Холбоочиддоо баярын мэнд дэвшүүлье

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Холбоочиддоо баярын мэнд дэвшүүлье

Монгол улсад харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярын мэндчилгээ
   
    Харилцаа холбооны салбарт  оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж байсан үе үеийн ахмадууд, зах зээлийн өнөө үед холбооны үйлчилгээг   олон түмэндээ хүргэж буй  холбоочид, тэдний гэр бүлийнхэнд “Монголын цахилгаан холбоо” компанийн нэрийн өмнөөс  болон хувиасаа  чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан  бүхнийг хүсэн ерөөе.
    89 жилийн түүхтэй энэ салбарын тулгын чулууг тавилцаж, галыг нь асаалцсан, хөгжлийн түүхийг бүтээлцсэн ахмад буурлууд, шинэ үеийн түүхийг дархалж яваа дунд, залуу үеийнхнийхээ  амжилт  ололт,  идэвх санаачилга, бүтээлч хөдөлмөрөөр бид ямагт  бахархаж, халуунаар дэмжсээр ирсэн билээ.
   “Монголын цахилгаан холбоо” компани өнөөдөр эх орны дөрвөн зүг, найман зовхист  суурин болон утасгүй суурин холбоо, интернэт, улс хоорондын яриа, таксафон, кабелийн телевиз, мэдээллийн лавлагаа зэрэг харилцаа холбооны цогц үйлчилгээ үзүүлж байна.
      Манай хамт олон 2010 оны эхний таван сарын дүнгээр орлогын албан татварт 139.6 сая төгрөг төвлөрүүлж, 1.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан амжилтаар холбоочдын баяраа угтаж байна.
     Бид Харилцаа холбооны тухай хууль, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн хөгжлийн бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт харилцаа холбооны талаар тусгасан зорилт, компанийн удирдлагын зүгээс өмнөө тавьсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэх болно.
   Та бүхэндээ холбоочдын баярын мэнд хүргэж, төрлөөрөө түвшин амгалан, хотлоороо энх  амгалан байж, ажил хөдөлмөрийн их амжилт гаргахын өлзий дэмбэрэлтэй  ерөөлийг өргөн дэвшүүлье.    
              Холбоочдын маань  юу санасан есөн цагаан хүсэл сэтгэлчлэн бүтэх болтугай.
    
 “МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ О.БАТЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж