МОНГОЛ УЛСЫН БААТАР, УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ АСАН Э.БАТ-ҮҮЛТЭЙ ЯРИЛЦЛАА.
-Та нийгэмд нийтлэлээрээ дамжуулж үзэл бодлоо илэрхийлдэг. Нийтлэл, жиргээнээсээ болоод цагдаа, шүүхэд дуудагдаж ч байсан. Тэр асуудал юу болов. Үүнээс болоод нийтлэлээ бичихээс айх, шантрах үе байдаг уу?
-Өнгөрсөн хавар бичсэн миний нийтлэлийн дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс надад захиргааны хариуцлага ногдуулах хоёр ч хүсэлт цагдаад хандан гаргаж, намайг нийтдээ дөрвөн сая төгрөгөөр торгосон. Цагдаа болон прокурор, шүүх улаан цайм Ерөнхийлөгчид үйлчилж байна билээ. Би дээд шатны шүүхэд давж заалдсаар байгаа. Би аль 90-ээд оноос айх, шантрах гэдгийг мартсан. 1988 онд ухуулах хуудас наагаад баривчлагдаж очиход цаазаар авах ялтай хэрэг үйлдсэн хэмээн НАХЯ-ны тасгийн дарга сүрдүүлж байсан юм. Залуудаа айгаагүй байж өдий насандаа айх, шантрах гэж юу байх вэ, шийдсэн хүн шүү дээ.
-Хамгийн сүүлд таны бичсэн “Фашизмын эсрэг эвсэн тэмцэх хэрэгтэй” гэсэн нийтлэлийг тань уншсан. Уг нийтлэлдээ та Н.Энхбаярыг давхар яллаж байна гэсэн утга илэрхийлсэн байна лээ. Яагаад Н.Энхбаярыг өмөөрөх болов?
-Шүүхээр бус хуулиар яллах аргыг анх Гитлер, Сталин нар нэвтрүүлж байсан юм. Еврейчүүдийг таарсан газраа устгах эрхийг герман хүнд олгосон хууль гаргаж байсан юм. Өөрөөр хэлбэл, еврей хүний амьд явах халдашгүй эрхийг нь цуцалсан хэрэг. “Шиндлерийн жагсаалт” киног үзсэн байлгүй. Еврей хүнийг гартаа буу барьсан герман хүссэнээрээ буудаж байгаа биз дээ. 1930-аад оны үед Монголд ногоон малгайтнууд “хувьсгалын эсэргүү” гэж үзсэн хүнээ дураараа буудах эрхтэй байсан. Малаа маллаж явсан гэмгүй ах, дүү хоёрыг хүний тоо гүйцээх гээд хөнөөсөн жишээ ч бий. Лам хүнийг еврейчүүд шиг амьд явах эрхийг нь цуцалсан тул хүссэн ногоон малгайтан хүссэн аргаараа алж байлаа. Хуулиар яллах гэдэг ийм аюултай. Энэ аргыг өнөөдөр Н.Энхбаярт зориулан сэргээж байна.
Бусдын эрх, эрх чөлөөнд ямар ч гэм учруулаагүй Н.Энхбаярыг шүүхээр яллаж чадахгүй болохоор нь хууль гарган сонгуульд нэр дэвших эрхийг нь цуцаллаа. Тэд чаддагсан бол амьд явах эрхийг нь цуцалж мэдэх юм байна.
-Ер нь та Сонгуулийн хуульд сэтгэл дундуур байх шиг байна, тийм үү?
-Энэ бол сонгуулийг луйвардахад зориулсан хууль. Нэг шатны сонгуульд нэг сонгогч олон санал өгөх нь сонгуулийг шударга явуулах боломжгүй болгодог хэмээн гадны экспертүүд хэлдэг. Манай Сонгуулийн ерөнхий хорооны дүгнэлт ч байдаг юм. Энэ Сонгуулийн хууль чинь долдугаар сарын 1-ний хэрэг явдалд хүргэсэн юм шүү дээ. Ямар амархан мартаж байна аа. Ирэх хавар УИХ-ын сонгуулийн дараа “Долдугаар сарын 1” болно.
"УИХ-ЫН СОНГУУЛИЙН ДАРАА ДАХИН “ДОЛДУГААР САРЫН 1” БОЛНО"
-Аль ч нам Засгийн эрхийг барьж байхдаа Сонгуулийн хуулийг өөрсдөдөө зориулж баталдаг. Өнгөрсөн хугацаанд баталсан Сонгуулийн хуулиудаас хамгийн зөв, оновчтой хувилбар гэвэл алийг нэрлэх вэ?
-Холимог системээр сонгууль явуулж үзсэн. МАНАН бий болчихоод байдаг юм. Засгийн газар олон намын рекэтэнд орчихоод байдаг. Сая батлагдсан Сонгуулийн хуулиар сонгууль хийхээр бөөн луйвар, сонгууль нь сонгогчдын саналын арилжааны талбар болдог. Сонгогчид олон санал өгөх учир түүнийгээ арилжаанд оруулах боломжтой болно. Жишээ нь, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хоорондоо 76 хүний нэрийг тохирчихвол намын сүлжээндээ команд өгөөд гүйцээ. Арилжаанд орж чадаагүй бусад нэр дэвшигч унана гэсэн үг. Тэгэхээр хамгийн тохиромжтой нь 76 тойрог бүхий жижиг мажоритари тогтолцоо юм. Нэг нам нь ялсан шиг ялж, хариуцлагаа хүлээсэн шиг хүлээнэ. Ямар ч МАНАН бий болохгүй. МАНАН гэдэг бол хамгийн хогийн юм. Би бүх МАНАН-г эсэргүүцсээр ирсэн хүн.
-Та Ерөнхийлөгчийг ардчилал, хүний эрхийг хамгаалах ёстой хүний нэг гэж үздэгийн хувьд Х.Баттулгад хэр сэтгэл хангалуун байгаа вэ? Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үед та багагүй дэмжиж, сонгуулийн сурталчилгаанд нь хүртэл оролцож явсан?
-Ардчиллын Баттулгаас хамгийн санаанд оромгүй дайралт ардчилалд ирсэн. Монголд Хойд Солонгосын туршлага нэвтрүүлж ч байх шиг. Ардчиллыг үзэн яддаг ахмад коммунистуудыг өөгшүүлж ч байх шиг. Ерэн оны ардчиллаас хойш он жилүүдийг “завхарсан” ч гэж байна. Ардчилал бол алсдаа хятадуудын захиалгат ажил байсан мэт цензургүй түүх тарааж, ардчилсан хувьсгалыг манлайлагчдыг нийгмийн гутамшиг болгох кампанит ажлыг троллуудаар асар өргөн цар хүрээтэй хийлгэж байна. Гайхаш тасармаар. Сая 30 жилийн ойн баяраар Х.Баттулгын унаган үзэл сэрмээр харагдсанаа, Сонгуулийн хуулиар бүдгэрээд л явчихлаа.
Ардчилсан хувьсгалыг коммунистууд, эрүүгийн гэмт хэрэгтэн хоёр нийлж байгаад хийчихсэн юм шиг үзэл суртлаар дүүрэн “37-р точка” гэдэг киног Х.Баттулга захиалсан гэсэн цуу гадуур бий. Би гүжирдсэн бол баяртайгаар торгуулиа төлнө.
"ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН ХҮМҮҮСИЙГ БҮРЭЛГЭЖ БОЛДОГ БОЛОВЧ УСТГАЖ БОЛДОГГҮЙ ЮМ"
-Ардчилагчдын нэр хүнийг гутаах, доромжлох үйл явц хүчтэй өрнөж байгаа. Тухайлбал, та болон Ц.Элбэгдорж, Баабар нарыг нэрлэж болно. Ардчилал Монголд хэрэггүй гэх үзэл санаанууд ч дэлгэрч байна. Та ардчиллыг хамгаалж, үүний төлөө тэмцсээр ирсний хувьд энэ явууллагуудад эмзэглэдэг үү?
-Орост яг ийм үйл явдал үргэлжилсээр байгаа. Горбачев, Ельцин, Гайдар гээд ардчилсан хувьсгалын манлайлагч нараа гутаах кампанит ажил хүчтэй явагдсан. Немцов алагдсан. Одоо Орос оронд 90 оны ардчилагчдыг эх орноо сүйтгэгчид гэж ойлгодог болсон. Орост явагдсан энэ кампанит ажлын туршлага Монголд нэвтрээд Баттулгыг Ерөнхийлөгч болсноос хойш хүчээ авсан. Биднийг шоронгоор айлгаж байна. Троллуудаар бараг 24 цаг гутаан, доромжлуулж байна. Тэд биднийг демон мэт нийгэмд ойлгуулах гэж хичээж байна.
Би С.Зориг, Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам, Баабар, М.Энхсайхан, Р.Гончигдорж, Да.Ганболд нараар бахархдаг. 1990 онд тэд байгаагүй бол Монгол өдгөө Куба, Хойд Солонгос шиг ертөнцийн хар нүх хэвээрээ үлдэх байсан.
С.Зоригийн телевизэд өгсөн анхны ярилцлага сэхээтнүүдэд маш их нөлөөлсөн юм. Ц.Элбэгдорж тэмцээгүй бол малчид малаа хувьдаа авч чадахгүй байсан. Хотынхон орон сууцаа үнэгүй авахгүй байсан. Ц.Элбэгдорж Зөвлөлтийн колони байсан Монголд 800 гаруй жилийн дараа дэлхийн Их Хуралдайг хийлгэсэн. М.Энхсайхан, Да.Ганболд нар Монголын хувийн хэвшлийн загалмайлсан эцгүүд. Хувийн хэвшил Монголын эдийн засгийг нуруундаа үүрч явна. Өнөөдөр хувийн хэвшлийг, капитализмыг Д.Сосорбарам “ганц дайчин ганцаардахгүй” хэмээн өмгөөлөн тэмцэж байна. Баабарын “Бүү март” бол Ардчилсан хувьсгалын библи юм. Тийм мундаг хүмүүстэй цуг эх орныхоо нэг үеийг түүх бүтээлцсэн гэхээр огшоод байдаг юм.
Лангуун дээр бор давснаас өөр юмгүй гуйлгачин байсан Монгол тал дүүрэн малтай, гудамжаар дүүрэн машинтай, залуусаа дэлхийтэй хөл нийлүүлсэн тусгаар тогтносон гүрэн болгосон, бид. Куба руу яваад үзээрэй, картын бараатайгаа байгаа. Хойд Солонгост очоод хар, өлсгөлөн болж байна. Бид коммунист дэглэмтэй хоёр их хөршийнхөө дунд тэгж үлдэж мэдэхээр байсан. Ардчилсан холбооны анхны цуглаан дээр 300 гаруйхан зоригтон ирж байсан. Бусад нь байшингийн булангийн араас хэзээ баригдахыг хараад зогсч байсан нь үнэн юм шүү. Эцэст нь хэлэхэд, түүхийг бүтээсэн хүмүүсийг бүрэлгэж болох ч устгаж болдоггүй юм.
-Яг үнэндээ Монголд дарангуйлал тогтоход ойрхон байгааг та нараас өөр сануулах хүн алга. Таны бодлоор Монгол дарангуйлал тогтсон уу?
-Ардчиллыг өргөн цар хүрээтэй гутааж байгаа цаад зорилго нь дарангуйлал тогтоох л явдал шүү дээ.
-Хэн нэгнийг гүтгэн доромжлох, популист хандлага ихэсч байгааг та түрүүнд дурдлаа. Нэгэн цагт та “интернетийн лалрууд” хэмээн ярьсан нь нэлээд шүүмжлэл дагуулж байсан шүү дээ?
-Троллууд ардчиллыг гутаах гэж байдгаараа үзэж байна. Манай ардчиллыг гутааж, монголчуудыг ардчиллаас ухраах гэж гадны 300 орчим тролл ажилладаг гэсэн мэдээлэл бий. Өдөрт нэг 1000 комментоор дайрахад нийтдээ 300 мянган коммент "үйлдвэрлэж" байгаа гэсэн үг. Монголыг бүрхчихэж байгаа биз дээ. Онлайн сүлжээн дотор “Хүйтэн дайн” болж байгааг монголчууд ойлгоогүй байна.
-Та АН-ын бодлого, үйл ажиллагаатай хэр ойр байгаа вэ. Гаднаас харахад та АН-тай та зөрчилдөөнтэй байх шиг. Танай нам сонгуулийн өмнө задрах вий гэсэн болгоомжлол байна?
-Шүүхээр 60 тэрбумын хэрэг нотлогдчихоод байхад Ардчилсан нам яагаад тэмцэхгүй, Засгийн эрхийг хууль бусаар авч болдог жишгийг өөгшүүлээд байгаа юм бэ, би гайхаж байна.
-Сүүлийн үед намуудыг татан буулгах талаар хүчтэй яригдах боллоо. Энэ нь хэр зөв бэ?
-Буруу. Жалга довны намуудтай болно.
-Гэр хороолол хөгжлийн намын ард таныг байдаг, санхүүжүүлдэг гэдэг?
-Б.Батсүх тэргүүтэй залуус Гэр хороолол хөгжлийн нам байгуулна гэхээр би эсэргүүцсэн. Гэр хорооллын 4-р чуулган дээр Б.Батсүх чуулганы төлөөлөгчдөд хандан энэ тухай хэлнэ билээ. Үүнийг сонсоод намайг чуулганы төлөөлөгчид таагүйдүү хүлээж авсан. Гэр хороолол, хөгжлийн нам байгуулах нь зөв гэж Б.Батсүхийг хэлэхэд нижигнэтэл алга ташилтаар дэмжиж байсан. Гэр хорооллын хөдөлгөөний янз бүрийн арга хэмжээг Баабар, халзан Ганболд, Р.Бадамдамдин, молекул Батбаяр гээд гэр хорооллын төлөө санаа зовдог буянт хүмүүс дэмжиж, туслаж ирсэн.
"2016 ОНЫ СОНГУУЛИЙН ДАРАА ЭХЛҮҮЛСЭН НАМЫН ШИНЭЧЛЭЛИЙГ 100, 60 САЯЫН БОСГО ГАНЦ ДАЛАЙЛТААР БАЙХГҮЙ БОЛГОСОН"
-АН-аараа дамжуулж энэ бодлогоо хэрэгжүүлж болоогүй юм уу?
-Харин би тэгж бодоод байгаа юм.
-АН сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ дэнчинг ил тод зарласан. Эрэгтэй нэр дэвшигч нь 100 сая, эмэгтэйчүүд 60 сая төгрөг намдаа төлөх босго тавьсан нь хэр зөв бэ. Намынхаа мөнгөгүй залуучуудад хаалт болох юм биш үү?
-2016 оны сонгуулийн дараа эхлүүлсэн намын шинэчлэлийг 100, 60 саяын босго ганц далайлтаар байхгүй болгосон. Нам бол үйл хэргийнхээ төлөө үхэхээс буцахгүй тэмцэх хүмүүсийг нэр дэвшүүлдэг. Мөнгөөр УИХ-ын гишүүн болсон хүмүүс, намын үнэт зүйл, мөрийн хөтөлбөрийн төлөө явдаггүй юм байна гэдгийг харууллаа шүү дээ. Ардчилсан намын үнэт зүйлийг эрх баригчид хорлолтойгоор дэвсэж байхад ган хийх гишүүн алга байгаад АН-д харамсч сууна даа.
-Хууль шүүхийн байгууллагаар АН-ын "толгой"-той бүхнийг шалгаж байгаа. Магадгүй АН-ын лидерүүдийг дарах гэсэн зорилготой байж мэднэ. Таныг ч гэсэн шалгасан. Одоо энэ шалгалтын үйл явц юу болсон бэ?
-Трамп шиг хурдан шүүгээсэй л гэж хэлэх байна. Ерөнхийлөгч, МАН-ын троллуудаас залхаж байна. Прокуророос өчигдөр шүүхэд шилжсэн байна лээ. Хачирхалтай нь, хүлээж байгаад Сонгуулийн хууль батлагдмагц шилжүүллээ.
-Та 2020 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-д нэр дэвших нь үнэн үү. УИХ-д нэр дэвшихгүй байсан юм уу?
-Үгүй. Яагаад бид дандаа тэмцэж байх ёстой гэж. Залуучуудад бид эрх чөлөөт нийгмийг нь хүлээлгэж өгсөн шүү дээ. Залуучууд бэртэгчин байж болохгүй. Гэр хорооллын 4-р чуулган дээр Б.Батсүх, залуучуудад итгэж байсан итгэлийг МАН-ын залуучууд ЖДҮ,60 тэрбумын хэргээр унагачихлаа гэж халаглаж байна билээ. МАН-ын залуучуудын унагасан нэр хүндийг бусад залуучууд нь босгох цаг болсон.
-Та хотын даргаар ажиллаж байхдаа чамгүй олон ажлыг хийж амжуулсан. Одоо МАН нийслэлд хэр оновчтой ажил хийж байна вэ. Ямар дүн тавих бол?
-С.Амарсайханыг огцруулах ёстой. Ерөнхий сайдад өргөх бичгээ өгсөн.
Холбоотой мэдээ