"Шөнийн номын сан маш их таалагдаж байна"

Хуучирсан мэдээ: 2019.12.25-нд нийтлэгдсэн

"Шөнийн номын сан маш их таалагдаж байна"

Монгол Улсын Их Сургууль/МУИС/-ийн номын сангийн хамт олон оюутнуудад зориулж, шалгалтынх нь үеэр туршилтаар 24 цагаар ажиллахаар болсон. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн  24 цагаар ажиллаж эхэлсэн нь оюутнууд болон эцэг эхчүүдэд дуулгах сайн мэдээ болж буй.

Биднийг сурвалжлага хийхээр өчигдөр /2019.12.24/ 22.00 цагийн орчимд тус номын санд зочилход нэг давхрын уншлагын танхим оюутнуудаар дүүрчээ. Дотроо ширээ сандал, уншлагын танхим, интернет орчин гээд л хичээл хийхэд хамгийн тохиромжтой орчин энд бүрдсэн нь илт.

Нэг зүйлийг онцлоход тус номын санд зөвхөн МУИС-ийн оюутнууд үйлчлэх журамтай бөгөөд 22.00 цагаас өмнө оюутнууд бүртгүүлэх ёстой байдаг аж. Ингээд 22.30 цагаас өглөөний 07.00 цаг хүртэл хаалгаа барьдаг гэнэ.

Оюутнууд үүдний хэсэгт үнэмлэхээ уншуулан номоо захиалах аж.  Шалгалтын ачаалал ихтэй үед оюутнууд ангиараа болон найзуудаараа нийлэн хичээлээ давтах нь илүү өгөөжтэй, үр дүнтэй байдаг тул нам гүм, тохилог орчин хамгийн таатай боломж бүрдүүлдэг гэдгийг хэлж байлаа.

ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ НЬ ИХ БАЙВАЛ  24 ЦАГИЙН НОМЫН САНГАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

МУИС-ийн Номын сангийн үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн О.Нарантуяагаас дараах тодруулгыг хийсэн юм.

-МУИС-ийн номын сан 24 цагаар ажиллаж эхэллээ. Ямар журмаар ажиллаж байна вэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Манай сургууль туршилтын журмаар энэ Даваа гаригаас эхлэн номын сангийн нэг давхрын уншлагын танхимаа шөнийн цагаар ажиллуулж эхэлсэн. Ер нь бидний төсөөлснөөс их оюутнууд үйлчлүүлж байгаа. Номын сангаар үйлчлүүлэхдээ оюутнууд 19.00 цаг хүртэл уншлагын танхимаас номоо захиална. Ингээд шөнө ажиллах номын санч нь захиалсан номоо татаад бэлдээд тавьчихдаг. Тэгээд 21.00 цаг гэхэд хонох хүүхдүүдээ бүртгэж эхэлдэг. Хүүхдүүд 22.00 цаг хүртэл хоол ундаа идээд ороод ирж болно. Харин 22.30 цагаас гаргахгүй гэсэн журамтай. Хичээлийн эхний шалгалт 07.40 цагаас эхэлдэг тул бид 07.00 цагаас хаалгаа нээж байгаа.

Суралцах орчин, дотоод тав тухын тухайд манай уншлагын танхим дотроо ариун цэврийн өрөөтэй, ус шүүгчтэй болохоор хүүхдүүд маань хувийн бэлтгэлээ хангаад ирэхэд болно. Ямартай ч туршилтаар ажиллуулж байгаа учраас цаашдаа эрэлт хэрэгцээ нь их байх юм бол бид энэ үйлчилгээгээ үргэлжлүүлнэ. Оюутан бага үйлчлүүлбэл үйлчилгээгээ хумина. Яагаад энэ үеийг сонгосон юм гэхээр оюутнуудын шалгалт эхэлсэн ачааллын үе учраас сонгож туршилтаар ажиллуулж байгаа юм.

-Шөнө номын сан ажиллуулахаар асуудал гарч байна уу?

-Нисэхээс ч юм уу хол гэртэй хүүхдүүд 22.30 цагаас өмнө амжиж ирээд номын сангаар үйлчлүүлэх хүсэлт тавибал суудал дүүрсэн ч гэсэн багтааж байгаа. Ямар нэгэн шалтгаанаар хүүхэд шөнө дунд гарах хэрэгтэй болвол эцэг эхтэй нь холбогдож, таксины номерыг аваад шаардлагатай үед холбогдох эцэг эхийнх нь дугаарыг авч байна.

Эхний өдрийн байдлаар 07.00 цагаас өмнө гурван хүүхэд л гарсан. Бидний зүгээс 24 цаг яаж ажиллах вэ гэдэг заавар, журам, захиалга авах хуудсаа боловсруулсан. Гэхдээ бидний төсөөлснөөс илүү байсан. Одоо бол оюутнууд ихтэй байх нь аргагүй шүү дээ.

-Нийтдээ хэчнээн оюутан хүлээж авч байна вэ?

-24 цагийн номын сандаа оройдоо 100 хүүхэд авах журамтай. Өчигдөр гэхэд суудал дүүрээд бид өөрсдийнхөө амралтын өрөөнд хүртэл оруулсан. Хүүхдүүд шөнө 04.00 цагаас эхлээд ядраад эхэлдэг юм билээ. Тэгээд хивстэй хэсэгт хувцсаа дэлгээд унтаж байсан. Номын санд байгаа учраас тэд гучаас нэг цагийн хороон нүдний хор гаргана шүү дээ.

-Оюутнуудад тавигдах шаардлага бий юу?

-Нэг их айхтар хатуу шаардлага тавьдаггүй. Чанга ярихгүй, бусдадаа саад болохгүй, утсаар ярихгүй байх ёстой. Хэрвээ шөнийн номын санд сууж байгаа бол хувийн бэлтгэлээ хангаад ороод ирэхэд болно.

-Зөвхөн шалгалтын үеэр гэлтгүй энгийн үед 24 цагаар номын санг ажиллуулах боломж бий юу?

-Энэ долоо хоногт ямар байхаас шалтгаалаад байнгын ажиллуулах шаардлага байна уу, тодорхой хугацаанд ажиллуулах нь үр дүнтэй юу гэдэг ерөнхий дүр зураг гарна.

Шөнийн номын сан оюутнуудад их таалагдаж байгаа нь илт. Анхаарлаа зөвхөн унших номондоо төвлөрүүлэх эсвэл өөр хоорондоо хичээлээ ярилцаж суугааг харах урамтай байлаа. Тус номын сангаар үйлчлүүлж буй оюутнуудын сэтгэгдлийг сонсоноо хүргэе.

 АНГИЙНХАНТАЙГАА ЯРИЛЦААД ХИЧЭЭЛЭЭ ХИЙХ САЙХАН БАЙНА

Б.БАТЦЭЦЭГ: Хол гэртэй хүүхдүүд, хичээлийн ачаалал ихтэй үед сургуультайгаа ойрхон хонож номын сандаа хичээлээ хийснээр илүү давуу талтай. 24 цагийн номын сантай болсноор хичээлээ зөвхөн ганцаараа хийхгүй, ангийнхантайгаа ярилцаад хийхэд сайхан байна.

Миний хувьд өнөөдөр анх удаа хонож байна. Шалгалтын үеэр оюутнуудад маань хичээл хийх  таатай орчин бүрдсэнд баяртай байна. Ээж, аав маань номын санд хонож хичээлээ хийнэ гэхэд эерэгээр хүлээж авсан. Хүүхдүүд гэртээ ирж очихын тулд тодорхой цаг хугацаа зарцуулдаг. Тэрний оронд номын сандаа хичээлээ хийгээд хононо гэдэг их сайхан. Гэртээ очсон хойноо оюутнууд хичээлээ хийгээд суух нь ховор. Харин номын санд ангийнхантайгаа суух нь илүү анхаарал төвлөрөх, нам гүмд орчинд хичээлээ хийх нь урамтай байна. Цаашдаа шалгалтын үеэр 24 цаг ажилладаг байх нь оюутнуудад их хэрэгтэй. Ер нь бидний тулгамдаж байгаа асуудлыг шийдэж өгсөн гэж харж байна.

ШӨНӨ ХИЧЭЭЛЭЭ ХИЙДЭГ ХҮҮХДҮҮД МАШ ИХ БАЙДАГ

Ц.НЯМ-ОЧИР: Энэхүү номын сан шөнийн цагаар ажиллаж эхэлснээр оюутнуудын хичээл хийх цаг улам ихээр тэлж байгаа. Тэгэхээр цагийг зөв боловсрон өнгөрүүлэх, чөлөөт цагаа хичээлдээ ач холбогдол өгөх боломж бүрдүүлж байгаагаараа давуу талтай. Зарим хүүхдийн тархи шөнийн цагаар илүү ажилладаг шүү дээ. Түүний адил шөнөөр хичээлээ хийдэг хүүхдүүд маш их байдаг.

Би өнөөдөр ганцаараа сууж байна. Ганцаараа хичээл хийх нь илүү амар санагддаг. Тав тухын хувьд үнэхээр сайхан. Орчин үеийн шийдлээр техникжүүлж чадсан. Мөн миний хувьд сошиал ашиглах цаг зав гаргадаггүй. Тэрхүү цагийг номын сан, фитнест өнгөрүүлдэг. Номын санд чөлөөт цагаа өнгөрөөснөөр мэдлэгийг тэлж өгдөг. Манай ээж аав номын санд хонолоо гэхэд сайхнаар хүлээж авсан. Цаашдаа туршилтаар биш өдөр болгон ч юм уу ядаж таван долоо хоног ийм байвал хүүхдүүдэд илүү үр бүтээлтэй байх гэж бодож байна.

ШӨНИЙН НОМЫН САН МАШ ИХ ТААЛАГДАЖ БАЙНА

Э.МОНГОЛЖИНГОО: Би хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг. Өглөө 7.00 цагаас хичээлдээ яваад оройн 19.00 цагаас ажил тардаг. Тэгэхээр ажлаа тараад гэртээ харихаар маш их ядардаг. Миний хувьд ажлаа тараад номын санд суугаад хичээлээ хийхээр маш их үр дүнтэй байгаа. Гэртээ очихоороо ядраад шууд унтчихдаг. Би найзуудтайгаа хамт хичээлээ хийх дуртай. Байнга найзындаа хоноход хэцүү шүү дээ. Тиймээс шөнийн номын сан маш их таалагдаж байна.

Суралцах орчин, тав тух, интернет орчин залгуур байхад хичээлээ хийчихнэ бие даалтаа хийчихнэ шүү дээ. Манай аав ээж хоёр надад номын сан 24 цагаар ажиллах болсныг хэлсэн. Эхний удаад номын сан маань туршилтаар ажиллаж байгаа ч гэсэн цаашдаа үргэлжлүүлж энэ цагийн хуваариа барьж илүү цагаар ажиллаасай гэж бодож байна.

ААВ ЭЭЖДЭЭ НОМЫН САНД ХОНОЛОО ГЭХЭД ЭХЛЭЭД ҮНЭМШИХГҮЙ БАЙСАН

Д.НЯМБАЯР: Явцын шалгалтын долоо хоног үргэлжилж байна. Бид хичээлээ 24.00 цагийн Circle, CU-д суугаад хийвэл болно л доо гэхдээ номын санд суугаад хийвэл арай тохь тухтай ч юм уу хүн бага орж гардаг болохоор тухтай байна. Өдрийн цагаар бол манай номын сан 21.00 цаг хүртэл ажилладаг.

Өнөөдөр гурван найзтайгаа хамтраад хичээлээ хийж байна. Найзуудтайгаа ярилцаад хийхээр хичээлээ мартдаггүй. Ер нь бол цаашдаа хоёроос гурван уншлагын танхим нээгдвэл илүү үр дүнтэй байх болов уу. Аав ээждээ номын санд хонолоо гэхэд эхлээд үнэмшихгүй байсан.

Дашрамд дурдахад, номын сангийн шинэ барилгын В1 давхарт номын фонд, архив, 1-р давхарт нэг цэгийн үйлчилгээ, гэрээр ном олгох үйлчилгээ, сонин сэтгүүлийн уншлагын танхим болон музей, номын дэлгүүр, 2-4 давхарт уншлагын танхим, номзүй, ном бүрдүүлэлт, каталогийн өрөө, лекцийн танхим, 5-6 давхарт судалгааны лабораториуд, хурлын танхим тус тус байрлаж байна. Танхим бүрийн тохижилт өөр,  загвар, өвөрмөц хэв маягтай. Байгалийн болон Нийгмийн шинжлэх ухааны төрөлжсөн уншлагын танхим, багш, судлаачдын уншлагын танхим, болон багаар ажиллах өрөөнүүдтэй. Номын сан нэгэн зэрэг 700 оюутанд үйлчлэх суудалтайгаас гадна оюутнууд суух чөлөөт орчин, тохь тухтай зай талбайг бүрдүүлсэн юм.

Номын сан 360 гаруй мянган хэвлэмэл болон цахим ном, сонин, сэтгүүлийн сан хөмрөгтэй. 1000 орчим CD, зохиогчийн эрхтэй 20 гаруй цахим ном, 2000 орчим магистрын ажил, ОУ-ын 16 онлайн мэдээллийн санг ашиглах боломжтой цахим уншлагын танхимтай.

МУИС-ийн багш, ажилтан, оюутнууд номын сангаар үйлчлүүлэх буюу цахим ном унших боломжтой юм. Цагийн хуваарийн тухайд Даваагаас Баасан гаригуудад 09.00-21.00 цагийн хооронд амралтын өдрүүдэд бямба гарагт 10.00-17.00 цагийн хооронд ажиллаж, ням гарагт амардаг юм байна. Харин 24 цагийн номын сан арванхоёрдугаар сарын 27-ныг хүртэл ажиллана. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж