АНУ-ын нисэх хүчний онгоцууд аравдугаар сарын 3-ны үүрийн 02:08-03:15 цагийн хооронд (орон нутгийн цагаар) Кундуз дахь эмнэлгийн байрыг агаараас довтолж бөмбөгдсөн. Үүний улмаас 12 ажилтан, долоон өвчтөн амиа алдсан юм. Долоон өвчтний гурав нь хүүхэд байсан хэмээн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагаас мэдэгдсэн билээ.
Харин агаараас цохилт өгч, олон хүний аминд хүрсэн хариуцлагыг АНУ-ын Засгийн газар хүлээхээр болж, энэ талаар өчигдөр Пентоганы удирдах зөвлөлийн гишүүн, генерал Жон Кемпелл мэдэгдэл хийсэн тухай BBC мэдээлжээ.
Тэрбээр “Бид энгийн иргэдийг хохироохыг хүсээгүй. Кундуз хотыг хэт даврагч “Талибан” бүлэглэлээс чөлөөлөхийн тулд шуурхай ажиллагаа явуулсан. Харамсалтай нь америкийн онгоцууд энгийн иргэдийг хохироосноос гадна Афганистаны ард түмэнд тусалж байсан олон улсын байгууллагын ажилчдыг гэмтээлээ. Гэхдээ энэ бол санаатай аллага биш. Та бүхэн зөвөөр ойлгох хэрэгтэй. Бид бүх хариуцлагыг хүлээх болно” гэжээ.
Кемпелл ийнхүү хэлснийхээ дараа Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганитай “Талибан” бүлэглэл болон гэнэтийн ажиллагааны асуудлаар ярилцжээ. Тэд хагас цаг орчим ярилцсан бөгөөд Гани Америкийг буруутгаж, “Бүх хариуцлагыг хүлээх ёстой” гэж мэдэгджээ.
Эмнэлгийн барилгыг бөмбөгдсөн гэх мэдээлэл олон улсын хэвлэлээр цацагдсаны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар эмгэнэл илэрхийлж, Кундуз хотыг сэргээн засварлахад дэмжлэг үзүүлэхээ амласан юм.
“Хил хязгааргүй эмч нар” байгууллагын удирдлагууд америкчуудтай хэлэлцээр хийхийг хүсэхгүй байгаа бөгөөд энэ асуудалд НҮБ-ыг анхаарлаа хандуулахыг шаардаж, ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд шаардах бичиг илгээсэн болохоо өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. “Америкчууд анх удаагаа буруугаа хүлээлээ. Тэд цэргийн ажиллагаа нэрийдлээр олон хүнийг хохироосон. Гэхдээ бид “уучлаарай” гэх ганцхан үгийг сонсоод энэ асуудлыг орхихыг хүсэхгүй байна” хэмээн мэдэгдсэн байна.
Т.АНУ