Бондуудын эргэн төлөлт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.26-нд нийтлэгдсэн

Бондуудын эргэн төлөлт эхэлнэ

Бондуудын эргэн төлөлт эхэлнэ

Манай улсын 2020-2024 онд төлөх гадаад валютын өр төлбөр 14.4 тэрбум ам.доллар буюу валютын нөөцөөс гурав дахин их байна. Түүнийг төлөхийн тулд валютын нөөцөө нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлээ сайжруулах ёстойг эдийн засагчид анхааруулсаар буй юм.

Монгол Улс “саарал жагсаалт”-д орсон нь дахин санхүүжилтийн хүү өсөх эрсдэл бий болгож буй. 2020 ондоо багтан тус жагсаалтаас гарвал 2021 оноос Засгийн газрын хугацаа нь дуусч эхлэх евро бондуудыг дахин санхүүжүүлэхэд хүү нь бага байх боломж бүрдэх аж.

Засгийн газрын бонд суурь хүүг тогтоодог. Аливаа улсын засгийн газрын бондыг найдвартай эргэн төлөгдөнө гэж үздэг учир хамгийн эрсдэл багатай үнэт цаасанд тооцдог. Бондын хүү нь хугацаанаасаа хамааран янз бүр байдаг бөгөөд эргэн төлөгдөх хугацаа нь урт болох тусам хүү нь нэмэгддэг.

Засгийн газар 2012 оноос хойш нийт долоон бонд гаргаж, долоон их наяд гаруй төгрөг босгосон. 2021 онд Мазаалай, 2022 онд Чингис, 2023 онд Самурай, Гэрэгэ, 2024 онд Хуралдай бондын өрийг төлнө.

Чингис бонд. Хамгийн өндөр дүнтэй, нэг тэрбум ам.долларын бонд. Бондын эргэн төлөлтийн хуваарийг харвал 2021-2024 оны Засгийн газрын гадаадын өрийн эргэн төлөлт манай улсын төсөвт ихээхэн дарамт учруулахаар байгаа юм. Манай улс түүхэндээ хамгийн өндөр буюу 1.5 тэрбум долларыг олон улсын зах зээлд арилжаалсан нь Чингис бонд байв. 2018 онд төлөгдсөн 500 сая доллар, 2022 онд төлөгдөх нэг тэрбум доллараас бүрдсэн, 4.125-5.125 хувийн хүүтэй. Чингис бондын эхний өрийг Гэрэгэ бондоор төлсөн.

Евро бонд. 2012 онд нийт 600 сая ам.долларын бонд босгох зөвшөөрлийг Хөгжлийн банкинд өгсөн. Үүнд Сү.Батболдын Засгийн газар баталгаа гаргасан. Таван жилийн хугацаатай 5.75 хувийн хүүтэй, 580 сая долларыг олон улсын зах зээлээс босгосон. Монголын эдийн засаг хүнд байсан учир Хуралдай бонд босгож, Еврогийн өрийг дарсан.

Хуралдай бонд. Засгийн газраас 30 тэрбум иений бондыг арван жилийн хугацаатай, 1.52 хувийн хүүтэй, гадаад валютаар, хаалттай хэлбэрээр Японы үнэт цаасны зах зээлд арилжсан. Тус бондыг гаргахад Японы Засгийн газар батлан даасан учир зарцуулалтад хатуу хяналт тавьдаг.

Дим Сам бонд. Мөн нэг тэрбум юань буюу 160 сая амдолларын бонд олон улсын зах зээлд арилжаалсан. Гурван жилийн хугацаатай, 7.5 хувийн хүүтэй тус бондыг арилжаалсан зорилго нь 2015 онд хугацаа нь дууссан Засгийн газрын өндөр хүүтэй дотоодын үнэт цаасыг санхүүжүүлэх байв.

Мазаалай бонд. Таван жилийн хугацаатай 500 сая долларын Мазаалай бондыг 10.875 хувийн хүүтэй гаргасан. Энэ нь Засгийн газрын 2011 оноос хойших хамгийн өндөр хүүтэй бондод тооцогддог.

Бонд гэдэг нь Засгийн газар, аль эсвэл хувь компаниас төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүүжилт босгох гэж гаргасан, тодорхой хугацааны дараа үндсэн тѳлбѳр болон хүүгээ эргүүлэн авдаг ѳрийн бичиг бүхий үнэт цаас юм.

Хуралдай бонд. 8.75 хувийн хүүтэй, 600 сая долларын өрийг 2024 онд төлнө. Үндсэн төлбөр хийгдэх хүртэл гэрээний дагуу хагас жил тутам хүү төлж буй бөгөөд хүүд нь хагас жил тутамд 26 сая 250 мянган доллар буюу 63 тэрбум гаруй төгрөг төлөх юм.

Гэрэгэ бонд. Чингис, Дим Сам бондын өрийг төлөх зорилгоор Засгийн газар 5.5 жилийн хугацаатай, 5.625 хувийн хүүтэй 800 сая ам.долларын Гэрэгэ бондыг арилжаалсан. 2023 онд эргэн төлнө.

2019 оны 12 дугаар сар 25-ны өдрийн байдлаар, Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар Засгийн газрын 2,300 ширхэг бонд 234.3 сая төгрөгөөр, гурван ангилалд 36 хувьцаат компанийн 438,022 ширхэг хувьцаа 146.5 сая төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж