуур нь Нийслэлийн хот тохижилтын газрын зам талбайн ажилтан Д.Алтансүхээс цөөн үг сонслоо.

-Таны ажлын нэг өдөр хэдэн цагт эхэлдэг вэ?

-Ажил маань 06.00 цагт эхэлдэг ч манайх хотын төвөөс нэлээд хол байдаг болохоор 04.00 цагт гэрээсээ гардаг. Үүрээр ажилдаа гардаг ч манай ажлаас ажилчдын автобус явдаг болохоор унаа олдохгүйн зовлон гэж байдаггүй юм.

-Ингэж ажилласны үр шим гарч байна уу. Цалин нь амьдралд нь хүрэлцдэг үү?

-Манайх ам бүл дөрөв. Гэр бүлийн хүн маань ч бас зам талбайн ажилтан хийдэг. Бид хоёр өглөө цугтаа гэрээс гараад заримдаа хамтдаа харьдаг. Хэн нэг нь эсвэл хоёул уртасгасан цагаар ажилласан үед цуг харьж чаддаггүй юм. Уг нь 06.00-16.00 цаг хүртэл ажиллах үүрэгтэй ч цас орсон онцгой тохиолдолд уртасгасан цагаар ажиллахаас өөрцгүй. Цалин маань өндөр биш ч хоёул ажил хийж байгаа юм болохоороо хоосон хонохгүй ч хоёр идэхгүй юм даа.

-Баяр ёслолын үед бол гэртээ бүр орой харьдаг юм байна даа?

-Тийм. Шинэ жилийн баярын үеэр 30-наас хэлээд л бид Сүхбаатарын талбайд байнгын ажиллагаатай байдаг. Баярын үйл ажиллагааны дараа талбай ёстой аймшигтай болчихдог. Цэвэрлэх гэж нэлээд цаг зарцуулдаг шүү. Энгийн үед бол гайгүй ээ. Нэг үеэ бодвол хотын иргэд хогоо хогийн саванд хийчихдэг соёлтой болоод байх шиг санагддаг.

-Амралтын өдөр ч ажиллаж байгаа харагддаг. Хэзээ нь амардаг юм бэ?

-Амрах нь тун цөөн дөө. Ээлж таарвал хагас сайн, бүтэн сайнд ч ажилладаг.

Тэрбээр нийслэлийг цэвэр цэмцгэр байлгахын тулд гэр бүлийн хүний хамт зургаан жил зүтгэж байгаа ажээ. Түүнтэй хамт Сүхбаатарын талбайг 30 гаруй хүн цэвэрлэж байсан юм. Тэдний ажиллахыг ажиглан зогсох зуур нэрмэл архийг ч хөлдөөх нэг есийн жавар хацар хайрч, хөл, гар даарч байв. Зам талбайн ажилчид есийн жаврыг ч тосон шинжгүй цэвэрлэсэн хэсгээ дахин цэвэрлэсээр байсан юм.

ЗАМ ТАЛБАЙН АЖИЛЧДЫН ЦАЛИНГ ТАВАН ХУВИАР НЭМНЭ

Тохижилт, үйлчилгээний албаны дарга С.Ганчулуунаас зам талбайн ажилчдын амралтыг хэрхэн зохицуулдгийг тодруулсан юм.

-Нийслэлд хэчнээн зам талбайн ажилтан байна вэ?

-Дүүргүүдийн цэвэрлэгээг ТҮК-ийн ажилчид нь хариуцаад явчихдаг. Харин Нийслэлийн хот тохижилтын газар нь 160.9 км зам, талбайг хариуцан ажиллаж байна. Ийм хэмжээний зам талбайг 460 хүн цэвэрлэж, нийслэлийн иргэдийг цэвэр орчинд амьдрах нөхцөлөөр хангахаар ажиллаж байна. Жолооч нарыгаа оролцуулбал энэ ажилд 500 гаруй хүн оролцож байна. .

-Зам талбайн ажилчдын цалин амьдралд нь хангалттай хүрдэггүй юм билээ. Ирэх жилээс цалинг нь нэмэх үү?

-Одоогоор зам талбайн ажилчид маань 720 мянган төгрөгийн цалин авч байгаа. Үүний дээр хоол, унааны мөнгө гэж 88 мянган төгрөг нэмэгддэг. Өглөө нь ажлын автобусаар ажилчдаа цуглуулдаг. Ирэх жилээс /2020 оноос/ зам талбайн ажилчдын цалин таван хувиар нэмэгдэнэ.

-Амралтын өдөр ч амардаггүй, уртасгасан цагаар ажилладаг. Илүү цагийн мөнгө гэж бодогддог уу, бас хэзээ нь амардаг юм бэ?

-Хөдөлмөрийн хуулийнхаа дагуу ажилтны ажилласан цаг, өдөр, долоо хоногоор тооцон олгодог. Мөн хуулийн дагуу долоо хоногт 40 цаг ажиллуулж байгаа. Тусгай хуваарийн дагуу амралтын өдөр ээлжээр ажилладаг.

987 ХҮН АЖИЛЛАДАГ

Харин ТҮК-ийн ажилчдын цалинг нэмэх эсэхийг Нийслэлийн захирагчдын ажлын албаны мэргэжилтэн Н.Энх-Амгалангаас ТҮК-ийн ажилчдын цалин нэмэгдэх эсэхийг асуухад “Нийслэлийг цэвэр, цэмцгэр байлгахаар Хот тохижилт болон ТҮК-ийн 987 хүн ажилладаг. Эдгээр хүмүүсийн цалин 400 мянган төгрөг байсан бол 2011 оноос эхлэн үе шаттайгаар нэмсэн. Цэвэрлэж буй талбайны хэмжээнээс шалтгаалан цалин нь өөр байдаг ч дунджаар 900 мянган төгрөгийн цалин авч байгаа. Зам талбайн ажилчдын цалинг он гараад нэмнэ. Харин ТҮК-ийн ажилчдын цалинг нэмэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна” гэсэн юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж