Транс өөхний хэрэглээгээ зохицуулахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2015.10.07-нд нийтлэгдсэн

Транс өөхний хэрэглээгээ зохицуулахыг уриалав

Монголчуудын өдөр тутам хэрэглэж буй хүнсэнд транс өөхний хэмжээ асар өндөр байгаа нь санаа зовоохуйц түвшинд хүрсэн хэмээн өнөөдөр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ж.Амарсанаа тэргүүтэй албаныхан мэдээлэл хийлээ.

Ургамлын тосыг хатууруулсныг транс өөх гэж нэрлэдэг аж. Энэ транс өөхийг бидний өдөр тутамд хэрэглэдэг масло, маргаринд их хэмжээгээр ашигладаг. Зөвхөн масло, маргаринаар зогсохгүй. Дэлгүүрийн лангуун дээрх бэлэн болоод бэлэн бус ихэнх хүнсний бүтээгдэхүүнд транс өөхийг хэрэглэдэг байна. Гэтэл энэ транс өөхний хор уршгийг мэдсэн улс орнууд аль хэдийн хүнсний хэрэглээнээс халсан байдаг аж. Тухайлбал, Аргентины хувьд транс өөхнөөс бүрэн татгалзсан. Харин АНУ, Австри, Бразиль, Канад зэрэг оронд хүнсний бүтээгдэхүүний орц найрлаганд транс өөхний хэмжээг нарийвчилж заахыг шаарддаг. Учир нь транс өөх нь зүрх судасны өвчин, үргүйдэлт, чихрийн шижин, хавдар, умай салстах зэрэг өвчний эх үүсвэр болдог гэдгийг 1990 онд орчин үеийн шинжлэх ухаанаар тогтоожээ. Өндөр хөгжилтэй орнууд ийнхүү зарим нь транс өөхнөөс татгалзаж эхэлсэн байна. Гэтэл эргээд хөгжиж буй болоод буурай хөгжилтэй орнууд руу транс өөхийг хямд үнээр худалдаалж, илгээх болжээ.

Ерөнхий зураглалаар талх, нарийн боов, масло, чипс, кетчуп, майонез зэрэг хүнсэнд транс өөх их хэмжээгээр агуулагддаг гэхээс өөр мэдээлэлгүй. Нэгэнт ийм нөхцөлд Монгол Улс транс өөхнөөс татгалзах ажлыг стандарт боловсруулахаас эхлэж, яаравчлах хэрэгтэй гэдгийг салбарынхан онцолж байна.

Австри, Бразил, Канад, Израйль, Швед, Англи зэрэг оронд л гэхэд транс өөхний хэмжээг зааж, бүтээгдэхүүн дээрээ заавал бичэхийг шаарддаг байна. Харин Дани, Швейцар улсын хувьд 2003 онд транс өөхний хэмжээ хоёр хувиас хэтрэхгүй байхыг хуулиар заажээ. Харин АНУ-ын хувьд 2006 оноос транс өөхний орц, хэмжээг хүнсний бүтээгдэхүүний шошгонд бичихийг шаарддаг.

Тэгвэл Монгол Улс…

Монголчууд транс өөхнөөс татгалзах битгий хэл орц найрлаганд хэдий хэмжээтэй байдгийг мэдэх боломжгүй. Ялангуяа энгийн иргэн дэлгүүрээс транс өөхгүй хүнс сонгож, харж авах ямар ч боломжгүй. Транс өөх ямар хүнсэнд, хэдий хэмжээтэй байгааг шинжлэх лаборатори ч улсын хэмжээнд байхгүй гэв. Тэгвэл үүнд Эрүүл мэнд, спортын яамны зүгээс хэрхэн анхаарал хандуулж байна вэ?

Одоогоор Монгол Улс хүн амын хоол тэжээлийн бодлогын баримт бичгийг боловсруулаад Засгийн газарт танилцуулахаар бэлдэж байгаа гэх мэдээллийг өгөв.

Хэрвээ энэ бодлогын баримт бичиг батлагдчихвал өөх тос, давс, чихэр ихтэй хүнснээс татгалзах, орц найрлаганд нарийн тайлбарлах, хэмжээг тогтоох зэрэг асуудлууд шийдвэрлэгдэнэ гэв. Гэхдээ стандарт, бодлогын баримт бичиг батлагдаж мөрдөгдтөл өдий. Тэр хүртэл монголчуудын эрүүл мэнд, аюулгүй байдал, амьд явах эрх хэрхэн хангагдах вэ?

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж