"Крем багатай, жимс ихтэй бялууг хүмүүс сонгож, захиалж байна"

Хуучирсан мэдээ: 2019.12.26-нд нийтлэгдсэн

"Крем багатай, жимс ихтэй бялууг хүмүүс сонгож, захиалж байна"

"Крем багатай, жимс ихтэй бялууг хүмүүс сонгож, захиалж байна"

Шинэ жилийн баярын ширээний нэг чимэг бол бялуу. Бялуу өнгөлөг, амттай байх тусам баярын уур амьсгал улам сайхан болно. Тиймээс бид гэртээ хүүхдээ харангаа хоббигоо хөгжүүлж, баярын бялууг урлаг болгож яваа О.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.


-Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу, бялуу хийгээд хэдэн жил болж байгаа вэ?

Намайг О.Оюун-Эрдэнэ гэдэг. Газрын кадастрын мэргэжилтэй. Нөхөр, охины хамт амьдардаг. Бялуу хийгээд гурван жил болж байна.

Яагаад чухам бялуу хийхээр сонирхож эхэлсэн юм бэ, сурахад хэр хэцүү байв?

-Эмэгтэй хүн хүүхэд төрүүлээд гэртээ суухаар санхүүгийн хувьд нөхрөөс хараат болж эхэлдэг. Тэгээд хүүхдээ харангаа мөнгөтэй болох ямар боломж байна гэдгийг судалж эхэлсэн. Үүний тулд эхлээд би юу чаддаг билээ гэдгээ бодлоо. Миний чадах зүйл бол бялуу байсан. Учир нь би багаасаа амттанд дуртай, хоол хийх сонирхолтой хүүхэд байлаа. Тийм болохоор бялуу надад их ойр санагдсан. Тэгээд бараг хагас жил бичлэг үзэж, судалгаа хийсэн. Ер нь өөрөө бие дааж сурсан даа. Анхны бялуу маань амжилттай болж, үүндээ урамшаад улам хийх хүсэл төрсөн. Гэхдээ бялуу хийнэ гэдэг миний санаснаар амар байгаагүй. Маш их бүтэлгүйтэлтэй нүүр тулж байв.

-Тухайлбал?

-Шөнөжин нойргүй хоноод хоёр давхар бялуу хийгээд яг дуусах үед нураад унах тохиолдол байна. Эхэндээ гурил нь хөөхгүй, хүссэн амт, өнгө гарахгүй гээд шантрах үе зөндөө байсан. Захиалсан хүмүүс нь ширээн дээрээ тавихгүй гээд голоод буцаана. Ингэж буцаагдсан бялуугаар анх удаа охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэж байж билээ. Надаас илүү манай нөхөр шатарна. Одоо боль, яах гэсэн юм бүтэхгүй юм байна гэнэ. Харин би хэзээ ч бууж өгөөгүй.

-Бялууны материал их үнэтэй. Бүтэлгүйтэх бүр зарлага гарна биз?

-Тэгэлгүй яах вэ, Эхний жил нөхрийнхөө цалингаар ёстой тоглох шиг болсон доо. Ядаж байхад бялууны материал их үнэтэй. Бүтэлгүйтэл бүхэн хаягдал болно. Үүнийг дагаад санхүү хямарна. Хүн харахад их амархан санагддаг юм шиг байна лээ. Яг үнэндээ маш олон удаа бүтэлгүйтэнэ. Гэсэн ч би бялуунаас холдож чадаагүй. Бүтэлгүйтэх тусам улам туршлагажиж байв. Одоо бол бялуу хийх дөртэй болсон гэх үү дээ. Хэн нэгнээс илүү гарахгүй юм аа гэхэд дутахгүй. Хүссэн зүйлээ авах хэмжээний санхүүгийн эрх чөлөөтэй болсон. Зүгээр суусан бол хэн ч надад мөнгө өгөхгүй шүү дээ.

-Хамгийн амжилттай, сэтгэлдээ хүртэл хийж байсан бялуу байгаа л байх?

-Хамгийн анх хийж байсан сэвлэгний бялуу. Хонь жилтэй хүүхдэд зориулж дээрээ хоньтой хийж байв. Яагаад ч юм эгдүүтэй, хөөрхөн санагддаг.

-Өнгөрсөн хугацаанд хэчнээн бялуу хийсэн бэ, ер нь хэдэн төрлөөр хийдэг вэ?

-Тоолж байгаагүй юм байна. Манай бялууны загвар бүр дахин давтагдашгүй. Яг адилхан хэлбэрээр гарах боломжгүй. Учир нь ганцхан хувь хийж байгаа. Захиалгаар хийсэн бялуу ойролцоогоор хоёр мянга дөхсөн байх шүү. Нэг гарахдаа 30, 40 бялуу гардаг. Манайх баярын үеэр найман төрлийн цуглуулга хийдэг.

-Цуглуулга гэдэг нь?

-Найман өөр төрлийн бялуунаас нэг зүсмийг аваад нэг бүтэн бялуу болгоно. Өөрөөр хэлбэл өөр төрлийн амттай найман зүсэм бялуу гэсэн үг. Үүнд спартак, иристэй, медовик, шоколадтай, chess cake, ваниль, аарц, мусс гэх мэт бялуунууд орно. Бялуу бүрийн крем, амт, хэлбэр өөр байдаг.

-Шинэ жилийн үеэр захиалга хэр нэмэгддэг вэ, хэр ачаалалтай байдаг вэ?

-Шинэ жилийн үеэр маш их ачаалалтай байдаг. Албан байгууллагын захиалгууд нэлээн авсан. Одоо өнөөдрөөс эхлээд хувь хүний захиалгууд авч эхэлж байна. Ер нь бялуу хийнэ гэдэг амар ажил биш. Өдөржин зогсоогоор ажиллана. Хажуугаар нь гэрийн ажлаа хийж, хүүхдээ харна. Гэхдээ яаж ч ядарч байсан захиалгаа хийж дуусгах ёстой. Тиймээс хувь хүнээс маш их тэвчээр, хатуужил, ухаан, мэдрэмж, гарын эв дүй шаарддаг.

-Сүүлийн үед бялууны чимэглэл урлаг болтлоо хөгжиж байна. Гаднаас нь харахад үнэхээр сүрдмээр, ганган, чамин бялуунууд байдаг л даа. Гэтэл доторх амт нь ямар байдаг бол. Өнгө, үзэмжтэй шигээ амттай байдаг болов уу?

-Бялуу өнгө, үзэмжтэй байх тусмаа гоё амттай байдаг. Учир нь дор хаяж нэг жил бялуу хийсэн хүн л бялууг өнгө, үзэмжтэй чимэглэж чадна. Туршлагагүй хүн өөгүй, цэвэрхэн бялуу хийх бараг л боломжгүй. Тэгэхээр амт бол туршлагаас хамаарна. Гэхдээ чимэглэл муу хэрнээ амт сайтай бялуу байдаг. Аль, алиныг нь анхаарч байгаа бол үнэхээр чадвар, туршлагатай хүн гэж би хардаг. Миний хувьд үзэмжээс гадна амтанд илүү ач холбогдол өгдөг. Манай бялууны хавчуурга бүр өөр амттай. Ер нь би захиалга өгсөн хүнээ сэтгэл дундуур үлдээх дургүй. Учир нь би хүнээс мөнгө авч байгаа шүү дээ. Тэр хүн мөнгө амар олоогүй. Хөдөлмөрлөж олсон байж таарна. Тиймээс надад итгэж захиалга өгсөн хүн маань сэтгэл ханамжтай байгаасай гэж би хүсдэг.

-Нууц биш бол үнийн хувьд ямар байдаг вэ, хүмүүс сонирхож байгаа байх?

-Үнийн хувьд харилцан адилгүй. Өргөн, нарийн, тойрог, чимэглэл, төрөл, онцлогоос хамаараад өөр байна. Манай цуглуулга гэхэд 25-45 мянган төгрөгийн хооронд гардаг.

-Жил бүрийн хувцасны трэнд, загвар гэж байдаг шиг бялууны жилийн трэнд гэж байдаг уу?

-Байна. Сүүлийн үеийн трэнд миний харж буйгаар их минимал болж байгаа. Өөрөөр хэлбэл, өө сэвгүй, крем багатай, жимс ихтэй бялууг хүмүүс сонгож, захиалж байна. Их кремээр цэцэг хийдэг үе өнгөрсөн. Ер нь их энгийн, цэвэрхэн болж байгаа.

-Хүүхдээ хараад гэртээ сууж байгаа ээжүүд олон байгаа. Хүүхдээ харангаа мөнгө олохыг хүсдэг. Тэдэнд хандаж юу гэж хэлмээр байна?

-Эхлээд өөрөө юу чаддаг вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Тэр чаддаг зүйлээ хүүхдээ харангаа яаж хийж болох вэ гэдгийг судлаарай. Шууд бялуу хийе гэж болохгүй. Эхлээд судалж үзээд, би чадах уу гэж өөрөөсөө асуугаарай. Заавал гэртээ суудаг биш, ажил хийдэг бүсгүйчүүд ч гэсэн давхар мөнгө олж болох арга юу байна сонирхох хэрэгтэй. Ер нь хүн чадна гээд зүтгэвэл бүхнийг сурч чадна.

-Цаашид мэргэжлийн ажлаа хийх үү, эсвэл бялуугаа дагнаад хийх үү?

-Хүүхдээ харангаа дуртай ажлаа хийж байгаа учир мэргэжлээрээ ажиллах төлөвлөгөө одоохондоо алга. Гэхдээ хаяа мэргэжлээрээ ажиллаж, хамт олонтой баймаар санагддаг. Мэргэжлийн ажил хийсэн ч энэ хоббигоо орхихгүй. Хүний сурчихсан зүйлийг хэн ч булаахгүй шүү дээ. Хаана ч, хэзээ ч хэрэг болно.

-Удахгүй шинэ он гарах гэж байна. Баяраа яаж тэмдэглэдэг вэ, арай бялуугаа хийгээд зогсож байдаг юм биш биз?

-Өмнөх хоёр жил бол бялуугаа хийсээр байгаад л таарсан. Амьсгаа авах завгүй нэг мэдэхэд шинэ он гарчихсан. Хүүхэдтэйгээ ч баярлаж чадаагүй. Энэ жил давтахгүй гэж хичээж байгаа. Он солигдохоос өмнө хийж дуусна даа. Тэгээд гэр бүлээрээ шинэ оноо гаргана. Хэчнээн цаг завгүй ч гэсэн хүүхдийнхээ нандин дурсамжийг бүтээлцэхгүй бол би өөрийгөө ээж гээд яах юм. Ямар нэгэн баяраар хүүхэддээ дурсамж үлдээхийг илүүд үзэх болсон.

-Баярын ширээг бялуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Бялуу ширээг чимэхээс гадна хүмүүсийг нэгтгэдэг болов уу?

-Шинэ жилийн амттан гэхээр бялуу санаанд ордог. Манай дүү бид хоёр бага байхдаа шинэ жилийн баяраар хоёр бялуу авхуулдаг байлаа. 31-нд эхний бялуугаа идэж дуусгаад маргааш нь нэгний өглөө хоёрдахь бялуугаа иднэ. Бялуунд тийм их дуртай байсан. Гэхдээ биднийг хүүхэд байхад бялуу тийм элбэг байгаагүй. Шинэ жилээр л иддэг байлаа. Амт нь үнэхээр гоё, нандин санагддаг байж билээ. Үнэхээр баярын бялуу хүмүүсийг нэгтгэдэг. Ширээний ард тойрч суугаад нэг бялууг хүн бүрт хүртээх гэж хуваадаг. Тэгээд бүгд адилхан амтыг мэдэрдэг. Тиймээс би бялуу хийхдээ амтыг нь илүү анхаардаг. Манай цуглуулганы амтанд дурласан хүмүүс их байдаг. Бялууг маань үргэлж захиалдаг болон амталж үзээгүй ч нүд, зүрх, сэтгээлэрээ намайг сонгож, пэйж хаяг руу маань ордог бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж