"НӨАТ-ын буцаан олголтыг нэмнэ гэдэг сонгуулийн шоу шүү"

Хуучирсан мэдээ: 2019.12.25-нд нийтлэгдсэн

"НӨАТ-ын буцаан олголтыг нэмнэ гэдэг сонгуулийн шоу шүү"

"НӨАТ-ын буцаан олголтыг нэмнэ гэдэг сонгуулийн шоу шүү"

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас цаг үеийн зарим зүйлийг тодрууллаа.


-Татварын багц хуулийн шинэчлэлт 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөгдөнө. Холбогдох журмуудыг нь баталж амжсан уу?

-Монгол Улсын Засгийн газар ойрын хэдэн жилийн ирээдүйг зөв, оновчтой явуулахын тулд Татварын багц хуулийг санаачилж батлуулсан. Уг хуулиар ААН, иргэдэд тусдаг татварын дарамтыг багасгах мөн иргэдийг бизнес хийх боломж нөхцөлөөр хангаж амьжиргааг нь дэмжихэд чиглэгдсэн ийм өөрчлөлтүүдийг Татварын багц хуулиар шийдвэрлэсэн. Ингэхдээ дэлхийн бусад орны туршлагуудыг судалж үзээд Татварын багц хуульд суулгасан. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг хэдэнтээ зохион байгуулж баталсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Энэ хуулийг дагаж 40 гаруй журмыг олон нийтээр хэлэлцүүллээ. Холбогдох журмуудыг хамгийн сүүлийн байдлаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар оруулж батлууллаа. Татварын багц хууль хэрэгжиж эхлэхэд үндсэндээ бэлэн.

-Нэр бүхий гишүүд НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх хуулийн төслийг өргөн барьсан. Нэмэх боломж төсөвт байгаа юу?

-Засгийн газар нэлээд урт хугацаанд судалж байгаад татварын бодлогоо батлуулсан гэж дээр яриандаа хэллээ.  Сонгууль дөхөж байна, бизнес эрхэлдэг УИХ-ын гишүүд их ч байдаг юм байна. Тэдний зүгээс ийм асуудал тавьж байна гэж ойлгож байгаа.

-Хууль батлагдвал хэрэгжүүлэх боломжгүй юм уу. Сонгуулийн шоу болоод үлдэх вий гэсэн болгоомжлол байна?

 -НӨАТ-ын буцаан олголтыг нэмнэ гэдэг чинь сонгуулийн шоу шүү дээ. Энэ бол ганц Монголд биш дэлхий даяар л гарч байсан шоу. Энийгээ шоу хийж байгаа хүмүүсээсээ очиж асуух хэрэгтэй.

-Саарал жагсаалтаас гарах чиглэлд юу юу хийж байгаа вэ? 

-Ерөнхий сайд захирамж гаргаж Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах ажлын хэсэг байгуулъя. Сангийн сайд ахал гэсэн. Би ахлаад явж байна. Монгол банк, Тагнуулын ерөнхий газар, Хууль зүйн яам, шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газар гэх мэт холбогдох бүх  байгууллага хамтарч ажиллаж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нийт долоон хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулаад саналыг оруулж  батлууллаа. Үүнээс гадна хийх ажлын төлөвлөгөөгөө боловсруулж гаргасан. Ойрын зургаан сарын дотор Монгол Улсыг саарал жагсаалтаас гарга гэсэн үүргийг Ерөнхий сайд өгсөн. Нэгдүгээр сарын 20-нд Бээжинд хамтарсан группийн хурал болох юм. Үүнээс өмнө Монгол Улс тайлангаа өгөх ёстой. Энэ тайланд ажлын хэсгийнхэн анхаарч ажиллаж эхлээд байна. Үүний дараа хоёрдугаар сарын 20-доор ФАТФ-ын хурал болно. Энэ бүх хурлаар өөрсдийн хийсэн ажлаа танилцуулаад  ажиллана гэж бодож байна.

-Холбогдох  ямар хуулиудад  өөрчлөлт орох юм бэ?

-Мөнгө угааж болзошгүй салбаруудын нэг гээд аваад үзэхээр үл хөдлөх хөрөнгийн салбар байдаг. Үл хөдлөх хөрөнгийн наймаа хийхдээ хууль бусаар олсон хөрөнгө тэрүүгээр дамжиж магадгүй гэж үзээд нарийн зохицуулалтууд хийх шаардлагатай байна гэж үзээд олон улсын дүрэм журмынх нь дагуу хуульд өөрчлөлт хийнэ. Тухайлбал, Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Мөн үнэт чулуун эдлэлүүдийн худалдаагаар дамжиж мөнгө угаагддаг гэж үздэг. Санхүүгийн үйлчилгээ гээд аваад үзэхээр манай хууль эрх зүйн орчинд маш дутмаг тодорхойлсон байдаг. Татварын зөвлөгөө өгч байгаа үйлчилгээ, хөрөнгийн үнэлгээ өгдөг үйлчилгээд мөн санхүүгийн үйлчилгээнд оруулдаггүйгээс үүдэж хууль бус  зүйл хийгдэх магадлалтай байгаа учир мөнгө угаахын эсрэг болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулна.

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын өр ямар байгаа вэ. Ирэх онд хэдий хэмжээний өр төлөгдөх ёстой вэ?

-Төсвийн гүйцэтгэл гарахад хоёр гуравхан хоног дутуу байна. Нэгдсэн төсвөөрөө тайлан гаргадаг. Урсгал зардлын гүйгээг маргааш хаана. Тэгэхээр тав дахь өдрөөр эцэслэж бид мэдээллүүдээ нэгтгэхээр ажиллаж байна. 2019 оны төсвийн 1,9 их наяд төгрөгийн алдагдлыг нэлээд бууруулахаар оруулж ирж байна. Төсвийн гүйцэтгэл сайн гарахаар байна. Нэлээд боломжийн дүнтэй гарах дүр зураг харагдаж байна. Өндөр хүүтэй, богино хугацаатай зээлүүд төсөвт дарамт болдог. Тиймээс урт хугацаатай, хүү багатай, урьдчилж төлөх ажлуудыг авч хэрэгжүүлсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш найман их наядын өр төлсөн дүн гарч ирж байна. Зарим хүмүүс итгэхгүй байна. Өрийн хэмжээ Дотоодын нийт бүтээгдэхүүний 75 хувьд байсан бол өнөөдрийн байдлаар 55,1 хувь хүрч буух дүр зураг харагдаж байна.

-Засгийн газар бондуудаа хэзээ төлж дуусах вэ?

-2021-2024 онд Засгийн газар 2,9 тэрбум америк долларын өр төлөх учиртай. Энэ өрийг ингэж шийднэ гээд Засгийн газрын өрийн дунд хугацааны стратегийн баримт бичгийг гурав, дөрвөн сарын өмнө батлуулсан. Холбогдох бэлтгэл ажлыг Сангийн яам хийж байгаа. Бид эдийн засагт дарамт учруулахгүйгээр, хандив гуйхгүйгээр зохион байгуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж