"Би гэсэн амбицаас болж циркчид хоорондоо нэгдэж чаддаггүй"

Хуучирсан мэдээ: 2019.12.26-нд нийтлэгдсэн

"Би гэсэн амбицаас болж циркчид хоорондоо нэгдэж чаддаггүй"

"Би гэсэн амбицаас болж циркчид хоорондоо нэгдэж чаддаггүй"

 Монголд циркийн урлаг хөгжөөд 79 жилийг ардаа орхижээ. Энэ урт хугацааны түүхийг өнөөдөр ч циркчид олон улсын тавцанд нэр төртэйгөөр үргэлжлүүлэн авч яваа.Үүний нэг тод жишээ бол, 150 гаруй жилийн түүхтэй АНУ-ын “Ringling Bros & Barnum Bailey” нүүдлийн циркт ажиллаж байсан “Circus Mongolia Khadgaa” циркийн жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Н.Дашдэндэв юм. Түүнийг монголчууд “Авьяаслаг Монголчууд” 2018 шоунд оролцсоноор нь андахгүй. Тэрбээр хоёрдугаар ангийн сурагч байхдаа циркийн тоглолт анх үзсэн бөгөөд маш их таалагдсан учир ангийн багшдаа “Би циркчин болно” гэж хэлж орхисон гэдэг. Тун удалгүй есхөн настай бяцхан Дашка сургуулийн самбараас “Циркт бүртгэж байна” гэх зарыг олж хараад шууд бүртгүүлснээр циркийн урлагт эргэлт буцалтгүй оржээ. Түүнийг өнөөдөр “Circus Mongolia Khadgaa” циркийн жүжигчин, жонглёрчин, акробатчин, аварга могой тоглуулагч гэдгээр нь олон түмэн сайн мэднэ.  Ингээд түүнтэй  өөрийнх нь уран бvтээл, vзэл бодол, циркийн урлагт тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцлаа.


“ЦИРКЭЭС ЗАР ИРСЭН БАЙНА. ЧИ ОЧООД БVРТГҮҮЛЭЭЧ"

-Таны хувьд  өдгөө 24 дахь жилдээ циркийн урлагт хүчин зүтгэж байна. Есөн настайдаа анх циркт бүртгүүлэхдээ өөрийнхөө амьдралыг бүхэлд нь тус салбарт зориулна гэж таамаглаагүй л байх даа?

-Би есөн настайдаа зарын дагуу циркт очиж бүртгүүлж байсан юм. Тухайн үед балчир байсан болохоор таны хэлж байгаа шиг төсөөлөл, таамаглал байгаагүй л дээ. Угаасаа багадаа их vсэрдэг, харайдаг, хурдан шаламгай хөдөлгөөнтэй  хүүхэд байсан учраас манай арван жилийн багш “Циркээс зар ирсэн байна. Чи очоод бүртгүүлээч. Чамд яг сайн тохирно” гэж хэлж билээ.  Тэгээд очиж бүртгүүлээд шалгаруулалтад  асуудалгүй тэнцсэн. Тэр цагаас хойш циркээс салаагүй.  Намайг гардаж авсан анхны багшийг минь Гончигийн Батбаатар гэдэг. Тулах тэнцвэр, акробат, жонглёрын багш хvн. Багштайгаа 1995-2004 он хүртэл хамтдаа хичээллэсэн. Түүнээс хойш гурван жил Туркэд бэлтгэл хийгээд 2006 оноос өөрөө бие даан тусдаа гарсан. Харин 2007 оноос хойш “Circus Mongolia Khadgaa” циркийнхэнтэй хамтарч ажиллаж байна даа.

“Circus Mongolia Khadgaa”-ийн циркийн жүжигчид 2015 онд 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр Америкт төдийгүй дэлхийн номер нэг цирк байсан  ”The Ringling Bros.and Barnum & Bailey” нүүдлийн циркт гурван жилийн турш 33 орны уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байсан арвин түүхтэй. Манай циркчдийн зарим нь  олон улсад тоглолтуудаа хийж байгаа бол үлдсэн нь монголдоо ажиллаж, амьдарч байна. Бид хамгийн сүүлд гэхэд энэ сарын 21,22-ны өдөр хүүхдүүдэд зориулсан “Хүүхдийн зул сарын адал явдал” нэртэй тоглолтоо гадны 20 гаруй уран бүтээлчидтэй хамтран үзүүлсэн.

-Ингэхэд циркчин бүрийн хүсэл мөрөөдөл болсон  Ringling Bros & Barnum Bailey” нүүдлийн цирк чухам яагаад хаагдах болов?

-Америкийн алдартай циркийн эцэг компани гэгддэг “Feld Entertainment” 1964 онд 150 гаруй жилийн түүхтэй тус циркийг худалдаж авсан байдаг. Тэрнээс хойш энэхүү циркийн үйл ажиллагаагаа тасралтгүй явагдаж  2017 оны тавдугаар сард хаагдсан. Ер нь тэгээд амьтны эрхийн асуудал хэд хэдэн удаа хөндөгдсөнөөс болж хаагдсан. “Ringling Bros & Barnum Bailey” нүүдлийн циркийн гол хүчин зүйл нь ерөөсөө амьтад. Заан, бар, арслан, тэмээ, морь, тэмээн хяруул, гахай, нохой, могой, шувуунууд, имж, лхам гөрөөс, ямаа, хонь гээд бүх л амьтад байдаг байсан.

Шоу тус бүрдээ бүтэн хоёр жилийн хөтөлбөрийн дагуу циркийн бүх жүжигчид, заан, морь, тэмээ, арслан бар зэрэг амьтад болон бусад тоглолтын хэрэгслээ багтаасан 5-6 км урт галт тэргээр хотоос хотуудын хооронд нүүдэллэн тоглодог байлаа. Олон орны уран бүтээлчид хамтарч толилуулсан аялан тоглолт үнэхээр гайхалтай байсан.

-Та гадны циркчидтэй чамгүй олон жил хамтарч ажилласны хувьд өөрийн улстай харьцуулахад ямар ялгаа ажиглагддаг вэ?

-Хамгийн том ялгаа нь гадаадын циркчид нэгдэж чаддаг бол монголын циркчид хоорондоо нэгдэж чаддаггүй.

БҮГД Л БИ ГЭСЭН АМБИЦ ИХТЭЙ, ДАРГЫН СУУДАЛД ДУРТАЙ

-Магадгүй  “АСА” цирк хувьчлагдсанаас хойш их олон хувийн цирк төрөн гарж өрсөлдөөн үүссэн учраас тийм байдалд хүрчхэв үү. Уг нь, тус тусдаа уран бvтээл хийж байхаар зангидсан гар шиг нэгдэж нэг удирдлага дор байвал илүү үр өгөөжөө өгөх байсан  байх?

-Хэрвээ энэ олон жилийн түүхтэй циркээ хувьчлаагvй байсан бол энэ хэдэн уран бүтээлч Монголын цирк гээд нэгэн дээвэр дор явж байх байсан. Нэгэнт хувьдаа гарчихсан учраас нь хувь хувиа хөөхөөс өөр арга байхгүй шүү дээ. Уг нь, урлаг дотроос циркийн урлаг Монгол Улсын нэрийг маш олон улсад  өргөж байгаа. Би үүнийг хаана ч итгэлтэй хэлж чадна.

Гэхдээ үнэнийг хэлэхэд монголын цирк устаж үгүй болоход ойрхон байна. Дэлхийд цойлж буй  шилдгийн, шилдэг циркчдийг нэгтгэдэг “Нарны цирк” монголын сор болсон циркчдийг түүгээд авчихлаа. Дэлхийн зах зээлийн  урлагийн ноён оргилд нь  ханш орлогоороо “Нарны цирк” тэргүүлж байна.

Тэдний ашгийг даваад гарсан урлагийн ямар ч төрөл байхгүй. Үнэхээр зах зээл нь монголд биш гадаадад байна.  Монголын циркийн жүжигчид  уран чадвар , авьяас, эр зоригоороо дэлхийд номер нэг. Гэхдээ монголд циркчдийг үнэлэх үнэлгээ, дэмжлэг байдаггүй. Үүнд  төр засгийг буруутгахаас илүү  циркчид өөрсдөө л  буруутай.

-Яагаад?

-Нэг цул тойрог дотроо багтаж нэгэн гэр бүл шиг нэгдмэл байж  чадаагүйгээс болж өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүрсэн хэрэг. Бүгд л би гэсэн амбиц ихтэй. Даргын суудалтай дуртай.Одоо ч  нэгдэж чаддаггүй шалтгаан нь тэр.

Хэрэв бид нэгдэж чаддаг байсан бол  цирк өнөөдөр урлагийн ноён оргилд гарах бүрэн боломжтой байсан. Би үнэнийг л хэллээ. Миний хувьд өөрийнхөө ажилладаг салбарыг харахад бодит байдал ийм л байна.

Монголын циркчид дэлхийн хамгийн нэр хүндтэй   тэмцээнүүдийн гран при том, том гэсэн бүх шагналуудыг авчирдаг. Тэгсэн мөртлөө ганц нэг телевиз, радиод өөрсдөө гүйж очиж ярилцлага өгөх жишээний. Тэд монголд ирээд үнэлэгдэхгүй, цалингүй. Хатуухан хэлэхэд  лааз өшиглөнө гэдэг л болдог.“HU” хамтлагийг хар л даа. Тэд өөрсдийн агуу түүхийн онцлогоороо л гадны рок дуулдаг хамтлагаас ялгарч гарч ирлээ. Бид ийм агуу түүхтэй байж циркийн урлагаа мөхөхийг хараад сууж байгаа нь даан ч харамсалтай. Үүнд буруутай маш олон хүмүүс бий.

Циркийг талцуулж, хуваасан үе, үеийн циркийн ахмадууд ч бий. Урлаг, спортын салбарт хуваалцаж талцаагүй холбоо алга. Монголын циркчдийн холбоо насаараа энэ салбарт зүтгэсэн ахмадуудаа шагнал урамшуулалд хамруулах гэхээр эсрэг холбоо байгуулдаг. Тэгсээр байгаад соёлын тэргүүн аваагүй бурхны оронд одсон маш олон ахмадууд байна.

Тийм сэтгэлгүй би гэсэн амбицтай байж болохгүй. Олон холбоо олшроод ирэхээр устаж үгүй болох,  хэн нэгний гарт орох магадлал нэмэгдэнэ шүү дээ.

“ЦИРКЧИН ХҮН ШҮҮ ДЭЭ” ГЭСЭН БОДЛООР БҮХ СӨРӨГ БОДЛОО ҮРГЭЭДЭГ

-Хоёулаа ярианы сэдвээ өөрчлөөд  таны уран бүтээл рүү орох уу. Амаараа жонглёрдох, могойтой тоглолт тань Монголын циркт анхдагч болж чадсан. Энэ хоёроосоо гадна дахин анхдагч болох өөр  үзүүлбэр үзүүлэх   бодол бий юу?

-Монголдоо л анхдагч болохоос надаас олон жилийн өмнө гадаадад хийсэн хүмүүс байлгүй яах вэ. Монголын циркийн түүхэнд хэвлээр явагч амьтад тоглуулж байсан хүн байхгүй. Арслан бар том том амьтдыг алтан үеийн  ахмадууд тоглуулж байсан бол хэвлээр явагч дотроо матар могойг анх тоглуулснаараа  намайг анхдагч гэж тодорхойлсон юм. Өөр үзүүлбэрийн тухайд бодсон нэг зүйл байгаа. Үүнийг одоохондоо нууцалмаар байна.

Үүнээс гадна сүүлийн үеийн залуу уран бүтээлчид гадны оюуны өмчөөр хамгаалагдсан бүтээл  хуулбарлаж монголд  авчирчхаад миний оюуны өмч гэж балайрч байна. Би бүр өмнөөс нь ичээд байдаг юм.  Манай салбарын  мундаг багш нарын гарын бүтээлүүд олон бий. Зураачаар хувцсаа зуруулаад, хөгжмийг нь мэргэжлийн хүнээр хийлгээд, өөрөө найруулж хийсэн бүтээлийг хэн ч үгүйсгэхгүй. Тэрхүү үзүүлбэрийн талаар гадаад дотоодын сайт байтугай энгийн google-ээс хайхад ч гарч ирэхгүй. Гэтэл youtube хуудаснаас хайхад л  ил гараад ирж байгаа өчнөөн бүтээл байна.

-Ингэхэд би андуураагүй бол таны могойг Хайрхан гэдэг байх аа. Могойтой үзүүлбэр үзүүлэхэд хэр их эрсдэлтэй вэ?

–Хайрхан маань бурхан болоод гурван сар болж  байна. Надтай 14 жил хамт байлаа. Гэхдээ залгамж халааг нь авах  шинэ могойнууд бий. Могойтой үзүүлбэр үзүүлэх маш их эрсдэлтэй. Хүн харахад зүгээр л нэг том могойтой бүжиглээд тоглоод л байна гэдэг. Яг яс юман дээрээ могой гэдэг амьтан өөрөө эрсдэл ихтэй. Могойтой үзүүлбэрийг харсан зарим хүмүүс их айдаг.

Эрсдэл бол байнга байна. Могой чинь  өөрөө огт хувирдаггүй амьтан. Нохойг бол бид хараад л уурлаж байгаа эсэхийг мэдэх боломжтой. Ууртай нохой байна, ойртохгүй байя гэдэг ч юм уу. Могой бол яг л  нэг хэвээрээ байдаг. Могой ямар ч хувиралгүй нэг төрхөөрөө байдаг учраас хэзээ хазах, хэзээ ороохыг хэлж мэдэхгүй учраас эрсдэл ихтэй. Могой хүний айдсыг маш ихээр мэдэрдэг учраас мөрөө мулталтал чанга ороогдож байсан үе ч бий.

-Биеэрээ могой явуулахаар  эхэндээ мэдээж  эвгүй байсан байх?

-Хүмүүс надаас биеэрээ могой ороохоор хүйтэн мэдрэмж төрдөг үү гэж их асуудаг. Мэдээж анх надад айдас  л мэдрэгдэж байсан. Айдсаа  хүн өөрөө л  даван туулахгүй бол өөр ямар  ч арга байхгүй. Харин одоо бол могойнуудаа ороолт зүүж байгаа юм шиг л хүзүүндээ тохдог  болсон. /инээв/ Миний хувьд одоо могой харахаар хайр л хүрдэг. Харин хүмүүс могой харахаараа надаас хол байлгаарай гээд айгаад зугтаадаг.

-Цирк өөрөө эрсдэлтэй урлаг. Бэртэл гэмтэл авч үзээгүй циркчин байхгүй гэлцдэг. Таны хувьд бэртэл гэмтэл аваад шантрах үедээ өөрийгөө юу гэж зоригжуулдаг вэ?

-Миний авч байсан хамгийн хүнд бэртэл нь эрүүний хугарал, хоёр өвдөг болон шагайны бэртэл байсан.  Бэртэл авч, шантрах үедээ   “Циркчин хүн шүү дээ” гэсэн бодлоор бүх сөрөг бодлыг үргээдэг. Шантарлаа гээд  олон жил зүтгэсэн хайртай урлагаасаа холдож чадахгүй шүү дээ. Циркчин хүмүүсийг гаднаас нь харахад зэгзгэр булчин шөрмөс болсон залуус нарийхан хүүхнүүд яваад байдаг боловч толгойноос  хөлийн үзүүр хүртэл хугарал, тасарсан мах, хугарсан ясыг хэлхээд торгоосон төмрүүд л бий.

2000 ОНЫ ХҮҮХДЭЭС ЦИРК ХААНА БАЙДАГ ВЭ ГЭВЭЛ МЭДЭХГҮЙ

-Circus Mongolia Khadgaa” циркчдийн хувьд орон нутгаар явж тоглолтууд хийдэг. Цирк үзсэн хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөн  мэдээж харилцан адилгүй байдаг байх л даа. Таны санаанаас гардаггүй тодхон байдаг мөчүүд бий юу?

-Бид 2009 оноос хойш 21 аймгийн 300 гаруй сумаар орсон байна. Ингэхдээ сум болгоныг  хаяхгүй явдгаараа  онцлог. Түүнээс биш хэн нэгэн шиг ашгийг хайж хүн ам ихтэй аймгийн төвөөр орж үзүүлбэрээ халтуурдаж явдаг уран бүтээлчид бол бид биш. Бид жинхэнэ 100 хувийн гүйцэтгэлтэй үзүүлбэр үзүүлдэг учраас хэн нэгнийг хоцроочих вий гэсэндээ айл бүрийн хаалгыг тогшиж цирк  үзүүлнэ гэдгээ зарладаг.

Тэгж явахад надаас нэг хүүхэд “ Цирк гэж ямар хошин шог юм” гэж  асуухад би яг  юу гэж хэлэхээ мэдэхгүй шокт орсон. Циркийн урлагт 25 жил зүтгэчхээд тийм үг сонсоно гэдэг үнэхээр харамсалтай санагдаж билээ.

Би тэр хүүхдэд “Орой ирж цирк үзээрэй. Би чамд цирк гэдэг урлагийг харуулъя л ” гэж хэлсэн. Харин өөр нэг аймагт 82 настай буурай бидний тоглолтыг үзээд сэтгэл нь хөдлөөд гэртээ урьж мах чанаж өгөхдөө  “Цирк үзэх сайхан юм даа. Дараа ирэхэд эмээ нь амьд байх ч юм уу” гэж хэлээд уйлж байсныг би ерөөсөө мартдаггүй юм.

-Сүүлийн жилүүдэд ханш унагаадаг хүмүүс гарч ирсэн гэж сонссон юм байна. Энэ талаар яривал?

-Тийм хүмүүс бий. Хэдхэн сар жил бэлтгэл хийчхээд өөрийгөө циркчин гэж андуурдаг. Тэд олон жил энэ салбарт зүтгэж уран бүтээл, чадвараа  үнэлүүлсэн  уран бүтээлчид гадаадын гайгүй томоохон цирктэй гэрээ байгуулахаар болтол дундуур нь  орж ирээд  “Намайг 50 хувиар нь авчих. Би яг ийм үзүүлбэр үзүүлж чадна” гэхчлэн нөгөө л нэг монгол зангаараа  бие биеийгээ доош нь татдаг.

2003 оны сүүлээр анх удаагаа 42 монгол циркчид, Турк улс руу гэрээгээр ажиллахаар явж байхад  1300-1600 ам.долларын цалинтай ажиллаж байсан.Өнөөдөр  Турк улсын зах зээл  монголын циркчдийг авахаа больсон. Яагаад гэхээр нөгөө л бие биеэ дээш гаргадаггүй муухай монгол зангаас бол  өнөөдөр 400 ам.долларын түвшинд хүртэл нь үнэ буулгасан.

Энэ бол монголын циркийн өнөөгийн харанхуй байгаа байдлын нэг томоохон жишээ. Тухайн үед 1600 ам.доллароор хийж байсан гэрээ өнөөдөр зах зээлийн жамаар өсөөд 4000-5000 ам.доллар болох ёстой байсан ч  монголын циркчид чи,би гэж алалцсаар байгаад 400 ам.долларт хүртэл буулгасан гэсэн үг.

-Ярилцлагынхаа төгсгөлд таны ирээдүйн зорилгоос сонсмоор байна л даа?

– Худалч хүнд гэхэд 2000 оны хүүхдээс цирк хаана байдаг вэ гэвэл мэдэхгүй л гэх байх. Цирк хаана байгааг мэдэхгүй, цирк гэдэг урлагийг хошин шог юм уу гэж асууж байгаа хүүхдүүдээс хойш  төрж байгаа хүүхдүүд надад харамсалтай санагддаг. Тэд цирк гэх гайхалтай урлагийн талаар ямар ч ойлголтгүй болох нь. Тиймээс 2020 оны төлөвлөгөөт ажилдаа шинэ залуу үед циркийн  урлагийг мартуулахгүй эргэж сануулахын тулд олон ажил төлөвлөсөн байгаа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж