60 тэрбумын автор Г.Доржзодов шалгагдах болов

Хуучирсан мэдээ: 2019.12.25-нд нийтлэгдсэн

60 тэрбумын автор Г.Доржзодов шалгагдах болов

60 тэрбумын автор Г.Доржзодов шалгагдах болов

Төрийн албыг зарж, 60 тэрбум босгох схем боловсруулсан Г.Доржзодовыг шалгах шийдвэрийг  өчигдөр /2019.12.24/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаас гаргалаа.

Схем боловсруулсан хүн нь шийтгэл хүлээгээгүй байтал танилцуулгыг нь сонссон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал/НИТХ/-ын дарга асан Ц.Сандуй, туслах А.Ганбаатар нарт анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон нь Эрүүгийн хуулийг зөрчсөн, асуудлыг мушгин гуйвуулж, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэх шүүмжлэлийг дагуулаад байсан юм.

Харин Давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурор руу буцааснаар Ц.Сандуй, А.Ганбаатар нарын гомдлыг хэлэлцэх боломж бүрдлээ. Гэхдээ тэднийг суллахгүй, бас ял нь хөнгөрөх үү, эсвэл бүр нэмэгдэх үү гэдгийг одоогоор хэлэх боломжгүй.  Өөрөөр хэлбэл, Г.Доржзодовыг шалгаж байж энэ хэрэгт нэр холбогдсон хүмүүсээс хэн нь  буруутай вэ гэдгийг дахин нягталж, шүүх болж байна.

Нөгөө талдаа эл хэрэгт холбоотой ч халдашгүй дархан эрхээрээ дархлагдсан гэгддэг УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболдыг шалгах шаардлага ч үүсэж мэдэх нь.

Хэдийгээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгааны үеэр цацагдсан бичлэгт МАН-ын экс дарга М.Энхболдын төрийн албыг зарж 60 тэрбумыг босгохыг дэмжсэн яриа байдаг ч Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас энэ хэргийг шалгаад “Бичлэг нь эвлүүлэг болох нь тогтоогдсон” гэж мэдэгдэж ирсэн. Гэвч бичлэгийг анх олон нийтэд дэлгэсэн Г.Доржзодов 2018 оны аравдугаар сард эл хэргийн талаар олон нийтэд мэдээлэл хийхдээ “60 тэрбумын асуудал бол авлига, албан тушаалын хэрэг биш, үндэсний аюулгүй байдал, төр нийгмийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Хууль бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн үйлдэл юм.  60 тэрбумтай холбоотой мэдүүлгүүд бүгд үнэн бодит.  Одоог хүртэл тэр бичлэг устгагдаагүй надад бий. Хууль хяналтын байгууллагад би найман удаа тайлбар өгсөн. Нотлох баримт болох бичлэгийг төхөөрөмжийн хамт хурааж авч шалгасан. Хамгийн сүүлд Тагнуулын ерөнхий газар 2017 оны дөрөвдүгээр сард бичлэг шалгахаар авчихаад буцааж өгөхдөө эвдсэн. Гэсэн хэдий ч тэр бичлэг устаагүй байгаа.

2017 онд АТГ хэргийг татаж аваад хавтас хэрэг үүсгэсэн ч хаасан. Тэр хавтаст хэргийг нь олж үзэхэд Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий гэсэн гурван хүний мэдүүлэг байдаг.  Гурвуулаа худлаа ярьсан байдаг. Энэ гурван хүний худал мэдүүлэг дээр үндэслээд хэргийг хаасан байгаа юм. АТГ хуурамч нотлох баримтыг шинжилгээнд өгөөд хуурамч дүгнэлт гаргаад байна. Гэтэл нотлох баримт болох бичлэг эвлүүлэг биш гэсэн шинжилгээний дүгнэлт ч гарсан.  Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн шинжилгээгээр тухайн хүмүүсийн хоолой мөн гэдгийг тогтоосон. Гэтэл эвлүүлэг мэтээр ярьж байна” хэмээн мэдэгдсэн билээ.

Эл хэргээр ял сонсоод байгаа А.Ганбаатар 2017 оны наймдугаар сард хэвлэлийн бага хурал хийхдээ дараах мэдээллийг хийж байв. Тэрбээр “Г.Доржзодов намын санхүүгийн схем, стратеги төлөвлөгөөг өөрөө хийсэн. Бидэнд түүнийгээ санал болгосон. Гэвч одоо тийм хэмжээний мэдлэггүй гэж ярьж байгаа юм. Мөн цацагдсан  бичлэгт Г.Доржзодов өөрөө байсан. Гэвч бичлэгээ эвлүүлэг хийж, зарим хүнийг байхгүй болгож, харин байхгүй хүнийг нэмж оруулсан байгаа юм. Энэ уулзалт “Шинэ Монгол хаад” группийн дөрвөн давхарт болсон. Уулзалтад МАН-ын дарга М.Энхболд байгаагүй. Тэр уулзалтад Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Г.Доржзодов, Ганбаатар гэсэн хүмүүс байсан” гэж мэдэгдсэн юм.

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Г.Доржзодов гэрч гээд боддоо. Уг нь гол зохион байгуулсан хүн шүү дээ. 60 тэрбумын гэх бичлэг задарсан үеэс хойш би нэг ч удаа түүнтэй уулзаагүй.

60 тэрбумын гэх схемтэй У.Хүрэлсүх даргаас гадна Л.Оюун-Эрдэнэ гээд бүгдээрээ танилцсан. Үзсэний дараа “Ц.Сандуй энэ бол маш сайн стратеги төлөвлөгөө байна" гэсэн. Аргагүй биз дээ. Г.Доржзодов гэдэг мэргэжилтэн хийсэн юм чинь. Л.Оюун-Эрдэнэ ч гэсэн сайн болсон байна гэж хэлсэн.

М.Энхболд дарга тухайн үед байгаагүй нь нотлогдсон учраас энэ хэрэгт яллагдагчаар татагдаагүй. Их цэвэрхэн “эвлүүлсэн” бичлэг. 60 тэрбумын гэх схем хэрэгжээгүй. Зөвхөн ярьсан яриа. Үүнд ял өгч болдог юм уу” гэж ярьжээ.

Хэрэв энэ яриа үнэн бол хэрэгт холбогдогчдын хүрээ тэлнэ, харин бусдыг гүтгэсэн бол авах ял нь нэмэгдэнэ. Юутай ч хэргийг дахин шалгахаар болж, гэрчээр дуудагдаж байсан Г.Доржзодов шалгагдах болсон нь 2016 оны УИХ-ын сонгуулиас эхлэн шуугиан тарьж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар өндөр авч, шалгагдсан ч эцэслэгдэж чадаагүй хэргийг эцэслэх барьцаа болж ирлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж