Үхтэл үр харам гэдэг. Хүргэн худуудтайгаа үл ойлголцож, охиноо өмөөрсөн эх эрүүгийн хэрэгт татагдаж, хэдэнтээ шүүхээр шүүлгэсний эцэст хоёр удаа цагаатгагджээ. Цагдаа, шүүхээр бүтэн жил дамжин ээрэгдсэн Баянзүрх дүүргийн иргэн Д.Пүрэвсүрэн гуай энэ хугацаанд сэтгэл санаагаар унаж, шаналсны эцэст шударгаар хэрэг нь шийдвэрлэгдсэнд хэлэх үгээ олохгүй баярласнаа бидэнд ярихаар зорьж ирсэн юм. Түүнд тохиолдсон шиг харамсалтай явдал үр хүүхдээ өмгөөлсөн ээжүүдэд санамсаргүй тохиохгүй гэх газаргүй. Тэрбээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргээ шүүлгэжээ. Ингээд шүүхэд талархсан иргэн Д.Пүрэвсүрэнгийн яриаг хүргэе.
-Та ямар хэргийн улмаас шүүхэд дуудагдсан юм бэ?
-Би 2014 оны тавдугаар сарын 18-ны өдөр худ болох хүнтэйгээ хоёр хүүхдийнхээ өмнөөс маргалдсан. Тэр явдлаас хойш хүний гар хугалсан хэргээр цагдаагийн байгууллагаар шалгагдаж, шүүхэд хэрэг шилжиж ирсэн. Намайг Эрүүгийн хуулийн 98.1 буюу хүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэсэн зүйл ангиар буруутгаж байсан. Шүүх хуралд 2015 оны хоёрдугаар сард Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Г.Буяннэмэх шүүгч даргалж хурал болсон. Би гэдэг хүн хүний гар хугалах нь бүү хэл хүнд гэм хор учруулж байгаагүй, хугалаагүй нь ч үнэн учраас шүүх л үнэн зөвийг ялгаж өгнө гэж итгэж шүүлгэсэн. Намайг цагаатгаж өгсөнд шүүхэд итгэх итгэл найдвар баярлах сэтгэгдэл төрж байсан.
Ингээд дууслаа гэж бодоод явж байтал нөгөө хохирсон гээд байгаа талаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, хэргийг маань анхан шатны шүүх рүү буцаасан. Хэрэг анхан шат руу буцсан хугацаанд маш их хугацааг тууллаа, нилээн ч их сэтгэлээр уналаа. Гэхдээ хийсэн хэргийнхээ төлөө ингэж явсан бол би шаналахгүй байсан. Хийгээгүй хэргийнхээ төлөө тэгж явсандаа маш их шаналсан. Гэхдээ эцсийн эцэст шүүгч нар маань бүгдийг үнэн зөв шударгаар шүүдэг хүмүүс юм байна. Анхан шатны шүүхээр дахин шийдвэрлэхэд С.Батжаргал гэдэг шүүгч дээр таарсан. Миний хувьд хоёр удаа шүүхийн танхимд зогсож шүүгдэж байгаадаа маш их гутарч сэтгэлээр унаж шимширч байсан. Гэтэл шүүх намайг хоёр дахь удаагаа цагаатгасан. Би Г.Буяннэмэх шүүгч, С.Батжаргал шүүгч нарт талархлаа илэрхийлмээр байна. Шүүх байгууллагадаа баярлалаа. Би буруу шүүгдчих вий гэж их айж байсан. Одоо бол би шүүхэд итгэх маш их итгэлтэй болсон. Шүүх үнэхээр үнэн шүүдэг, шударга юм байна. Мөн өмгөөлөгчдөө их баярлалаа.
-Гэр бүлийн үл ойлголцлоос болж ийм хэрэгт холбогдсондоо мэдээж харамссан байх?
-Хэрэг 2014 оны 05 сарын 18ний өдөр гарсан. Манай гэрт хүргэн, худ хоёр маань ирж охиныг минь миний нүдэн дээр зодоод гараад явсан. Тэгчихээд 06 сарын 11-нд миний гарыг энэ авгай хугалсан гэж намайг шүүхэд өгсөн. Охины минь том хүүхдийг авч яваад есөн сар орчим уулзуулаагүй. Тэгээд бид хүүхдийг буцааж авахын тулд яваагүй газар байхгүй. Хүүхдийн төлөө үндэсний төв, хүчирхийллийн төвүүдээр явсан. Тэгээд хүүхдийн төлөө үндэсний төв хүүхдийг өг гэсэн шийдвэр гаргасан чинь эргүүлээд миний гарыг хуга цохисон гэж 25 хоногийн дараа цагдаад өргөдөл өгсөн байсан. Тэгээд эрүүгийн хэрэг үүсгээд бүтэн жил дамжсан.
-Таны биед гэмтэл учирсан уу?
-Манай хүргэн намайг түлхэж унагаахдаа түлхүүрээр гар урсан. Гэхдээ би хүүхдүүд өөрсдөө болж байвал бусад нь яахав гээд орхичихсон юм. Тэгсэн өөрөө гэмт хэрэгтнээр татагдсан. Бид 2 коридорт давхралдаж унасан, гэхдээ би хүний гар хугалаагүй. Намайг түлхсэн учраас бид 2 давхралдаж унасан гэж мэдүүлэг өгсөн. Нөгөө хүн болохоор энэ авгай миний гарыг мушгиж байгаад эргүүлээд дарж унагасан, коридорт унаагүй гэж мэдүүлсэн байсан.
-Та өмнө нь шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлж байсан уу?
-Үзээгүй. Анх удаа гүтгүүлж, шүүх байгууллагаар явж үзэж байна. Тэд охиныг маань иргэний хэргээр хоёр ч удаа шүүхэд өгч байсан. Тэгээд хэрэг манай талд шийдэгдээд ирэхээр миний буруу уучлаарай гээд ирдэг. Одоо болтол иргэний хэрэг нь шийдэгдээгүй байгаа. Охины маань том охиныг авах гээд маргалдаад байгаа.
-Танд шүүхийн танхимд шүүгдэгч гээд сууж байхад юу бодогдож байв?
-Үнэн ялах байх гэж бодож байсан. Тэгээд прокурор надад ял оноосон. Тэр нь нэг жил хоёр сар байсан чинь давж заалдах шатны шүүх дээр хоёр жил хоёр сарын ял оноогоод гараад ирсэн. Тэгээд бид нарыг гараад байж бай гэхэд нь хэрвээ ингээд шийдчихдэг юм бол шүүх гэдэг чинь шударга байдаггүй юм байна. Шүүхэд дахиж хэзээ ч итгэхгүй гэж бодсон. Гэтэл шийдвэр гарч, намайг цагаатгалаа гэхэд нь би үнэхээр баярласан. Шүүх гэдэг үнэн мөнийг олж чаддаг юм байна.
-Тантай шүүхийн ажилтнууд таагүй хандлагаар харьцаж байсан уу?
-Анх удаа шүүхийн хаалгаар ороход миний сэтгэл эмзэг болчихсондоо ч тэгсэн үү намайг хэрэг хийсэн хэрэгтэн мэт хараад байх шиг хэцүү санагдаж байсан. Тэгээд яваандаа тэр байдал арилсан. Шүүгчийн туслахуудад буруу өгөхгүй, тэд бол ажлаа хийж байгаа хүмүүс учраас. Би хэргийн туршид хоёр шүүгчийн туслахтай уулзсан. Тэгэхэд их гайгүй хүнлэг харьцаатай санагдсан.
Л.МӨНХТУЯА