СОНГУУЛИЙН ХУУЛЬ: МАН ба МАХН

Хуучирсан мэдээ: 2019.12.25-нд нийтлэгдсэн

VS

СОНГУУЛИЙН ХУУЛЬ: МАН ба МАХН

Сонгуулийн тухай хуульд "Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно" гэсэн заалт тусгагдсан нь хуулийн зөрчил үүсч Үндсэн хуулийн цэцэд очих нөхцөл үүсээд байгаа билээ. Учир нь  Үндсэн хуулийн Цэц 2008 оны сонгуулийн өмнө дээрхтэй адил маргааныг хэлэлцээд УИХ-ын эсрэг шийдвэр гаргаж байв. Энэ удаад эрх баригч нам Үндсэн хуулийн Цэц хориглочихсон шийдвэрийг Сонгуулийн хуульд оруулж баталсан нь Үндсэн хуулийг зөрчсөн асуудал болох эсэх талаар талуудын эсрэг, тэсрэг байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.

Дээрх заалтаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зорилготой нэг хүнд зориулсан хууль гэж МАХН үзэж  Цэц болон НҮБ-д хандахаа мэдэгдээд буй.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 2008 онд Цэцийн шийдвэр гарсан байдаг. Ялгүй байх гэдэг нь хүний эрхийг зөрчиж байна гэдэг дээр нэлээд өргөн асуудлаар үзэж Цэцийн дүгнэлт гарсан байгаа. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүн нэр дэвшихгүй гэсэн заалт бол арай өөрөөр эхэлж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн нэр дэвшихэд тавигдах шаардлага хүний эрхтэй холбогдохгүй. Үндсэндээ УИХ-ын гишүүн сонгуулийн насны буюу 25 нас хүрсэн байх ёстой гэсэн ганцхан заалт бий. Үүнээс гадна нэр дэвшихэд төрийн албан хаагчийн шалгуур тавигддаг. Төрийн албаны тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол бүх насаар нь төрд ажиллах эрхийг нь хязгаарладаг. УИХ-ын гишүүнд ч мөн уг хууль үйлчлэх ёстой гэсэн саналыг Т.Аюурсайхан нарын гишүүд гаргасан. Үүнийг гишүүдийн олонх нь дэмжээд баталчихлаа.

 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга:

Хууль батлагчид ардчиллын зарчим, хууль дээдлэх зарчим, хүний эрхийн зарчим энэ бүхнийг уландаа гишгэсэн гэдгээ Сонгуулийн хуулийг батлах үеэрээ нотлон харууллаа. НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактад Монгол Улс нэгдсэн. Тус Пактад бусдыг ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Уг акцад нэгдэн орсныхоо хувьд Монгол Улс бүх баталж буй хууль, дүрэмдээ бусдыг үл ялгаварлан гадуурхана гэдгийг дагаж мөрдөж, суулгах ёстой.

Хоёрдугаарт, 2008 онд Үндсэн хуулийн Цэц маш тодорхой шийдвэр гаргасан. Хүнийг бүх насаар нь ялладаг байж болохгүй гэдэг дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргачихсан. Мөн 2015 онд батлагдсан Эрүүгийн тухай хуульд ялтай байх гэдэг ойлголтыг мөн байхгүй болгосон. Монгол Улсад хүнийг ялладаг эсвэл хаадаг хууль нь зөвхөн Эрүүгийн хууль. Гэтэл эрх баригчид Сонгуулийн хуулийн заалтыг нэг хүнд зориулж яллаж байна гэдэг нь манай улсад хууль дээдлэх бүх зарчим байхгүй болсных. Нэг бүлэглэлийн дарангуйлалд хүссэн хуулиа дуртай үедээ дүрэм, журамгүйгээр баталдаг ийм байдал руу гулсан орж байгаа нь харамсалтай. Бид эцсийг нь хүртэл явна. Зөвхөн Үндсэн хуулийн Цэцээр тогтохгүй НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандана. Эцэст нь хэлэхэд, МАХН-ын дарга Н.Энхбаяр авлига, албан тушаалын гэмт хэрэг хийгээгүй, хэлмэгдсэн хүн. Хийгээгүй хэрэгт нь хэлмэгдүүлж, Н.Энхбаярт зориулсан гурав, дөрөвдөх удаагаа хууль баталлаа. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж