500 тэрбумын өртөгтэй “Монгол наадам” макет дээр үлдэх үү?

Хуучирсан мэдээ: 2019.12.25-нд нийтлэгдсэн

500 тэрбумын өртөгтэй “Монгол наадам” макет дээр үлдэх үү?

500 тэрбумын өртөгтэй “Монгол наадам” макет дээр үлдэх үү?

Улаанбаатар хотын төвөөс 32 километрийн зайд байрладаг Хүй долоо худагт “Монгол наадам” цогцолборыг байгуулах талаар албаныхан сүүлийн хэдэн жил ярих болсон. Тэр дунд олны анхаарлыг татаж буй хамгийн том бүтээн байгуулалт нь 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн юм.

Гэтэл үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Нисэх, Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд хэсэгт барих шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа билээ. Уг барилга 2021 оны Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор ашиглалтад орох төлөвлөгөөтэй.

Харин НИТХ-ын ээлжит хуралдаанаар 2020 онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг хувьчлах шийдвэр гаргасан. Учир нь  наадам тэмдэглэх бүрт нийслэлээс 200 гаруй сая төгрөг төсөвлөж, зарлага ихтэй, ашиггүй байдаг учраас хувьчлахаар шийдэж, Хүй долоон худагт шинээр цэнгэлдэх хүрээлэн байгуулах шийдвэр гаргасан юм.  Иймээс аль шийдвэр нь хүчин төгөлдөр үйлчлэх вэ гэдэг асуудлыг сөхөж дараах мэдээллийг бэлтгэлээ.

ХҮЙ ДОЛОО ХУДАГ ДАХЬ 12 МЯНГАН ГА ГАЗАРТ 35 БАЙГУУЛАМЖ БАЙГУУЛНА

“Монгол наадам” цогцолбор орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар анх 2013 онд байгуулагдсан. Тус газар байгуулагдсан цагаас хойш улсын 12.582 мянган га газрыг “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтад зориулан, ашиглахаар тусгай хэрэгцээнд авсан байдаг. “Монгол наадам” цогцолборын үндсэн бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гарсан бөгөөд ойролцоогоор томоохон 35 орчим бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөөд байгаа ажээ. Үүний хамгийн том байгууламж нь 30 мянган хүний суудалтай битүү цэнгэлдэх хүрээлэн юм.

Мөн 10 мянган хүний суудалтай морь барианы болон сур харвааны задгай асар, шагайн харвааны битүү асар, морин тойруулга, жороо морины цэнгэлдэх байгуулахаар төлөвлөжээ.

“МОНГОЛ НААДАМ” ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭСЭН

Тус газрын дарга Д.Хатанбаатар ярихдаа “Манай байгууллага тусгай хэрэгцээт газрыг 2015 онд авахад иргэн, аж ахуй нэгжийн хууль ёсны өмчлөх эрхийг зөрчсөн газрын давхцлын асуудал байсан. Энэ асуудлыг 2016 оноос хойш гурван жил хөөцөлдөж, одоогоор Төв аймгийн Аргалант сумаас авч байгаа газрын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Мөн дээр нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс 551 га газрыг авч байгаа. Ингээд газрын асуудлыг нөхөн төлбөргүйгээр шийдвэрлэж, НИТХ-д өргөн барьж, тогтоол шийдвэр гаргуулна. Засгийн газрын тогтоолынхоо өөрчлөлтийг оруулбал 2015 онд 256 дугаар тогтоолоор авсан газар маань хууль ёсных болж баталгаажих юм. Ингээд газрын асуудал баталгаажсанаар бүтээн байгуулалтынхаа 50 хувийг шийднэ гэсэн үг.

Мөн Хүй долоо худагт дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэж чадах юм бол бүтээн байгуулалтын ажил төр, хувийн хэвшлийн түншлэлээр өрнөх боломжтой. Бид ажлаа дунд болон урт хугацаанд төлөвлөн харж байгаа. Нийт 12 мянган га газар дээр аялал жуулчлалын томоохон бүс байгуулахын тулд мэргэжлийн спортын холбоодынхоо удирдлагуудтай уулзаж, ярилцаж байна” гэдгийг хэлж байв.

Санхүүжилтийн хувьд “Монгол наадам” цогцолборыг байгуулахад 500 орчим тэрбум төгрөг яригдаж байгаа аж. Зөвхөн олон улсын стандартад нийцсэн цэнгэлдэх хүрээлэн барихад  урьдчилсан байдлаар 150 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэдэг тооцооллыг албаныхан гаргажээ.

“МОНГОЛ НААДАМ” ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ТӨСӨВ БАТЛАГДААГҮЙ”

Энэ талаар Д.Хатанбаатар тайлбарлахдаа “Энэ их санхүүжилтийг нийслэл болон улсын төсвөөр хийх боломжгүй учраас спортын 30 гаруй мэргэжлийн холбоодтойгоо ярилцаад, дор бүрнээ хөрөнгө оруулалт хайгаад явж байна. “Монгол наадам” цогцолборын томоохон бүтээн байгуулалтыг гадаадын хөрөнгө оруулалт болон төр, хувийн хэвшлээр барих, ашиглах, шилжүүлэх гэсэн концессын нөхцөлтэйгөөр байгуулахаар төлөвлөөд байгаа. Уг цогцолбор барьж байгуулах төсвийг 2020 оны төсөвт батлуулж чадаагүй” гэсэн юм.

“Монгол Улсад жил бүрийн Үндэсний их баяр наадмын үеэр гадаадын маш олон жуулчин зорин ирдэг. Харамсалтай нь, наадмын үеэр ирсэн нийт жуулчдын 20 орчим хувь нь л Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадам сонирхоод буцдаг. Тиймээс ирэх жилүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн байршлыг солих уу, шинээр байгуулах байгууламжийн бүтээн байгуулалтыг хэрхэн хийх нь ихэд сонирхол татаж байна.

Хүй долоо худагт байгуулах “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтын хувьд хэд хэдэн зүйл дээр анхаарах хэрэгтэй юм шиг санагдлаа. Тэнд урт хугацааны төлөвлөгөөгөөр хэтэрхий том, нүсэр стадионууд барих талаар ярьж байна. Гэтэл гадаадын жуулчид яагаад монгол баяр наадмыг үзэхийг хүсдэг вэ гэхээр нүүдэлчин ахуй, соёл, байгалийг харахыг л хүсдэг. Нийслэл хотоос гараад л 10 км явахад нүүдэлчин ахуйг харж болно. Гэтэл тэнд 30 мянган хүний суудалтай том цэнгэлдэх хүрээлэн, 10 мянган хүний суудалтай сурын талбай, спортын сургуулиудын оюутны дотуур байр байгуулна гэхээр жуулчдын зорьж ирэх хүсэл сонирхолд нийцэхгүй. Энэ бүхнээс үүдэн замын түгжрэл үүснэ гэх мэт олон асуудал дагуулна. Мэдээж эрс тэс уур амьсгалтай оронд спортынхон дулаан байранд бэлтгэлээ хийж, хөгжүүлэх ёстой. Энэ бүтээн байгуулалтаа зөвхөн наадмын хэдэн өдрүүдэд л дүүргэж, ашиглана шүү дээ. Тиймээс хэтэрхий том төлөвлөгөө битгий гаргаарай. Одоо байгаа газраа жаахан өөдөн татахад л болоод явчихна” гэдгийг Монголын аялал жуулчлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Э.Цэрэнбат хэлж байв.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж