SOS:26 хүн архины хордлогоор, 23 хүн осгож амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.12.27-нд нийтлэгдсэн

SOS:26 хүн архины хордлогоор, 23 хүн осгож амиа алджээ

SOS:26 хүн архины хордлогоор, 23 хүн осгож амиа алджээ

Шинэ жилийн баяр дөхөж догдол дүүрэн өдрүүд айсуй. Биднийг шинэ жил хэмээн хөөрцөглөн баярлаж байх зуур архидан согтуурсны улмаас осгож нас барсан иргэдийн тоо нэмэгджээ. Тухайлбал,  Гэмтэл согог судлалын үндэсний төвд долоо хоногт дунджаар 2000 гаруй хүн осол гэмтлийн улмаас яаралтай тусламж авдаг байна.

Эдгээр үйлчлүүлэгчдийн 16-17 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай яаралтай тусламж авдаг аж. Нэг үгээр хэлбэл согтуугаар осол гэмтэлд өртсөн шалтгаан жилээс жилд өсөх хандлагатай байна. Цагдаагийн байгууллагаас өгсөн тоон мэдээллээр энэ оны арванхоёрдугаар сар гарсаар архины гүн хордлогоор 26, осгосон байдалтайгаар 23 хүн амиа алдсан гэжээ.

Дээрх осгосон иргэдийн дийлэнх нь архидан согтуурсан үедээ биеэ авч явах чадваргүй байсны улмаас осгосон ба харамсалтай нь согтуу үедээ машин руугаа явах замдаа осгосон тохиолдол ч гарчээ. Иймээс архи согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах, биеэ авч явах чадваргүй болсон найз нөхдөө ар гэрт нь хүлээлгэж өгөх, гудамжинд хэвтэж байгаа хэн нэгэн иргэнд зайлшгүй тусламж дуудаж өгөх, орон нутаг руу зайлшгүй ажлаар явах тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах шаардлагатай байгааг онцлое.

АЛБАН БАЙГУУЛЛАГЫН ШИНЭ ЖИЛЭЭР НЭГНИЙГЭЭ АРХИАР ШАХАХГҮЙ БАЙЯ

Осголт, хөдлөлтийн хор хохирол их байдаг бөгөөд хөдөлмөрийн чадвараа алдах, гар хөлөө тайруулах зэргээр хор уршгийг тоочоод баршгүй. Эмч мэргэжилтнүүдийн анхааруулснаар хүйтэнд нимгэн хувцастай явах, архидан согтууралтаас үүдэлтэйгээр осгож гэмтэх нь элбэг байдаг гэнэ. ГССҮТ-ийн статитистик мэдээллээс харахад жил бүр 500 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг бөгөөд тэдгээрийн зонхилох хувь нь гүн осголтод орсноос болж мөчдийн аль нэг хэсгээр тайрагдаж хөгжлийн бэрхшээлтэй болж үлдэх нь бий. Осголт бол хүний хөдөлмөрийн чадварыг удаан хугацаагаар алдагдуулж улмаар хөгжлийн бэрхшээлтэй болгох уршигтай хүнд гэмтэлд тооцогддог. Мөн осголтын үед хэсэг газрын мэдээ алдагдах, хүрэлцэх мэдрэхүй алдагдах, арьс цайх, цаашлаад цэврүү үүсэх, зөөлөн эдийн үхжил үүсэх зэрэг шинж тэмдэг тохиолддог аж.

ХӨЛДӨЛТИЙН ҮЕД ҮЗҮҮЛЭХ АНХНЫ ТУСЛАМЖ:

  • Дулаан байранд оруулж, бүх биеийн үзлэг хийх,
  • Хэсэг газрын дулаан сайжруулах боолт хийх,
  • Биеийн гэмтсэн хэсгийг 20-40 градусын усанд 40 орчим минут байлгах,
  • Дулаан, хуурай хувцас, халуун хоол цай өгөх хэрэгтэй.
  • Харин биеийн осгож, хөлдсөн хэсгийг цас болох бусад зүйлээр үрж болохгүй, ил гал, хэт халуун усыг шууд ашиглаж болохгүй бөгөөд спиртний төрлийн бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй.

НИЙТ ДУУДЛАГЫНХ ДИЙЛЭНХ НЬ АРХИДАН СОГТУУРАХТАЙ ХОЛБООТОЙ ДУУДЛАГА БАЙНА

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн нэгдүгээр ээлжийн ахлагч З.Баярсайханаас тодруулав.

-Хүйтний эрч чангарсаар осголтын талаар дуудлага мэдээлэл нэлээд бүртгэгддэг байх?

-Осголт бол хүйтэн сэрүүн нөлөөний улмаас биеийн темпертур 33 градусаас доошоо болохыг осголт гэж үзэж байгаа. Осголтыг дотор нь гурав ангилдаг. Энэ ангиллаас хамаараад тухайн хүнд ямар арга хэмжээ авах вэ гэдгийг эмч өөрөө шийддэг.  Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор осголтын дуудлага нэлээд ирж байна.

Иргэд байгууллага хамт олны зохион байгуулалтаас болж осгосон ганц нэг тохиолдол гарч байгаа. Гэхдээ осголтын шинж тэмдэгтэй хүмүүс нэлээд байна. Тэр хүмүүсийг хотын хэмжээнд ГССҮТ-ийн яаралтай тусламжаар эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээг үзүүлдэг. Баяр наадам ойртож байгаатайгаар холбоотой ард иргэд дулаан хувцаслаж, архины хэрэглээгээ тохируулж хэрэглэх, мөн согтсон хүмүүсийг эрүүл байгаа хүмүүс нь хариуцаж гэрт нь хүргэж өгөх зохион байгуулалтад шилжвэл илүү сайн байна.

-Бага насны хүүхдийн тухайд?

-Бага насны хүүхэд харьцангуй гайгүй. Харин архи дарс хэрэглэсэн хүмүүс энд тэнд тасраад уначихсан байдаг. Анхны байдлаар цагдаа түргэн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай бол эмнэлэгт хүргэж өгдөг. Эмч үзээд тухайн газар дээр үнэлэлт дүгнэлт хийснээр шийддэг.

-Иргэдэд юуг сэрэмжлүүлэх вэ?

-Энэ сар баярын сар болохоор манай байгууллага ачаалал ихтэй ажиллаж байна. Ер нь согтуутай холбоотой дуудлага дийлэнх нь байна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэртэж гэмтсэн иргэдийн тоо буурвал бол дуудлагын тоо харьцангуй багасна. Үнэхээр шаардлагатай хүмүүст нь тусламж үзүүлэх цаг хугацаа нэмэгдэнэ. Тиймээс ард иргэд тааруулж ууж хэрэглээрэй гэж зөвлөе.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж