Хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулах Санамж бичгийг Хөдөлмөрийн яам, Батлан хамгаалах яамны хооронд байгуулсан. Өнөөдөр гарын үсэг зурж баталгаажуулсан уг баримт бичгийн талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханаас тодрууллаа.
-Цэгийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх чиглэлд хамтран ажиллахаар байгуулсан Санамж бичгийн ач холбогдлыг та хэрхэн үнэлж байгаа вэ?
-Монгол Улсын хамгийн үнэтэй баялаг бол ажилтай орлоготой, эрдэм боловсролтой монгол хүн юм. Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд мэргэжлийн ур чадвартай ажилтнууд юу юунаас илүү чухал учраас бидний гарын үсэг зурж баталгаажуулсан энэхүү Санамж бичиг маш чухал ач холбогдолтой. Өнөөдөр батлан хамгаалах салбарт хугацаат болон гэрээт цэргийн алба хааж байгаа залуусыг албаа хааж байх хугацаанд нь сургаж мэргэжил эзэмшүүлэх, мэргэжилтэй нэгнийг нь хос мэргэжилтэй болгох зайлшгүй шаардлага байгаа юм.
-Цэргийн алба хаагчдыг чухам ямар мэргэжлээр сургах вэ?
-Манай улсын хэмжээнд төрийн болон хувийн өмчийн 82 МСҮТ, политехник коллеж үйл ажиллагаа явуулж байна. Нийт 42 мянга гаруй оюутан сурагчийг хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр сургаж байгаа өөрсдийн боломж дээрээ түшиглээд энэ ажлыг хийхээр төлөвлөсөн. Чухам ямар мэргэжлээр хэчнээн хүнийг яаж сургах вэ гэдэг нарийвчилсан төлөвлөгөөг хоёр яамнаас гарсан ажлын хэсэг тогтооно. Хоёр тал цэргийн алба хаагчдын сурах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, анги танхимаар хангах, сургалтыг зохион байгуулахад мэргэжил арга зүйгээр хангах зэрэг үүргийг хүлээж байгаа.
-Зах зээлд эрэлттэй мэргэжил гэдгийг та яаж тодорхойлж байна?
-Эрэлттэй мэргэжил гэдэг нь төгсөгчдийн ажил эрхлэлтээр шууд тодорхойлогдож болно. Энд би ганц нэгхэн жишээ хэлье. Манай харьяа Барилгын политехник коллеж Монголын барилгын салбарын мэргэжилтнүүдийг олон жилийн турш тасралтгүй бэлтгэж ирсэн туршлагатай сургууль. Энэ сургуулийг төгсөгчдийн 86 орчим хувь нь төгсөнгүүтээ ажлын байртай болж байгаа. Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн бэлтгэж байгаа зарим мэргэжлийн ангийн төгсөгчид 100 хувь ажилтай болдог. Гэтэл дээд боловсролын дипломтой хэрнээ таксины жолооч хийгээд, дэлгүүрийн лангуу хараад сууж байна шүү дээ.
Хөдөлмөрийн зах зээл дээр хуульч эрхзүйч зэрэг дээд мэргэжлийнхэн илүүдэлтэй байхад ур чадвар сайтай гагнуурчин, токарьчин, барилгын засал чимэглэлчин, цахилгаанчин байнга хэрэгцээтэй байдаг. Тэр утгаараа манай мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад сурч буй хүүхдүүдэд ажлын байр нь бэлэн, авах цалин нь өндөр нэг үгээр амьдралын баталгаа хангалттай байгааг хүмүүс ойлгодог болсон.
-Энэ удаагийн санамж бичгээр зөвхөн хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчдад мэргэжил эзэмшүүлэх тухай орсон уу?
-Тэгж ойлгож болохгүй. Зөвхөн хугацаат цэргийн алба хаагчдад хамаатай биш. Гэрээт цэрэг, түүнчлэн цэргийн албанд олон жил ажилласан офицер, ахлагч нарыг чөлөөнд гарахаас өмнө давхар мэргэжил эзэмшүүлж тэднийг бусад салбарт хөрвөн ажиллах боломжийг бий болгохоос гадна Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрт хамруулахыг дэмжих заалтууд ч орсон.
Эх сурвалж: www.mol.gov.mn