Шулам болохоор суралцаж буй бяцхан шидтэн Кики үсэрхэг найзынхаа хамт төрсөн гэрээсээ гарч шинэ хотод ирж хэрхэн шинэ амьдралтай танилцаж, дасан зохицож буй тухай өгүүлэх “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” анимейшнийг үзээгүй, мэдэхгүй хүн гэж үгүй байх. Энэ удаагийн “Хүмүүс” булангаараа тус киноны зохиолыг бичсэн Японы зохиолч Кадано Эйког танилцуулж байна.
“Хүн болгонд дор хаяж нэг ид шид байдаг гэдэгт итгэдэг” хэмээн өдгөө 84 настай Кадоно Эйко хэлжээ. Ингэж хэлэх үед түүний нүдэнд оч гялалзах шиг л харагдаж байлаа.
Хүүхдийн зохиолч Кадоно Эйко 1935 оны нэгдүгээр сарын 1-нд Токио хотноо мэндэлжээ. Өдгөө гурван эриний нүүрийг үзэж буй зохиолч дэлхийн хоёрдугаар дайны үед арваадхан насандаа Японы хойд муж руу шилжин суурьшсан байна.
Дэлхийн хоёрдугаар дайн дуусахад тэр тавдугаар ангид суралцаж байсан ба тэр л үед “дайсны хэл” гэгддэг байсан англи хэлийг сонирхон судалж эхэлжээ. Ингээд Васэда их сургуульд элсэн орж, Английн уран зохиолоор мэргэшиж, сургуулиа төгсөөд хэвлэлийн компанид ажиллах болжээ. Тэр 23 настайдаа айлын эхнэр болж, удалгүй нөхрийнхөө хамт Бразил руу цагаачилсан байна. Багаасаа л уран зохиолд дуртай байсан Эйко дайны хүнд хэцүү цагт ээжийгээ алдсан уйтгар гунигаа ном зохиол уншин нимгэлж, өөрийгөө тайтгаруулдаг байжээ.
Бразилд очтол түүний шимтэн байж сурсан англи хэл нь тэнд ямар ч хэрэгцээгүй болохыг мэдээд тэр их сэтгэлээр унажээ. Гэхдээ тэр бууж өгсөнгүй, гэрийнх нь ойролцоо амьдардаг 12 настай жаалаар португал хэл заалгаж, самба бүжиглэж, хэрэндээ л Бразилын амьдралын хэв маягт дасан зохицохыг хичээсэн байна.
Ийнхүү амьдарсаар хоёр жилийн дараа эх орондоо эргэн ирэхэд түүний их сургуулийн багш Английн уран зохиол судлаач Тацунокучи Наотаро Бразилд өнгөрүүлсэн амьдралынхаа талаар хүүхдийн зохиол бичихийг санал болгожээ. Ингэж түүний хамгийн анхны бүтээл болох “Бразил ба миний найз Луизиньо” нэртэй зохиол бичигдэж байсан түүхтэй. Энэ үеэс бичихдээ тийм ч сайн биш унших дуртай байсан тэр хүүхдийн зохиол бичих үедээ өөрийгөө хэчнээн их баярлаж, догдолж, дурлаж байгаагаа ойлгожээ. Эйког ийн уран зохиолын ертөнцтэй холбогдоход нь багад нь түүнийг өвдгөн дээрээ суулгаад янз бүрийн үлгэр, зохиол уншиж өгдөг байсан аав нь ихэд нөлөөлсөн байна.
“Ойн жим”, “Бразил ба миний найз Луизиньо” “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” зэрэг 200 гаруй ном зохиол, зурагт ном, эссэ бичиж туурвисан байна. Үүн дотроос түүний хамгийн алдартай зохиол болох “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” шидэт үлгэр нь хүүхдийн шилдэг зохиолоор шалгарч түүнд 2018 онд Данийн хүүхдийн нэрт зохиолч “Ханс Кристиан Андерсен”-ий нэрэмжит шагналыг авчирсан юм. Шүүмжлэгчид түүний зохиолуудыг Японы соёл, урлаг, зан заншил гүн шингэсэн, үгээр илэрхийлэхийн аргагүй яруу сайхан хэмээн тодорхойлдог.
Зохиолч “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” зохиолынхоо санааг охиныхоо зурсан хар юүдэнтэй малгай өмссөн, шүүр унасан шулмыг дүрсэлсэн хөгжилтэй зурагнаас сэдэвлэн бичжээ.
Түүний охин Рио Ватанабэ энэ зургийг зурах үедээ 12 настай байжээ. “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” зохиол Японд л гэхэд 1,7 сая хувь хэвлэгдсэн төдийгүй 13 орны хэлнээ хөрвүүлэгдсэн байдаг. Сүүлд Японы алдартай анимэйшн студи “Жибли” түүний зохиолоор хүүхэлдэйн кино бүтээсэн нь Японд төдийгүй дэлхийн олон оронд асар их амжилт олж, хүүхэд бүрийн үзэх дуртай киноны нэг болсон билээ. Ирэх жил түүний анхны зохиол болох “Бразил ба миний найз Луизиньо” зохиолын 50 жилийн ой болох бол 2022 онд Токиогийн Эдогавад түүний бичсэн ном зохиолуудаар музей байгуулахаар төлөвлөгджээ.
Эх сурвалж: nippon.com
Холбоотой мэдээ