Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Улаанбаатар хотын Засаг дарга С.Амарсайхан, МХЕГ-ын дарга Цагаанхүү, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нарын албаны хүмүүс өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотод цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон талаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол батлагдсан билээ.
“Тавантолгой түлш” ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 10-нд байгуулагдаж одоогийн байдлаар Нийслэл хотын хэмжээнд нийт 399 борлуулалтын цэгт 177 мянга гаруй тн сайжруулсан түлшээр нийслэлийн иргэдийг ханган ажиллаж байна.
Мөн Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран гал түймрийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор 10 ажилтны бүрэлдэхүүнтэй гал түймэртэй тэмцэх сайн дурын бүлгэм, гэрээт гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч нарыг ажиллуулж байна.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагад ажилчдынхаа эрүүл ахуй, аюулгүй байдалд анхаарч ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ