Олон нийтийн дунд, хараат бус судалгаа явуулж, нийгэм эдийн засгийн байдлыг үнэлэхээс гадна, улстөрчдийн чансааг тогтоогдог “МЕК” компанийн энэ сарын ээлжит судалгаагаар үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчийн жагсаалтыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлжээ. Тус компани нь энэ сарын 21-23-ны хооронд санамсаргүй түүврийн аргаар Улаанбаатар хотын иргэдийн дунд судалгаа явуулсан байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг өнгөрсөн сараас 3 хувиар өсч, 33 оноо авчээ. Тэрбээр Засгийн газрыг тэргүүлж эхэлснээс хойш, түүний рейтинг топ улстөрчдийн эхний гуравт байнга бичигдэж буй.
Ерөнхий сайдын рейтинг өсөхөд голлон нөлөөлсөн бодлого нь Улаанбаатарын утааг буруулах шийдвэр. Энэ оны тавдугаар сараас нийслэл хотод түүхий нүүрс түлүүлэхгүй гэсэн Засгийн газрын шийдвэрийн дагуу сайжруулсан түлшээр гэр хорооллынхныг хангаж, энэ нь Улаанбаатарын утааг бууруулахад мэдэгдэхүйц нөлөөлсөн, бодит ажил болсон гэж олон нийт ам сайтай байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд олон тэрбумыг утаанд зарцуулсан ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед бодит ажил болж чадсан гэж дүгнэх хүмүүс бий. Түүнчлэн нийслэлийн авто зам ашигласны татварыг тав дахин нэмсэн хотын удирдлагуудын шийдвэрийг цуцлахыг үүрэгдэж, түүний өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын дарга авто зам ашигласны татварыг цуцалсан нь иргэдэд таалагдсан бололтой.
Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сард чансаагаараа Ерөнхий сайдын дараа оржээ. Түүний бодлого шийдвэрт олон нийт 31 оноо өгсөн нь өмнөх сараас буурсан үзүүлэлт аж. УИХ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын чансаа мөн урууджээ. Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчдийг У.Хүрэлсүх тэргүүлж, Х.Баттулга, Ц.Нямдорж, Г.Занданшатар, С.Жавхлан, Ж.Батзандан нарыг судалгаанд оролцогчид нэрлэжээ.
Ж.Эрдэнэбатын Засгийн газартай харьцуулахад У.Хүрэлсүхийн Ардын Засгийн хийсэн ажил, гаргасан бодлого шийдвэр илүү оноотой байна. Татварын багц хуулийг батлуулж, хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж, утааг бууруулж, Салхитын мөнгөний ордыг төрд авсан гээд олон ажил хийсэнд иргэд У.Хүрэлсүхийн засгийг Ж.Эрдэнэбатын засгаас илүү сайн ажилласан гэж дүгнэсэн байна. Судалгаанд оролцогчдын 41.8 хувь нь У.Хүрэлсүхийн засгаас илүү их зүйл хүлээж байгаагаа онцолж.
М.Энхболдын парламентын рейтингтэй харьцуулахад Г.Занданшатарын парламент сайн дүн авчээ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь Г.Занданшатарын парламентад эерэг оноо авчирсан бололтой. Гурван парламент дамжин, сүүлийн арав гаруй жил ярьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг Г.Занданшатарын парламент хийсэн юм.
Эх сурвалж "МЭК"
Холбоотой мэдээ