Б.Болор: Төр барилгын компани шиг ажиллаж ирлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.07-нд нийтлэгдсэн

Б.Болор: Төр барилгын компани шиг ажиллаж ирлээ

“Сайдын цаг” уламжлалт уулзалтад өнөөдөр Сангийн сайд Б.Болор оролцож, 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн хуулийн төслийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Б.Болор: Төр барилгын компани шиг ажиллаж ирлээ

Засгийн газар Монгол Улсын 2016 оны төсвийн төслийг боловсруулахдаа эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан хэмнэлтийн горимд шилжүүлэх бодлого барьжээ. Урсгал зардлууд болон бүтцийн өөрчлөлтүүдийг 2016 оны эхнээс хийнэ. Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдийг хөдөлгөх, эрчимжүүлэхэд анхаарч, мөн эрдэс баялгийн үнийг хамгийн бага үнээр тооцсон байна. Гэхдээ хөрөнгө оруулалтын ажлуудаа бууруулаагүй, аль болох хувийн хэвшлээ дэмжих замаар ажилтай байлгаж эдийн засгийн хүндрэлийг давж гарна гэж тооцжээ. 2015 оны төсөв 900 орчим тэрбум төгрөгөөр тасрах төлөв байгаа учраас тодотгол хийх зайлшгүй шаардлагатай болсон. Алдагдлыг ямар нэг зүйлээр нөхөхгүй, харин урсгал зардлуудаа бууруулах, зарим хөрөнгө оруулалтыг царцааж ирэх онд шилжүүлэх замаар шийдвэрлэхээр 2015 оны төсвийн тодотголыг өргөн барьжээ.

САНГИЙН САЙД ТӨСВИЙН ТАЛААР ИНГЭЖ ЯРИЛАА:

-2016 оны төсвийг өмнөх оныхтой нь харьцуулбал нэлээн багассан уу. Орлогыг хэр бодитой тооцсон бэ?

-2015 оны төсвийн орлогыг 7.1 их наядаар төсөвлөж орж ирж байсан. 2016 оны тухайд 6.9 их наяд төгрөг байхаар тооцлоо. Орлогыг бодит хэмжээнд бууруулж орж ирсэн гэж үзэж байгаа. Учир нь бид олон жил зэсийн үнийг тооцоолж гаргадаг байсан аргачлалаасаа татгалзсан. Олон улсын гаргасан прогнозоор зэсийн үнэ ирэх онд 6100-6600 ам.долларын хооронд байна гэсэн тооцоолол бий. Бид Олон улсын валютын сангийн гаргасан тооцооллоор нэлээн доогуур үнээ барьсан. Энэ бол доод хязгаар, дээшээ өсөх бүрэн боломжтой. Оюутолгой, Тавантолгойн хувьд энэ төслүүд урагшлах ёстой. Хамгийн гол нь зөв явах гэдэг асуудал байгаа. Өнгөрсөн жилийн хувьд энэ төслүүд урагшилсангүй. Ирэх жил Засгийн газрын мөрийн хөтөлбөр, зорилтод ч байгаа. Энэ төслүүдийг явуулья, уул уурхайгаа хөгжүүлэх бодлого барьж байгаа учраас том төслөө төсөвтөө тусгасан. Гэхдээ орлогыг нь төсөвлөхдөө өнгөрсөн жилийнх нь өндөр төсөвлөөгүй.

-Бондын зээлэнд ирэх 2016 онд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах вэ?

-Монгол Улсын төсөв сүүлийн зургаа, долоон жил тогтмол нэмэгдэж, данхайж ирсэн байна. Дандаа алдагдалтай төсөв баталж ирсэн. Алдагдлаа бонд гаргаж нөхдөг. Энэ хэмжээгээрээ их наядаар хэмжигдэх хөрөнгийг төсөв идсэн байна. Ингээд яваад байвал эдийн засаг улам хүндэрнэ. Тэгэхээр энэ төсвийг эрүүлжүүлэх зайлшгүй шардлагатай. Төсөв энэ их хөрөнгийг идээд байна гэдэг нь хувийн хэвшил рүү орох хөрөнгөө идээд байна гэсэн үг. Энэ хэмжээгээрээ мөнгөний бодлогод нөлөөлдөг. Бид төсвөө танаад, эрүүл болгоод үр нөлөөллөөр нь хувийн хэвшлээ дэмжээд чөлөөт зах зээлийн эдийн засаг руугаа орно.

-2016 онд зарим агентлагийг нэгтгэнэ, татан буулгана гэсэн. Хичнээн төрийн албан хаагчийн ажлын байрны асуудал яригдах вэ?

-Өнөөдөр Монгол Улс 180 мянган төрийн албан хаагчтай. Төрийн албан хаагчийг нийт хүн амдаа тооцохоор том тоо. Нэгтгэж болох, ажлын давхардлыг арилгах агентлагуудыг нэгтгэж, мөн татан буулгаад эрх үүрэг нь яамандаа шилжээд явж болох ийм агентлагуудыг татан буулгаж байгаа. Мөн сангуудыг тодорхой хэмжээнд бууруулна. Тухайлбал, Гааль, Татвар хоёрыг нийлүүлсэн байгаа. Зарим хүмүүс болохгүй гэж ярьж байгаа боловч дэлхийн олон улс оронд орлого бүрдүүлэгч агентлаг байдаг. Тиймээс Гааль Татвар хоёр нэгдээд ажиллаад явах бүрэн болмжтой гэж үзсэн.

-Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулна гэсэн. 2016 онд цалин нэмэх үү?

-Төсвөө батлахдаа аль ч улс ирэх жил цалин нэмнэ гэж ярьдаггүй. Цалин нэмэхэд зөвхөн төрийн албан хаагчдын цалин нэмэгддэг. Хувийн хэвшлээ дарамтад оруулдаг. Энэ асуудал дээр улс төрчдийг битгийг улстөржөөсэй л гэж уриалах байна. Улс орнууд эдийн засгийн хүндрэлтэй үедээ уриалга гаргаж байна. Жишээ татахад, Финляндын Ерөнхий сайд амралтын мөнгөнөөсөө татгалзая, 13 дахь сарын цалингаасаа татгалзъя гээд төрийн албан хаагчиддаа уриалаад явж байна. Гэтэл манайх цалин нэм гээд популизм хийгээд байдаг. Цалин нэмэх сургаар өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг, ард иргэддээ, хувийн хэвшлийнхэндээ хүндээр тусдаг. Эдийн засаг сайжраад орлогоо тооцсон, энэ нэмэгдвэл цалинг нэмээд явж болно. Урьдчилсан байдлаар зарлах нь эдийн засгийн утгаараа зөв биш.

-Гадаад зээлийн бондын өрөнд хэдийг төлөх вэ. Ирэх онд 3 их наяд төгрөг төлнө гэдэг үнэн үү. Бүтээн байгууллатад хэдий хэмжээний хөрөнгө гаргах вэ?

-Бүтээн байгуулалтын хувьд 2016 онд улсын төсвөөс 300 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкин дээр 450 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ. Энэ хэмжээний бүтээн байгуулалт хийснээр хувийн хэвшлээ ажилтай байлгах, хувийн хэвшил рүүгээ хөрөнгө оруулах боломжийг эрэлхийлж байна. Бондын хувьд хуваарийн дагуу хийгээд явах боломжтой. Хамгийн гол нь төсвөө эрүүлжүүлэх ёстой. Үр нөлөө нь 2017 онд гарна. 2017 онд төсвийг алдагдалгүй батлах чиг барьж байгаа, ингэж төсвөө эрүүлжүүлэх зорилго тавьж байна.

-Агентлагуудыг татан буулгаснаар хэдий хэмжээний хөрөнгө хэмнэх юм бэ. 2015 оны төсөв 900 орчим тэрбум төгрөгөөр тасарсан, алдагдал хүлээж байна гэлээ. Энэ алдагдлыг яаж нөхөх юм?

-Төсвийн алдагдлын хувьд 900 орчим тэрбум төгрөг. Гэхдээ оны сүүлээр татварын орлого бүрддэг, энэ тохиолдолд байдал сайжирч мэдэх учраас хүлээлттэй байна. Алдагдлыг өөр эх үүсвэрээс нөхөхгүй, гол нь зардлуудаа танана. Хэмнэлтийн горимд шилжинэ, зайлшгүй хөрөнгө оруулалт хийж, тэвчиж болох зардлыг тэвчээд явна. Цалин, тэтгэврээ өгдгөөр нь өгөөд явна. Агентлагийг нийлүүлж, татан буулгаснаар 2016 оны үр нөлөө бага. Гэхдээ бид энэ бүтцээрээ төсвөө боловсруулаад өргөн барьсан бол зарлага 8.6 их наяд болохоор байсан, бид 7 их наяд руу оруулж ирсэн. Дараа жил нь 2017 онд дахиад нэмээд 700 гаруй тэрбум төгрөг хэмнэгдэнэ. 2016 онд сонгууль болно гэж байгаа ч эрүүлжүүлэх ажлыг зайлшгүй хийх шаардлагатай.

2012, 2008 оны сонгуулийн жилийн төсвийг эргээд харахаар 40-50 хувийн зардал нэмэгдэж орж ирсэн байдаг. Ингэж оруулж ирснээр үр нөлөө нь өнөөдрийг хүртэл явж байна. Яаж байна гэхээр тухайн үеийн гишүүд төсвөө батлахдаа маш их обьектыг төсвийн хөрөнгөөр барина гэж тавиад тэр нь дуусдаггүй.

2008-2012 онд УИХ-ын гишүүний 1 тэрбум төгрөг гэж байсан. Зарим гишүүн 1 тэрбум төгрөгөө 10 обьект дээр 100 сая төгрөгөөр тарааж тавьчихсан. Шав тавих, суурь тавих зэргээр 10 газар ажил эхлүүлчихсэн байх зэрэг эрүүл бус үзэгдэл байсан учраас ирэх жил сонгуулийн жил гэж туйлшрахгүйгээр төсвөө батлуулахыг зорьж байна.

-Инфляци хэд байх бол?

-Инфляци энэ жил 6 хувьтай байгаа. Тухайн үеийн супер цикл гэж ярьдаг, манай зарим улс төрийн хүчин 17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг 6-7 хувь болголоо гэж ярьдаг. Тэр үед Оюутолгойн гэрээ зурагдсаны үр нөлөө, дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байсан. Энэ үед буруу бодлого барьж байсан учраас инфляци өндөр хоёр оронтой тоонд байсан. Одоо инфлцийг нэг оронтой тоонд барьж байгаа үедээ төсвөө эрүүлжүүлэх юм бол зээлжих зэрэглэлээс эхлээд дээшлээд мөнгөний хатуу бодлогодоо нөлөөлж, банкууд хувийн хэвшилдээ зээл олгодог болно. Инфляцийг 4 хувьд барих зорилт тавьсан.

Энэ төсөв бол хэмнэлтийн горимтой, ийм төсөв батлаад явах юм бол 2017, 2018 оны нөлөөллөө хадгалаад явах юм бол инфляцийн төвшинд нэмэгдэхгүй.

-Ямар зардлаа царцааж, ямар зардлыг танах юм бэ?

-Урсгал зардал дээр нэлээн том таналт хийж байна. Цахилгаан, дулаан гэх мэт зардлыг бууруулна. Эрүүл мэнд, боловсролын салбар луу таналт хийхгүй байх тал дээр ажиллаж байна. Өнгөрсөн жил бид Хөгжлийн банкин дээр 790 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан байсан, өнөөдрийн байдлаар гүйцэтгэлээрээ 300 орчим тэрбум төгрөг гарсан. Хүйтний улирал эхэлж байгаа учраас энэ жил барилгын ажил нь эхлэх боломжгүйг, 2016 онд шилжүүлэх. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд дээр ч мөн адил эхлээгүй ажил нэлээн байна. Тендэр нь зарлагдаагүй, гэрээ нь хийгдээгүй. Ийм ажлыг царцаагаад ирэх жил рүү шилжүүлэх арга хэмжээ авч байгаа.

Татварын хэлтэс, нийгмийн даатгалын байгууллага бүхэн байшинтай. Аймгуудад Хөдөлмөрийн хэлтэс бүр байшинтай байгаа. Мөн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрыг хар. Дэлхий дээр хаана ч ийм 10 хол давсан давхар байшинд үйл ажиллагаагаа эрхэлдэг дүүрэг гэж байхгүй.

-2016 онд олох орлогыг 6.9 их наяд гэж тооцож, бодитой тооцсон юм уу?

-6.9 их наяд гэдэг их бодитой тоо. Бид томоохон төслүүдээ явуулна гэж үзэж байгаа. Хамгийн гол нь яаж улс орондоо ашигтай байдлаар шийдэх вэ. Энэний төлөө Засгийн газар ажиллаж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дээр олон улсын судалгааны байгууллагаас гаргаж байгаа үнийг аваад аль болох багаар тооцож байна. Нэмэгдэх бүрэн боломжтой. Дээрээс нь өмч хувьчлал явна. Дээр нь агентлагуудыг нэгтгэнэ. Жишээ нь Гааль, Татвар хоёрыг нэгтгэнэ. Хоёулаа том, том байшинд байгаа. Нэгтгэхээр нэг байшиндаа орно. Урсгал зардал, цахилгаан хэмнэгдэнэ. Нэг байшинг нь зарна. Сүүлийн 6-7 жилд Монголын төр барилгын компани шиг ажиллаж ирсэн байна. Татварын хэлтэс, нийгмийн даатгалын байгууллага бүхэн байшинтай. Аймгуудад Хөдөлмөрийн хэлтэс бүр байшинтай байгаа. Мөн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрыг хар. Дэлхий дээр хаана ч ийм 10 хол давсан давхар байшинд үйл ажиллагаагаа эрхэлдэг дүүрэг гэж байхгүй. Энэ их тансаглалыг зогсооё гэж байгаа юм. Мөн унааны зардал, жолооч нарын орон тоог хасна. Агентлагийн дарга, дэд сайд нарыг хасчихаар жолооч болон машин байхгүй болно. Энэ машинуудыг хувьчилна. Засгийн газрын авто бааз дэлхий дээр хаана ч байхгүй. Түрээсээр л ажилладаг. Зах зээлийнхээ зарчмаар явах ёстой. Орлогыг нилээн бодитой тооцсон.

-Орон сууцны 10 хувийн урьдчилгаанд баталгаа гаргах гэрээнд хэзээ гарын үсэг зурах вэ?

-Иргэдийнхээ төлөө хийх ёстой ажлуудын нэг нь энэ. Үүнд төр баталгаа гаргах зайлшгүй шаардлага гарч байгаа. Боломж, бололцоог нь судалж байна. Яг өнөөдрийн байдлаар шууд баталгаа гаргаад явахад асуудал байна. Үүнийг бид шийднэ. Аливаа ажил тооцоо судалгаатай байх ёстой. Орон сууцны урьдчилгааг шууд 10 хувь болгоно гэж шоудаад яваад байж болохгүй. Гэхдээ бид үүнийг ажил хэрэг болгохын тулд ажиллана.

-Дэд сайдын албан тушаал ирэх оны эхнээс байхгүй болно гэж ойлгож болох уу?

-Төсөв батлагдчихвал хойш дэд сайдуудын албан тушаал байхгүй болно.

-Цомхотгож буй агентлагуудыг нэрээр нь тодорхой хэлэх боломж байна уу. Есөн яамтай байна гээд байгаа, аль яам үлдэх юм бэ?

-Төсөв өргөн баригдсан. Хэлэлцүүлэг явахад бүх зүйл тодорхой болно. Бид 9 яамтай байх нь зүйтэй гэж төсөвлөсөн. Сонгуулийн дараа Засгийн газрын бүтцээр оролдоод байвал хэцүү. Ээлжит сонгууль ирэх зургадугаар сард болно. Агентлагуудын хувьд Татвар, Гаалийн ерөнхий газар нэгдэж байна. Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Үндэсний статистикийн газар нэгдэж байна. Төрийн өмчийн хороо, Худалдан авах ажиллагааны газар татан буугдана. Ийм өөрчлөлтүүд орж байна.

-Та нэгтгэнэ, цомхотгоно, танана гэж байгаа. Үүний үр дүнд олон иргэн ажилгүй болно. Тэр хүмүүсийг яах юм. Сөрөг үр дагаврыг нь яаж харж байгаа вэ?

-Яг хэдэн хүн цомхотголд өртөхийг одоогоор хэлж мэдэхгүй байна. Энэ Засгийн газрын журмаараа батлагдана. Бүтцийн асуудлыг дараа нь хэлэлцэнэ. Цомхотголд орсон хүмүүсийг дахин сургалтад хамруулах, хувийн хэвшил рүү оруулах боломжуудыг хайна. Мөн төсөв эрүүлжсэнээр хувийн хэвшил рүү урсах урсгалыг сайжруулна. Хүн бүр төр лүү зүтгээд байх боломж хэрэггүй.

-Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхгүй бас ажлаасаа халагдах юм байна. Тийм үү?

-Төсвөөр бол ийм өөрчлөлт орно. Цалингийн хувьд эдийн засгийн нөхцөл байдлаа харах хэрэгтэй. Эх орон ч хандах хэрэгтэй. Цалин нэмнэ гэхээр л бусад барааны үнэ өсдөг. Хувийн хэвшилд дарамт болдог. Тиймээс бид эдийн засаг сайжрахаар цалингийн асуудлыг үе шаттай нэмээд явна.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж