Зул сарын ид шид: 14 мянган дүрвэгчийг аварсан хөлөг онгоц

Хуучирсан мэдээ: 2019.12.26-нд нийтлэгдсэн

Зул сарын ид шид: 14 мянган дүрвэгчийг аварсан хөлөг онгоц

Зул сарын ид шид: 14 мянган дүрвэгчийг аварсан хөлөг онгоц

Одоогоос 70 жилийн өмнөх Зул сарын баярын үеэр буюу 1950 он арванхоёрдугаар сарын 25-ны өдөр АНУ-ын худалдаа, тээврийн “Meredith Victory” хөлөг онгоц ачиж явсан бүх ачаа тээвэр, зэр зэвсгээ буулган оронд нь дайн дажинаас зугтан дүрвэж буй Умард Солонгосын 14 мянган дүрвэгчийг ачин Өмнөдийн Геоже арлын зүг хөдөлжээ. Энэхүү хөлөг онгоцыг түүхэнд “Шидэт хөлөг” хэмээн тодотгодог.

1950 оны арванхоёрдугаар сард НҮБ-ын 100 мянга гаруй цэрэг Умард Солонгосын Хуннам боомтод ирээд байв. Гэтэл үүнээс бараг дөрөв дахин их хятад цэргүүд тус боомтод байрлаж байсан юм. Түүхэнд “Чосиний тулаан”, “Жанжины тулаан” зэрэг нэрээр үлдсэн цаг үед энэ үйл явдал болсон аж.

Хүйтэн дайны үеийн хамгийн том тулаан гэгддэг Солонгосын дайнд Умардуудыг ЗХУ, БНХАУ дэмжиж байсан бол Өмнөдүүдийн талд АНУ тэргүүтэй барууны орнууд байсан юм.

“Meredith Victory” бол Хятадын армид цохигдсон НҮБ-ийн цэргүүдийг авч явах даалгавартайгаар Хуннам боомтод ирсэн 100 гаруй АНУ-ын хөлгүүдийг нэг байв. Тэдгээр онгоцууд цэргүүдийг Өмнөд Солонгосын Бусан, Геоже арлуудад хүргэх ёстой байсан болохоос дүрэвгчдийг хамт тээвэрлэх ямар ч төлөвлөгөө байгаагүй юм.

Гэтэл 1950 оны арванхоёрдугаар сарын 23-ны өглөө Америкийн усан онгоцыг хүлээсэн НҮБ-ын цэргүүдээс гадна Умардын хэдэн мянган дүрвэгч дайны хөлөөс зугтан, аврал эрэн боомтод цугларсан байжээ. Энэ үед Солонгосын дайн эхэлж байсан бөгөөд Умардуудын хувьд амь аврагдах цорын ганц гарц нь далай тэнгис байжээ. Тэдэнд аз таарч АНУ-ын хөлгүүдэд дайгдаж далайд гарах, үхэх гэсэн хоёр л сонголт үлдээд байж.

АНУ-ын тэнгисийн цэргийнхэн тэр үед үндсэн даалгавар нь зөвхөн цэргүүдийг авч явах байсан тул хоорондоо маргаж эхэлжээ. Эцэст нь тэд өвлийн хахир хүйтэн цагт нялх нойтон хүүхдээ дагуулан аврал эрэн зогсох Умардын олон мянган дүрвэгчийг үхэг гээд орхиод явж чадалгүй тэдэнд туслахаар шийдсэн байна.

Ингээд тэд ус ч үгүй, хоол ч үгүй, дээр нь унтаж хэвтэх нь битгий хэл хөл гишгэх ч зайгүй чихцэлдэж явсаар гурав хоногийн дараа Өмнөд Солонгосын Геоже аралд бүгд эсэн мэнд газардсан байгаа юм. Тэр ч бүү хэл аяллын үеэр таван шинэ хүн мэндэлсэн байдаг. Хөлгийн багийнхан солонгос хэл мэдэхгүй тул хөлөг дээр мэндэлсэн хүүхдүүдийг Кимчи 1, Кимчи 2 гэх зэргээр Кимчи 5 хүртэл нэрлэжээ.

Энэ түүхийг Кимчи 5 буюу “Meredith Victory” хөлөг дээр мэндэлсэн, одоог хүртэл Геоже арал дээр амьдарч буй Ли Гён Пиль ярьсан юм. Тэр эхэндээ Кимчи 5 нэрэндээ дургүй байсан ч хожим түүхийг нь мэдээд өөрт нь энэ нэрийг хайрласан хүмүүст чин сэтгэлээсээ талархаж амьдардагаа илэрхийлжээ.

 

ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭЦЭГ ЭХ Ч ДҮРВЭГСДИЙН ДУНД БАЙЖЭЭ

“Meredith Victory” хөлөгт дайгдсан Умардын олон мянган дүрэвгчдийн дунд Өмнөд Солонгосын одоогийн Ерөнхийлөгч Мун Жэ Иний эцэг эх ч явсан гэдэг. Энэ тухай өнгөрсөн аравдугаар сард 92 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Мун Жэ Иний ээж Кан Хан Уг дурсан ярьсан байдаг.

Ерөнхийлөгч Мун Жэ Ин 2017 оны зургадугаар сарын 28-ны өдөр АНУ-ын Виржиниа мужийн Квантико дахь Тэнгисийн корпусын үндэсний музейд “Meredith Victory” хөлөг онгоцны хөшөөний дэргэд зогсон АНУ-ын цэргүүдэд хүндэтгэл үзүүлэх үеэрээ “Хүндэтгэл, талархал гэдэг үгс хангалттай биш. Солонгос, Америк гэдэг хоёр улс ямар нягт холбоотойг энэ түүхээс харж болно. Энэ холбоог цаасан дээр зурсан гарын үсэг илэрхийлэхгүй” хэмээн хэлээд ээж нь түүнд 1950 оны арванхоёрдугаар сарын 24 буюу Зул сарын өмнөх өдрийн орой Америк цэргүүд Зул сарын бэлэг болгож хөлөг дээр байсан бүх хүмүүст чихэр тарааж байсан тухай хуучилж байсан түүхийг хуваалцжээ.

Эх сурвалж:BBC, Share America

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж