Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат хэвлэлийнхэнд хандаж, “Улсын Ерөнхий прокурор өөрийнхөө албан үүргийг орлогч С.Алиманцэцэгтээ хуулийн дагуу шилжүүлсэн” болохыг дуулгасан ч Б.Жаргалсайхан яагаад ажлаа хийхгүй байгааг, албан үүргээ ямар шалтгаанаар өөр хүнд өгсөн болохыг тайлбарласангүй. М.Чинбатын тайлбараас харвал өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-аас Монгол Улсын Ерөнхий прокуророор томилогдсон Б.Жаргалсайхан ямартаа ч ажилдаа ирэхгүй, албан үүргийг нь С.Алиманцэцэг албан бусаар эрхэлж буй нь тодорхой боллоо.
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн ангийн найз гэгдэх С.Алиманцэцэгийг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг хөөсөн гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдэгдэхдээ “Улсын ерөнхий прокурорын байгууллага дээр эргэлт гарсан байна. Ерөнхий прокурорыг хөөгөөд явуулчихсан байна. Б.Жаргалсайхан гэдэг хүн өрөөндөө орж чадахгүй байна. Ерөнхий прокурорыг УИХ-аас томилсон. Бүлэглэлийн нөхөд Ерөнхий прокурорыг өрөөнөөс нь хөөгөөд, өргөдлийг нь хүчээр бичүүлж гарын үсэг зуруулсан” тухай нууцыг дэлгэсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ч "Прокурорын байгууллагын 90 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэх тогтоол батлахтай холбоотойгоор Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг ирж хэд хэдэн асуудал дээр мэдээлэл хийгээч гэж хүссэн. Гэвч эрүүл мэндийн шалтгаантай гээд ирэхгүй байгаа. Түүнийг түр орлон гүйцэтгэж байгаа С.Алиманцэцэг прокурорыг ирээч гэх гэхээр манай Байнгын хорооны утсыг авахгүй байна. Ер нь Байнгын хороо прокурорын байгууллага хоёрын хооронд үл ойлголцсон байдал үүссэн" талаар "хов" зөөж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "С.Алиманцэцэг прокурор нь удирдаад ч байгаа юм уу, яагаад байгаа юм бүү мэд" гэж хачирсныаас харвал УЕПГ-т үнэхээр төрийн эргэлт гарсан гэлтэй.
Улстөрчдийн ийнхүү "эрэл, сурал" болоод буй Улсын Ерөнхий прокурорын талаар Олон нийттэй харилцах албанаас нь "Эрүүл мэндийн шалтгаанаар түр эзгүй байгаа. Ерөнхий прокурорын эзгүйд түүний шийдвэрээр аль нэг орлогч нь бүрэн эрхийг нь хэрэгжүүлдэг Улсын Ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг бүрэн эрхийг нь хэрэгжүүлж, прокурорын байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна” гэж хоёр өгүүлбэртэй албан мэдээ шидсэнд итгэсэн нь цөөн биз.
Албан тушаалаа урвуулан ЖДҮ-ийн зээл авсан улстөрчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж, “Энэ танхимаас тэр шударга ёс эхлэх ёстой”-г сануулж, прокурорын байгууллагуудын зөвлөгөөнд “матаас” барьж очсон Ерөнхийлөгчид “Монгол Улсынхаа Ерөнхийлөгчийн өмнө хэлье. Би хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй, хэн нэгнийг хариуцлагаас мултлахгүй” гэж суусан Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг чөлөөлж, Б.Жаргалсайханыг оронд нь томилоод ердөө найман сар болж буй юм.
Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий прокуророор томилох хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Гэтэл ямар үндэслэлээр ажлаа С.Алиманцэцэгт хүлээлгэн өгөөд өөрөө “ор сураггүй” болсон нь анхаарал татаж байна. Гэтэл ЖДҮчдээс эхлээд авлига, албан тушаалын хэргүүд прокурор дээр гацаж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар хүргэн Г.Дэнзэнгийн 17 тэрбумын тендерийн дуулианаас эхлээд хэрэгсэхгүй болж буй хэрэг олон байна.
Үндсэн хуульд зааснаар Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналын дагуу УИХ-тай зөвшилцөн, зургаан жилийн хугацаагаар томилно гэж заасан. Харин Прокурорын тухай хуульд "Хуульд зааснаас бусад тохиолдолд прокурорыг чөлөөлөх, халах, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд томилохыг хориглоно" гэж заасан байдаг. Гэхдээ улстөрчид хуулийг яаж ашиглаж, өөрчилж, өөрийн дур сонирхолдоо нийцүүлж болохыг өнгөрсөн хаврын үйл явдлууд харуулсан билээ.
Өөрөөр хэлбэл, өөрт нь “үйлчлээгүй” хууль шүүхийн удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийн тулд АТГ болон бүх шатны шүүхийн удирдлага, мөн Ерөнхий прокурорыг орлогчийн хамт ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлж, түдгэлзүүлж болох тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилж, УИХ-аар батлахын өмнө Ц.Нямдорж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг гишүүдэд үзүүлэн МАН-ынхан ил цагаан “дээрэм” хийж, эзэндээ үнэнчээ баталсан билээ.
Ингэснээр ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4-ийн дагуу Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, түүний орлогч Г.Эрдэнэбат нарыг Х.Баттулга ажлаас нь чөлөөлөх зарлиг гаргасан юм.
УИХ-аар томилогдсон, бүрэн эрх нь 2019 оны дөрөвдүгээр сарын 7-ноос тоологдож буй Б.Жаргалсайханы зургаан жилийн хугацаа 2025 онд дуусна. Түүнийг чөлөөлөх, түдгэлзүүлэх хүсэлт ҮАБЗ-өөс орж ирээгүй. Хэвлэлийнх нь тайлбараас өөр албан ёсоор эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаан тоочоогүй гэвэл Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хаачив аа гэсэн асуулт тавигдах нь зүй ёсных.
Тэр тусмаа гурван долоо хоногийн өмнө Хятадад албан ёсоор айлчилж, “Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газар хоорондын хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурж явсан хүн ямар шалтгаанаар яагаад С.Алиманцэцэгт ажлаа шилжүүлсэн нь, түүний албан үүрэг, эрх мэдлийг ямар шалтгаанаар хэн “хулгайлсан” нь бүр ч их анхаарал татаж буй. Улсын ерөнхий прокурор бол Монгол улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд зааснаар бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулах ёстой.
Томилсон прокуроруудынхаа талаар УИХ-ын гишүүдийн хэлж байгаагаас сонсоход УЕПГ-т “хууль бус эргэлт” гарсан байж мэдэхээр. Үнэндээ, өнөөдөр Монголын хуулийн байгууллагуудын дархлаа суларч, хуульд биш хүнд үйлчилдэг болсны бодит жишээ бол УЕПГ-т болж буй үйл явдал.
УЕП нь "сураггүй алга" болохтой зэрэгцээд ЖДҮ-гийн хэрэг ч “алга” болж, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг суллах захиалга эрчимжиж эхэлсэн нь айдас, хүйдэс дагуулж байна.
Холбоотой мэдээ