Ц.Аюуш: Шагналын мөнгөө нөхрийнхөө эмчилгээнд зарцуулна

Хуучирсан мэдээ: 2019.12.25-нд нийтлэгдсэн

Ц.Аюуш: Шагналын мөнгөө нөхрийнхөө эмчилгээнд зарцуулна

Ц.Аюуш: Шагналын мөнгөө нөхрийнхөө эмчилгээнд зарцуулна

Монгол Улсын 30 гаруй мянган багш дундаас  “Би багш” нэвтрүүлгийн ялагч болж, 100 сая төгрөгийн шагнал гардсан Сэлэнгэ аймгийн Мандал сум/хуучнаар Зүүн хараа хот/-ын Гуравдугаар сургуулийн бага ангийн багш Ц.Аюуштай ярилцлаа. Багш хэмээх мэргэжилд сэтгэл зүрхээрээ дурласан түүнийг “ээж багш” хэмээн найзууд нь дууддаг юм билээ. Учир нь, сурагчдадаа багш шиг нь хандахаас гадна яг ээж шиг нь халамж анхаарал тавьдаг болохоор тэр.  


-Монгол Улсын шилдэг багш болсонд баяр хүргэе. “Би багш” нэвтрүүлэгт оролцохоор шийдвэр гаргах үедээ өөрийгөө ялагч нь болно гэж төсөөлж байв уу?

-Баярлалаа. Монгол Улсын боловсролын салбарт анх удаа болсон, ийм өндөр шагналын сантай нэвтрүүлгийн ялагч болсондоо баяртай байна. Өөрийгөө нэвтрүүлгийн ялагч нь болно гэж бодож байсангүй.

-Телевизийн нэвтрүүлэгт оролцох ямар байна. Нэвтрүүлгийн үед камерын цаана, өөрөөр хэлбэл, зурагтаар гарснаас өөр ямар үйл явц өрнөсөн бэ. Өрсөлдөөн хүчтэй байх шиг харагдсан?

-Телевизийн нэг нэвтрүүлгийн ард маш олон мундаг залуучууд ажилладаг, маш олон хүний хөдөлмөрөөр нэвтрүүлэг бүтдэг гэдгийг ойлгосон. Энэ нэвтрүүлэг өрсөлдөөн гэхээсээ илүү 21 аймаг, есөн дүүргийн 30 шилдэг багш нараас олон зүйлийг сурсан, нөхөрсөг өрсөлдөөн байлаа.

-Нэвтрүүлэгт оролцох хүсэлт ирэхэд танай сургуулийн хамт олон нэгэн дуугаар таныг нэрлэсэн, дэмжсэн гэсэн. Нэвтрүүлгийн ялагч болоход танд юу нөлөөлсөн бэ. Танд бусад багш нараас илүү ямар чадварууд бий гэж та хэлэх вэ?

-Сургуулийн захиргаа, сургалтын менежертээ маш их баярлаж байна. Яагаад намайг нэвтрүүлэгт оролцуулах болсныг сайн мэдэхгүй ч зургаан жил ажиллах хугацаанд надад байгаа чадваруудыг олж харсан юм байлгүй. Гэхдээ ямар ч зүйлд сэтгэлээсээ хандах нь миний мөрдлөг. Энэ нь зарим талаараа миний давуу тал болдог байх.

-Ялагч болоод очиход нутгийнхан нь, тэр дундаа шавь нар чинь хэрхэн угтсан бэ?

-Ялагч болоод очиход нутгийн удирдлага, ээж, аав, найзууд, нутгийнхан маань угтаж авсан. Олимпийн аварга болсон юм шиг мэдрэмж төрсөн. Одоогоор шавь нартайгаа уулзаж амжаагүй явна. Их шахуу ажлуудтай байгаа. Ням гаригт нутагтаа очсон, Даваа гаригт аймгийн төв рүү дуудагдаад өнөө өглөө /2019.12.24/ Улаанбаатарт ирсэн.

-Аймгийнхаа шилдэг багш болсон гэсэн үү?

-Тийм. Даваа гаригт Сэлэнгэ аймгийн "Шилдэг багш" болж, Боловсрол, соёл урлагийн газрын "Хүндэт дэвтэр"-т гарын үсгээ зурсан.

-Таныг нэвтрүүлэгт оролцож байхад ангийнханд чинь хичээл хэн заасан бэ. Хоцрогдол үүсвэл хичээлийг нь нэлээд шахаж заах хэрэгтэй болох байх даа?

-Нэвтрүүлэгт оролцогчид есдүгээр сарын 23-наас эхлэн Улаанбаатарт нэг газарт төвлөрч байршсан. Энэ хугацаад манай сургуулийн багш нар долоо хоногоор ээлжлээд ангийнханд маань хичээл заасан. Одоогоор ангийнхан маань таван багшаар хичээл заалгаад байна. /инээв/ Би гуравдугаар ангитай юм. Өмнө нь суурийг нь сайн тавьсан болохоор багш чиглүүлээд өгөхөд нэг их хоцроод байхгүй. Очоод ангийнхантайгаа маш сайн ажиллана даа.

-Шагналын мөнгө 100 сая төгрөгийг юунд зарцуулах вэ?

-Шагналын мөнгөө юунд зарцуулахаа маш сайн төлөвлөсөн. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын олонх нь цалингийн зээлтэй байдаг. Би ч мөн адил цалингийн зээлтэй. Цалингийн зээлээ төлнө. Манай нөхөр 16 жилийн өмнө автомашины осолд орж, нэг гар нь мэдээгүй болчихсон. Нөхрийнхөө эмчилгээнд зарцуулна гэж төлөвлөөд байна.

-Багш нар шавь нарынхаа амжилтаар бахархдаг. Та шавь нарынхаа амжилтаас дурдахгүй юу?

-Уралдаан тэмцээнд гаргасан амжилтыг л амжилт гэж тооцох нь өрөөсгөл. Суралцах явцад гарч буй ахиц, дэвшил бүр амжилт. Тэр дэвшил бүрт багш хүн баярладаг юм. Олимпиад, уралдаан тэмцээнд л амжилт үзүүлээд байвал сайн хүн болно гэсэн үг биш. Өнгөрсөн жилээс эхлэн бага ангийн сурагчдын дунд олимпиад зохион байгуулахыг больсон нь надад нэг талаараа зөв зүйл шиг санагддаг.

-Таныг хамт ажилладаг хүмүүс нь “ээж багш” хэмээн хүндэтгэн дууддаг юм билээ. Ангийнхаа сурагчдад яг ээж шиг нь ханддаг. Хүнд нөхцөлд байгаа шавиа гэртээ аваад ирдэг гэж байсан. Хүүхдэд хайртай байдал тань багш болгосон уу. Энэ мэргэжлийг сонгоход тэр дундаа бага ангийн багш болоход юу нөлөөлсөн бэ?

-Сурагч байхаасаа л багш болно гээд шийдчихсэн. Хамгийн гэгээлэг, хайрламаар зүйлүүд багш хүнээс л гардаг. Хүүхэд хүнд хэзээ ч буруу санадаггүй. Тийм болохоор л бага ангийн багш  мэргэжлийг сонгосон юм. Сурагч нартаа сайн багшаас гадна сайн ээж нь байхыг хичээдэг. Гэхдээ төрсөн ээжийн хайрыг хэн ч орлож чадахгүй л дээ. Хүнд хэцүү байгаа үед нь хэнд ч чадлаараа туслахыг хичээдэг.

-Таныг Ааяа гэж дууддаг юм билээ. Энэ нь Аюуш гэдэг нэрээс гадна та нутагтаа Аяа шиг нь байдаг болохоор тэгж авгайлаад байна уу?

-Бага байхад манай гэрийнхэн нэрийг минь товчлоод Ааяа гэж дууддаг байсан. Одоо найзууд маань, ойр дотнынхон маань бүгд Ааяа гэж дуудаж байна.

-“Манай хүүхэд ёстой сурахгүй юм байна” гэх эцэг, эх нар байдаг. Хичээлийг сурахгүй хүүхэд гэж байдаг уу. Хүүхдийг яаж сурган хүмүүжүүлэх вэ?

-Манай ангийн охин сургуульд орохоосоо өмнө баруун гараа гэмтээгээд, гар нь бүр хатангиршсан. Сургуульд ороод зүүн гараараа бичиж сурсан. Баруун гараараа юм хийдэг хүүхдэд зүүн гараараа бичиж сургах үнэхээр хүндрэлтэй байсан. Чичирч, салганаад байгаа ч бичиж сурахаар маш их хичээж байгааг нь хараад маш ихээр хайр хүрсэн. Хичээл эхэлснээс хойш хоёр сарын дараа ээж нь шантраад охиноо сургуулиас гаргахаар болсноо надад хэлсэн. Би хариуд нь “Таны охиныг би сургаж чадна. Надад итгэ” гэж хэлсэн. Учир нь, хоёр сар тэр охин яаж хичээж байгааг нь харсаар байж явуулна гэдэг харамсалтай санагдсан. Ингээд охин, ээж нь, би хичээсний үр дүнд охин одоо маш сайн сурч байгаа. Тиймээс бүх хүүхдэд сурах чадвар бий гэж боддог. Онцлогт нь тохируулаад, ахиц дэвшил бүрийг нь урамшуулаад байхад хүүхэд урамтайгаар суралцдаг.

-Олон шавь нарийнхаа хажуугаар хүү, охиндоо хэр цаг гаргаж байна вэ. Хоёр хүүхэд нь таны мэргэжлийг өвлөх үү?

-Оюутан байхдаа хүүгээ төрүүлж байсан. Хүүдээ ном их уншиж өгдөг, хүүтэйгээ маш сайн ажилласан. Одоо ажлаас шалтгаалаад охиндоо бага цаг зарцуулж байх шиг санагддаг. Хүү маань сургуулийнхаа шилдэг сурагчдын нэг. Миний охин өнгөрсөн намар нэгдүгээр ангид орж ажиллагаа их шаардах байсан ч аав, ээж, ханьдаа ард талын ажлаа даалгаад тэмцээнд оролцсон. Охин маань сэтгэн бодох чадварын сорилгоор топ үнэлгээ авсныг сонсоод нэвтрүүлэгт ялагч болсноосоо ч илүү баярласан.

Хүү маань инженер чиглэлээр суралцана гэсэн. Охин маань одоохондоо мэргэжлээ тодорхойлоогүй байгаа. Заримдаа багш болно гэнэ, заримдаа дуучин, жүжигчин болно гэнэ. /инээв/

-Суманд амьдрахын сайхан нь юу вэ. Цаашид нутагтаа амьдраад л байх уу. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Сэлэнгэ  Аймгийн Мандал сумынхан ажилсгаараа алдартай. Манай сумынхан гахай, тахиа, үнээ зэрэг туслах аж ахуй эрхэлдэг. Манайх ч үнээ, тахианы туслах аж ахуйтай. Өглөө хичээлдээ явахаасаа өмнө үнээгээ саачихаад явдаг. Ажлаасаа эрт, гэгээтэйд тарж үзээгүй ч ажлаасаа ирээд бас үнээгээ саадаг. Намрын улиралд хадлан бэлтгэхээс эхлээд бүр их ажилтай болдог.

-Ирэх жил Англид болох Дэлхийн шилдэг багш шалгаруулах тэмцээнд хэр амжилт үзүүлнэ гэж бодож байна. Энэ тэмцээнд бэлдээд эхэлсэн үү?

-Улсаа төлөөлөх болохоор маш сайн бэлтгэл хийж, амжилттай оролцохыг хичээж байна. Эхний ээлжид англи хэлний мэдлэгээ сайжруулах зорилго тавьсан. Дараа нэвтрүүлгийн даалгавруудад тохирох сургалтуудад хамрагдана.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
252
ЗөвЗөв
39
ХөөрхөнХөөрхөн
12
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж