"Оюутны 70 мянгаа авмаар байна"

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

"Оюутны 70 мянгаа авмаар байна"

"Оюутны 70 мянгаа авмаар байна"

Монголын шилдэг 1000 оюутан оролцож буй “Оюутны манлайлал-2020” нэгдсэн хэлэлцүүлэг өнөөдөр /2019.12.24/ анх удаа зохион байгуулагдаж байна. Уг чуулганаар оюутнууд тэтгэлэгт хөтөлбөр, хөнгөлөлт урамшуулал, автобусанд зорчих эрх, оюутны хөгжил, өнөөгийн байдал, сурах эрх, сургалтын орчин, ажлын байр инноваци гэсэн асуудлаар санал бодлоо солилцож, шийдвэр гаргах түвшинд хүргэхээр зорьж байгаа аж. Жил бүр 1000 оюутны чуулган болдог ч энэ жил нээлттэй хэлэлцүүлэг гэдэг утгаар илүү өргөн хүрээтэй болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжлийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа

-Энэхүү чуулганыг Ерөнхийлөгчийн дэргэдэх Оюутан залуучуудын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл зохион байгуулж байгаа юм. Бид жил бүр оюутан, залуусын уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудлаа нээлттэй ярилцдаг. Ер нь бид оюутнуудыг дэмжихийн тулд тэдний оролцоог дэмжиж, шийдэлд хүрэх нь маш оновчтой алхам юм байна. Үүнийг 21 оюутны бүрэлдэхүүнтэй оюутны зөвлөл харуулж, маш олон ажил хийж хэрэгжүүллээ. Энэ зун гэхэд л “Англи хэлтэй оюутан” хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж чадлаа. Уг хөтөлбөрийн бүх зохион байгуулалтыг оюутнууд өөрсдөө хийсэн. Тиймээс цаашид бид оюутнуудаа дэмжихийн тулд уулзалт, хэлэлцүүлэг байнга хийх юм. Оюутнуудад тулгамдаж буй асуудлыг шийдье гэвэл боломжгүй зүйл үгүй. Хамгийн гол нь санаачлага, дэмжлэг хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улс маш олон хөрөнгө оруулалт хийж байна. Гэхдээ хүний хөгжлийн асуудлыг хэзээ ч орхиж болохгүй. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий боловсролын бодлогын хөтөлбөрт бараг арав гаруй өөрчлөлт хийжээ. Эндээс боловсорч гарч буй хүүхдүүд ирээдүйд хэн болж төлөвших вэ гэдгийг заавал ярилцах ёстой. Монголын ирээдүйг тодорхойлох хүмүүс бол одоогийн оюутан залуус. Мэдээж дэлхийд өрсөлдөх чадвартай залуусыг бэлдэж байж бид улсаа хөгжүүлнэ шүү дээ. Тиймээс хүний хөгжил маш чухал. “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлье гээд байгаа хэрнээ тэднийг эрүүл байлгах спорт заал, нөхцөл боломж нь байгаа юу гэвэл үгүй. Боловсролын салбарт гэхэд маш их хөрөнгө оруулалт хийгдэж байна. Гэвч оюутан, залуусыг хөгжүүлэх чиглэлд хүрч чадахгүй байна.

Хэлэлцүүлгийн үеэр оюутан залуусын төлөөлтэй уулзаж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг сонирхлоо.

ХААИС-ийн дөрөвдүгээр курсын оюутан Э.Гантуяа

-Гадаадад явж суралцах тэтгэлэг өмнө нь нээлттэй байсан. Одоо бүгд хаалттай болсон. Ямар хүмүүс яаж яваад байгаа нь тодорхой бус. Бид уг нь өөрсдийгөө хөгжүүлмээр байна. Адилхан өрсөлдмөөр байна. Тиймээс энэ шалгуураа нээлттэй, ид тод болгох хэрэгтэй. Үүнээс гадна оюутны сарын 70 мянга, автобусны мөнгө, номын хангамж, хүрэлцээ гээд асуудал их байна. Чөлөөт цагаараа мөн ажил хиймээр байна. Гэтэл оюутан гээд авдаггүй. Оюутан, цэрэг хоёр хүний тооноос бараг хасагдчихсан. Байр түрээслэх гэхээр оюутан бол бас авахгүй. Тэгэхээр оюутан гэхээр болж бүтэхгүй хүмүүс гэдэг ойлголтоос эхлээд салмаар байна.

"Билиг" дээд сургуулийн 3-р курсын оюутан Б.Түвшинбаяр

-Бидний өмнө тулгамдаж буй асуудал бол автобусны билет, замын түгжрэл байна. Үүнээс болоод өглөө хичээлээсээ байнга хоцордог. Гэхдээ би гадагшаа явж сурахыг хүсдэггүй. Эхлээд дотоодын сургуульдаа суурь мэдлэгээ олж аваад, гадаад улсад зэргээ ахиулж болох юм. Ядаж монгол хэлээрээ зөв бичиж сурах хэрэгтэй болов уу.

Өвөрмонголын Шилийн гол аймгаас ирсэн оюутан Х.Дэлгэрдалай

-Би Ар Монголд ирээд хоёр сар болж байна. Одоо МУИС-ийн Антропологийн тэнхимийн нэгдүгээр курст сурч байна. Монголд оюутан болох гоё байна. Тулгамдаж буй асуудал гэвэл замын түгжрэл байна. Автобусанд суугаад явахаар түгжирсээр байгаад очих цагаасаа байнга хоцорч байна. Үүнийг шийдчихвэл бусад нь боломжийн.

Дотоод хэргийн Их сургуулийн 3-р курсын сонсогч С.Төржавхлан

-Бидний өмнө тулгамдаж буй асуудал бол нийтийн тээвэр. Сард бид 22 удаа зорчих эрхтэй. Энэ нь сарын талдаа ч хүрдэггүй. Дээр нь амралтын өдрөөр зорчих боломжгүй байдаг. Ялангуяа манай цэргийн сургууль амралтын өдөр марш тактикийн тэмцээн гэх мэт уралдаан, үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр автобусны билетийн зорчих эрхийг нэмэх хэрэгтэй байгаа юм. Оюутны 70 мянган төгрөгийн хувьд би гэхэд ерөөсөө авч үзээгүй. Манай сургууль бусад сургуулийг бодвол онцлогтой. Өглөөнөөс орой болтол зайлшгүй сургууль дээрээ байх ёстой. Тэгэхээр өдөрт заавал хоолонд орно. Хэрэв оюутны 70 мянгыг өгвөл бидэнд их хэрэг болно. Миний хувьд сардаа өдөрт 5000 төгрөгөөр хоолонд ордог. Нийтийн унаанд бол дамждаг. Тэгэхээр хоёр талдаа 2000 төгрөг. Өдөрт нийтдээ багаар бодвол 7000 төгрөг болж байгаа юм. Үүнийг сардаа бодвол 140-өөд мянган төгрөг болно. Энэ бол зөвхөн унаа, хоолонд зарцуулж буй мөнгө. Үүнээс гадна хичээлийн хэрэгсэл, бичиг, цаасны ажилд зарцуулах мөнгө гээд тооцвол сард бараг 300-гаад мянган төгрөг болох юм. Тэгэхээр оюутны 70 мянга бидэнд их хэрэгтэй.

АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийн оюутнууд

-Хамгийн хэцүү нь манай сургуулийн байрлал. Манай сургууль 32-ын тойрогт байдаг. Бусад салбараас хамгийн захад байдаг учир хэцүү. Тохижилтын хувьд боломжийн боловч дотроо их хүйтэн. Бид эмнэлгийн дүрэмт хувцсаа өмсөх ёстой. Гэтэл их даардаг. Эхнээсээ ханиад хүрээд өвдчихсөн байна. Үүнээс гадна манай анагаахын ном, сурах бичиг их хуучирсан. Номын сангийн тавиур дээр Оросын хуучны номууд тавиастай байдаг. Хэн ч уншдаггүй. Орчин үеийн мэдлэг, мэдээлэл өгөх ном байдаггүй. Гэтэл орчин үеийн анагаах ухаан маш хурдацтай хөгжиж байна шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж