"ДОХ-той байлаа гээд хэн ч тэр нууцыг задруулж болохгүй"

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

"ДОХ-той байлаа гээд хэн ч тэр нууцыг задруулж болохгүй"

"ДОХ-той байлаа гээд хэн ч тэр нууцыг задруулж болохгүй"

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 12-ны өдөр нэгэн цайны газарт бэлтгэгчээр ажиллаж байсан эмэгтэй амь насаа алдсан хэрэг гарсан. Тэрбээр ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч байжээ. Түүний хамтран амьдрагч ч мөн халдвар тээгч байсан гэдгийг дээрх үйл явдлын дараа тогтоожээ. Үүнтэй холбогдуулан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хоол хүнсээр дамжин халдвар тархсан байх магадлалтай хэмээн ярьж, бичиж буй. Ингэж үзэх шалтгаан нь талийгаач өвчний улмаас гар, шууны хэсэгтээ олон тооны ил харагдах шархтай байсан явдал. Энэ талаар мэдээлэл авсан иргэд айж, түгших нь мэдээж. Үнэхээр ХДХВ/ДОХ-ын халдвартай хүний ил харагдах шарх, сорвиноос бусдад халдвар тарах тохиолдол бий юу?

Мэргэжлийн эмчээс энэ талаар тодруулахад “Энэ бол шинжлэх ухааны үүднээс боломжгүй зүйл. Учир нь ХДХВ-ийн халдвар хүний биеэс гадагшлангуут шууд үхдэг" гэв. Өөрөөр хэлбэл, бэлтгэгч хийдэг хүн ил харагдах шарх, сорвитой байгаад түүнээс нь цус гарсан тохиолдолд хоол хүнс рүү орох явцдаа нян нь үхэждэг. Тэгэхээр халдвар дамжих ямар ч боломжгүй. Мэдээж цайны газарт ажиллаж буй ямар ч хүн эрүүл ахуйн наад захын шаардлага хангасан байх ёстой. Гэхдээ ХДХВ-ийн халдвартай хүн цайны газарт бэлтгэгчээр ажиллаж болохгүй гэж онцгойлж болохгүй аж.

ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүст тулгардаг нэг асуудал бол хөдөлмөр эрхлэлт. Ийм өвчтэй хүмүүс олон улсын гэрээ конвенц, Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө бүрэн эдлэх эрхтэй. Гэхдээ эрүүл мэндийн нөхцөл байдалтай холбоотой тодорхой хязгаарлалт үүсдэг байна.

Эрүүл мэндийн сайдын тушаалд зааснаар эдгээр хүмүүсийн эрхэлж болохгүй ажлууд байдаг. Үүнд цус, биологийн шингэнтэй шууд харьцдаг эрүүл мэнд, эмнэлгийн байгууллага хамаарах аж. Тухайлбал, төрөх, эмэгтэйчүүд, шүдний эмнэлэг, задлан шинжилгээ, лаборатори, эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж болон халдвартай хүнтэй шууд харьцдаг эмч, эмнэлэг, эрдэм шинжилгээний ажилчид ордог байна.

Үүнээс гадна цусны төв болон био бэлдмэлийн үйлдвэр, гемодиализэд ажилладаг, эмнэлгийн багаж хэрэгсэл угааж ариутгадаг хүмүүс, үйлчилгээ засварын инженер, техникийн ажилчид хамаарах юм. Дээрх ажил, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ХДХВ-ийн шинжилгээ заавал өгсөн байх ёстой. Хэрэв халдвартай бол ажиллаж болохгүй аж.

Харин ажиллах боломжтой газруудад ХДХВ-ийн халдвартай хүнийг ажилд авахгүй байх, ажлаас халах нь ялгаварлан гадуурхаж буйг илтгэнэ. Энэ бол тухайн өвчтөн, эмч хоёрын хуулиар хамгаалсан нууц. Удирдлага, хамт олон мэдэх шаардлагагүй. Ямар нэгэн байдлаар мэдсэн тохиолдолд хувь хүний эрүүл мэндийн нууцыг задруулсан, бусдад тараасан гэх үндэслэлээр зөрчлийн болоод Эрүүгийн хуулиар шийтгүүлэх ялтай юм байна. Энэ талаар бид Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ийн референт Г.Золзаяатай ярилцлаа.

-Аливаа байгууллагад ажиллаж байсан хүн ХДХВ-ийн халдвараар нас барсан тохиолдолд нэр, хаяг, ажлыг нь ил зарлавал хувь хүний эрүүл мэндийн нууцад халдсан болох уу?

-Тийм. Тэр нууцыг хэн ч задруулж болохгүй шүү дээ. Тухайн өвчтөн болон эмч хоёрын хоорондын асуудал. Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг хүртэл эцэг, эхэд нь заавал мэдэгдэнэ гэсэн зүйл байхгүй. Хүүхдийн эрүүл мэндийн нууц гэж явдаг. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд эцэг эхэд нь мэдэгдэнэ.

-Цайны газарт бэлтгэгчээр ажиллаж байсан халдвартай хүний талаар бичиж, ярьж буй нь тухайн хүний нууцад халдсан хэрэг мөн үү?

-Яг юу болсон, ямар мэдээлэл цацагдсан талаар мэдээлэл бага байна. Гэхдээ тухайн хүн халдвартай байгаад нас барсан эсэх нь өвчтөн, эмч хоёрын нууц байх ёстой. Үүнийг гадагш нь задруулах ёсгүй.

-Хувь хүний нууцыг задруулсан тохиолдолд ямар нэгэн хуулийн хариуцлага тооцох уу?

-Хувь хүний нууцын тухай хууль гэж бий. Энэ нууцад хувь хүний эрүүл мэндийн нууцыг хамааруулж ойлгоно. Үүнийг задруулсан болон бусдад дамжуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 13-р зүйлийн 10-д тухайн этгээдийг 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл нэг сараас нэг жил хүртэл зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэл хүлээлгэнэ гэж заасан байдаг. Хэн задруулсныг шүүхээр мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогоод хариуцлага хүлээлгэх юм. Мөн Эрүүгийн хуульд хүнийг ялгаварлан гадуурхах нь гэмт хэрэг гэж үздэг болсон.

-Монголд ХДХВ-ийн халдвартайн улмаас ажил, хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа тохиолдол хэр их гардаг вэ? Танайд энэ төрлийн гомдол ирдэг үү?

-Хоёр гомдол ирж байсан. Нэлээн хэдэн жилийн өмнө халдвартай хүний овог нэр, эрхэлдэг ажлыг нь ил зарлаад сонин дээр бичиж байсан тохиолдол бий. Үүнтэй холбоотой нэр төрд халдаж, нууцыг нь задруулсан гэх гомдол ирж байсан. Тухайн үед ХЭҮК уг сониноор залруулга хийлгэж, уучлалт гуйлгаж байв. Нөгөө гомдол бол хувийн байгууллагад ажилладаг иргэнээс ирж байсан. Тухайн байгууллага ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулсны дараа хариуг нь удирдлага нь өөр дээрээ авч үзсэн байв. Ингээд ажилтнуудын дунд нэг алба хаагч нь халдвартай гэдгийг мэдсэн байна. Үүнээс хойш тухайн ажилтнаа байнга ялгаварлаж, нэр хоч хүртэл өгдөг болжээ. Улмаар ажилтан ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, гарсан байдаг. Ингээд манайд гомдол гаргасан. Тухайн асуудлыг бид эвлэрүүлэх замаар шийдэж, гомдол гаргасан иргэн эргээд ажилдаа орсон. Байгууллагын удирдлага ямар ч тохиолдолд ажилтнуудын эрүүл мэндийн шинжилгээг өөр дээрээ авч болохгүй. Энэ нь ХДВХ-ийн халдвартай хүнээс гадна бусад хүний эрүүл мэндийн нууцад халдаж буй асуудал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж