Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд цахиур хагалж буй Монголын “The Hu” хамтлагийн уран бүтээлийг япон хэлээр орчуулахаар болжээ. Тодруулбал, тус хамтлагийн анхны “Гэрэг” цомогт багтсан 13 дууг япон хэл рүү мэргэжлийн өндөр төвшинд орчуулж японы сонсогчдод хүргэх юм байна.
Учир нь “The Hu” хамтлаг ирэх онд Япон улсад тоглолтоо хийхээр төлөвлөөд буй. Тодруулбал, “THE GEREG TOUR JAPAN-2020” тоглолт Токио хотноо гуравдугаар сарын 12-ны өдөр 18.30 цагаас “Shinjuku BLAZE” энтертайнмент төвд, Осака хотноо гуравдугаар сарын 13-ны өдөр 18.00 цагаас Umeda Club Quattro клубт тус тус тоглох юм байна. Тасалбарын хувьд 7000 иенийн үнэтэй худалдаалагдах аж. Тэдний уран бүтээлийг орчуулагч, япон судлаач О.Жаргалсайхан орчуулах гэнэ.
Ийн олон улсад Монголын рок урсгалыг амжилттай таниулж буй “The Hu” хамтлаг эх орондоо ирээд удаагүй ч тэдний 2020 оны аялан тоглолтын хуваарь гарч, тоглолтын тасалбар нь ч эрэлттэй байгаа сурагтай.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ