Засгийн газраас цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг нэмэх шийдвэрийг өнгөрсөн Лхагва гаригт /2019.12.18/ гаргасан юм.
Тус шийдвэрт, цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгт 3600 төгрөг байхаар тогтоов.
Мөн Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3475 төгрөг болголоо. Нэгээс тавдугаар ангийн хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 төгрөг, тусгай сургуулийнх бол 2400 төгрөг байхаар шийдвэрлэв.
Энэхүү шийдвэрийг 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ. 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн давхардсан тоогоор 640 гаруй мянган хүүхэд хамрагдах судалгаа гарсан байна.
2012 оноос хойш өнөөг хүртэл цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардал 1650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгийнх 2400, дотуур байрны хүүхдийнх 2315, нэгээс тавдугаар ангийн хүүхдийн үдийн цайны зардал 600 төгрөг байсан юм. Эцэг эхчүүдийн зүгээс цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолд зориулан төрөөс олгож байгаа 1650 төгрөгөд шим тэжээлтэй хоол идэх боломжгүй гэж үзэн, дээр мөнгөн дүнг нэмэгдүүлэхийг санал болгож байсан. Үүний зэрэгцээ төрөөс хүүхдийн үдийн хоолны мөнгийг нэмж дийлэхгүй бол эцэг эхчүүд өөрсдөөсөө мөнгө гаргахад бэлэн байгаагаа ч илэрхийлж байсан билээ.