Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд өнөөдөр өглөө 10.00 цагаас эхэлсэн Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал өндөрлөж, дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Мөнхбаяр, Ш.Төгсгэрэл, С.Оюунчимэг нар ажилласан юм.
Дөрвөн настай охиноо санаатай хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэгдэж байсан Т.Цогт болон талийгаач охины хойд ээж Г.Маралмаа нарт Шүүхээс тус бүрт нь 24 жилийн хорих ял оноолоо.
Улсын яллагчийн зүгээс Г.Маралмааг хүний амь нас онц хэрцгийгээр, биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж хөнөөсөн хэмээн буруутгаж 25 жил, Т.Цогтыг хүний амь насанд санаатайгаар халдсан хэмээн 22 жилийн ял оноохоор төлөвлөөд байсан бол Шүүх бүрэлдэхүүн ийнхүү эцсийн шийдвэр гаргахдаа Т.Цогтын таван жилийн ялыг гянданд, үлдсэн 19 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Г.Маралмаагийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэр гаргажээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11 /бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын амь насанд хүрсэн/ 91.2.12 /онц харгис хэрцгий аргаар/ 91.2.15 /хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж/ 100.1 /байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн/ гэх зүйл ангиар буруутган шүүсэн юм.
Шүүх хурал дуусмагч хэрэгтнүүдийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги руу авч явлаа. Г.Маралмаа шүүгдэх хугацаанд бие давхар /Энэ сард амаржина/ байсан бөгөөд нэгэнт шүүхийн шийдвэр гарсан тул хүүхдээ хорих ангид төрүүлж, нэг ой хүрэхээр нь асран хамаалагчид шилжүүлэх болж байна.
Д.УЛАМБАЯР