Дүүжин тээвэр агаарт битгий замхраасай!

Хуучирсан мэдээ: 2019.12.26-нд нийтлэгдсэн

Дүүжин тээвэр агаарт битгий замхраасай!

Дүүжин тээвэр агаарт битгий замхраасай!

Нийслэлийн хэмжээнд 1170 автобус үйлчилгээнд гардаг бол өдөрт дунджаар 600 мянган хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэсэн судалгаа бий. Зундаа хэт халуун, өвөлдөө хөргөгч шиг хүйтэн, хүнээ ч багтаах зайгүй болдог нийтийн тээврийн үйлчилгээнд сэтгэл дундуур хүн дэндүү олон. Нэг сая хол давсан хүн амтай хотод дунджаар 2500 автобус үйлчилгээнд явахыг стандарт харьцаа гэж үздэг.

Бохир заваан, хүйтэн, хүндрэл чирэгдэл ихтэй нийтийн тээврээс болж өнөөдөр хүн бүхэн машин унах болсон. Тиймээс хотын түгжрэлийг бууруулах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний соёл, хүртээмж, түргэн шуурхай байдал нь байнгын хөндөх сэдэв болсон билээ. 

Нэг сая хүнтэй хотод 2500 автобус өдөрт үйлчлэх ёстой гэвэл улаанбаатарчуудад хоёр дахин бага тоотой автобусаар үйлчилж байна гэсэн үг. Гэтэл Улаанбаатар хот нэг сая гаруй хүнтэй. Тиймээс нийтийн тээврийн хүрэлцээ муугаас иргэд автобус унаа олон цагаар хүлээх, даарах, бухимдах зэргээр стресс үүсгэж буй нийгмийн нэг асуудал болсон.  

Тиймээс  Засгийн газрын өчигдрийн /2019.12.25/  хуралдаанаар 2020 онд Нийслэлийн нийтийн тээвэрт шинэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх шийдвэрийг гаргалаа. Нийтийн тээвэрт шинэ үйлчилгээг нэвтрүүлэх тухай бодлого шийдвэрүүд бол үнэндээ шинэ сэдэв биш юм. 

ДҮҮЖИН ЗАМЫГ ЭХЛЭЭД БАЯНХОШУУГААС III, IV ХОРООЛОЛ ХҮРТЭЛ ХИЙНЭ

 2020-2021 онд Францын хөгжлийн Засгийн Газрын санхүүжилтээр Кабел Кар буюу дүүжин тээврийн  үйлчилгээг нэвтрүүлэхээр судалгааны ажил хийгдэж байгаа  юм.  Нийслэлийн уулархаг хэсгүүдэд зам, дэд бүтэц бага хөгжсөн учраас  дүүжин тээвэр хэрэглээнд нэвтэрснээр хотын хойд суурьшлын хэсгийн иргэд  хурдан шуурхай зорчих боломж бүрдэх гэнэ.

Зээлийн хөрөнгөөр эхний ээлжид Баянхошуу орчмоос III, IV хороолол хүртэл болон Энхтайвны гүүр, Чингисийн өргөн чөлөөний замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр шугам нээхээр төлөвлөж байгаа аж. Дүүжин тээврээр цагт  2500-3000 хүн үйлчлүүлэх бөгөөд Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут, Зайсангаас хотын төв рүү найман минутад зорчино гэж тооцоолжээ. Ингэхдээ дүүжин тээврийг кабелаар холбох бөгөөд  2020 онд ашиглалтад орох боломжтой хэмээн  албаныхан үзсэн байна.

УЛААНБААТАРТ МЕТРО БАРИХ ШИЙДВЭР ОДОО Ч ХЭРЭГЖЭЭГҮЙ 

Мөн өөр нэг яригдаж эхэлсэн зүйл нь  нийтийн тээврийн шинэ төрөл болох Bus rapid transport /BRT/ буюу тусгай замын автобус юм.   Эхний ээлжид 2020 онд  Нисэх-Долоон буудал чиглэлд 15 буудалтай байхаар нэвтрүүлэх  юм. Дараагийн шатанд хотын төв замуудад тойрог хэлбэрийн маршрутаар 60 орчим буудалтай байхаар төлөвлөжээ. Уг нь тусгай замын автобус нь 2015 онд Нийслэлийн  Засаг  даргын тамгын газар, Азийн  хөгжлийн  банктай хамтран  хэрэгжүүлэхээр батлагдсан  ч, тухайн үедээ Улаанбаатар хотод метро барих учир, тусгай замын ашиглалт шаардлагагүй гэдэг шалтгаанаар хэрэгжиж амжаагүй гэх. Үүнээс гадна 2017-2018 онд тусгай замын автобусыг  барьж байгуулах зураг төслийг боловсруулахаар олон улсын тендер шалгаруулалт зарлажээ.

Харамсалтай нь  тухайн жилдээ тендер сонгон  шалгаруулалт нь амжилтгүй болсон учраас энэ жилээс дахин олон улсын  тендер зарлахаар бэлдэж буй. Ямартай ч дээрх асуудал анх яригдаж байсан  цагаасаа хойш  зургаан жилийн дараа гараанаас гарахаар дуншиж байна. Тус  төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа   өнөөдрийн байдлаар төслөө боловсруулан, зээлийн хэлэлцээр нь байгуулагджээ.

Ингэхдээ автозамын  нэгдүгээр   эгнээг бусад эгнээнээс тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг явуулах бөгөөд  автобусны нэгдүгээр эгнээг замын голд, автобусны буудлыг мөн замын голд  шилжүүлэх юм.

Эргэн сануулахад,  2012 онд тухайн үеийн нийслэлийн удирдлагууд  Улаанбаатар хотыг метротой болгох талаар яригдаж байсан ч тэр мөрөөдөл бараг замхрах тийшээ хандсан гэхэд буруудахгүй.  Гэвч энэ төсөл 2013 ондоо “царцаж”, бүрмөсөн сураг алдарчээ. Нийслэлчүүд одоо ч түгжрэлээс болж бухимдлаа барж, авто зам дээр зодолдсон хэвээр. Иргэд эхнээсээ “Улаанбаатар метро”-г мартаж эхэлжээ. Ямартай ч дээрх яригдсан шинэ төрлийн нийтийн тээвэр  нь хөрсөн дээр буух эсэхийг харах л үлдлээ.

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж