24-ийн "мартагдсан" хүүхдүүд

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

24-ийн "мартагдсан" хүүхдүүд

24-ийн "мартагдсан" хүүхдүүд

Өвлийн өвөөг хүлээдэггүй, ид шидийн үлгэрт итгэдэггүй хүүхэд гэж үгүй. Хүүхдүүдийн хамгийн их хүлээдэг шинэ жилийн баяр болоход цөөн хоног үлджээ. Ийм  сэтгэл догдлуулсан өдрүүдэд багачууд өвлийн өвөөд хүслээ шивнэдэг. Тэдний зарим нь уут дүүрэн амттан, тоглоом захиж,  өөр нэг нь аав, ээжтэйгээ  хамт баярлах, аз жаргалтай байхыг бэлэгнээс илүү хүснэ. Ээж, аавтайгаа өдөр бүр байхыг  хүсэвч ихэнхдээ багшаасаа өөр бараадах хүнгүй,долоо хоногийн таван өдрийг  цэцэрлэгтээ өнгөрөөдөг хүүхдүүд бол "24"-ынхэн.

Улаанбаатар хотын хэмжээнд 24 цагаар ажилладаг цөөн цэцэрлэг байдгийн нэг нь 83 дугаар цэцэрлэг. Чингэлтэй дүүргийн харьяа тус цэцэрлэг хотын захад байрлана. Цэцэрлэгийн найман бүлэгт 320 гаруй хүүхэд хүмүүжиж байна.

Хүүхдийн инээд цангинасан их өргөө ээж аав, эмээ өвөө нарын хөлд дарагдаж, зарим нь гэрийн зүг харихаар багшдаа үнсүүлнэ. Учир нь, цэцэрлэгийнхэн шинэ жилийн баяраа тэмдэглэж, цөөн хэд нь гэртээ харих эрхээр шагнуулжээ. Багш нар эцэг эхийнх нь хүсэлтээр ийнхүү нэг өдөр гэртээ харихыг зөвшөөрсөн нь энэ. Хүүхдээ хувцаслаж, гэртээ харихаар зэхэж буй ээж аав, эмээ өвөө нарын зарим нь баяртай байх аж. Харин зарим нь багшийнх нь нүднээс далдуур хүүхдээ уйлуулж буй эцэг эх ч харагдав. Юунаас болж уйлж буйг нь мэдэхгүй ч ихэр татан уйлах хүүхдээсээ төвөгшөөсөн янз гаргаж, “Дуугүй бай, чи” хэмээн зандрах нь содон сонсогдож байлаа.

Зарим хүүхдүүдийн аав, ээжүүд хэдхэн цагийг цэцэрлэг дээр нь өнгөрөөж, шинэ жилийн баярыг хамт тэмдэглэчихээд завгүй гээд явжээ.  Баяраа тэмдэглэчихээд ангидаа томоотой гэгч нь хүүхэлдэйн киногоо үзэж суусан хүүхдүүд танихгүй зочныг хараад “Эгч ээ” хэмээн нам гүм байсан танхим чимээ шуугиад дарагдав. Тэдэнд хүүхэлдэйн киноноос илүү танихгүй зочин сонин байгаа бололтой тойрон бүчиж, ам уралдан ярьцгаах нь ямар нэг зүйл надаас хүсч байгаа нь илт.

Хүүхдүүд өвлийн өвөө ирж, бэлэг өгсөн тухай, өвлийн өвөөд хүслээ шивнэсэн тухай, аав ээжтэйгээ хамт тоглохыг, тэднийгээ маш их санадаг тухай ам уралдан шулганалдах нь хөөрхөн. Гэвч ч цовоо сэргэлэн харц нь цаанаа хөнгөн гунигтай. Хэдийгээр цэцэрлэгтээ амттай хоол идэж, найзуудтайгаа тоглож, хүүхэлдэйн кино үзэж, дуу шүлэг цээжлэх дуртай боловч ээж, аавыгаа л харуулдан хүлээж, санадаг аж. Хүүхдүүд сэтгэгдлийг сонсч, тэдэнтэй цөөн хором ярилцсан юм.

ААВ ЭЭЖЭЭ САНАЖ, ЗӨНДӨӨ ХҮЛЭЭДЭГ Ч ТЭД ИРДЭГГҮЙ

ТӨГСТӨГӨЛДӨР: /таван настай/

-Цэцэрлэгтээ явах дуртай. Найзуудтайгаа уйддаггүй. Гэхдээ л ээж, аавыгаа их санадаг. Ирэхийг нь хүлээдэг. Ээж, аав цэцэрлэгээс намайг авахдаа санасан гэж хэлдэггүй. Би аав, ээжтэйгээ уулзаад, дүүтэйгээ хамт салхинд гарч зугаалахыг хүсдэг ч гэртээ л харьдаг. Гадуур зугаалдаггүй. Өнөөдөр шинэ жил болохоор аав ирээд явсан. Манай аав үсчин. Ээж “Номин”-д ажилладаг болохоор хоёулаа завгүй их ажилтай.

БИЛЭГТ:/таван настай/

-Цэцэрлэгт найзуудтайгаа тоглоом тоглох дуртай. Бас хүүхэлдэйн кино үздэг. Багш зөндөө дуу шүлэг зааж өгдөг. Аав, ээжийгээ жаахан л санадаг. Гэртээ харихаараа аав, ээжтэйгээ тоглох дуртай. Хааяа машинаар уралдаж тоглодог. Манай аав жолооч /prius машинтай болохоор завгүй/. Би гурван дүүтэй. Бас нэг агаатай. Ээж дэлгүүрт ажилладаг.

ХУЛАН: /таван настай, нэрийг өөрчлөв/

-Манай аав ажил ихтэй. Ээж цэцэрлэгээс авдаг. Гэхдээ намайг ирж авахгүй байна. Багш өнөөдөр дуу заасан, амттай хоол идсэн, шинэ жил болсон, өвлийн өвөө ирж бэлэг өгсөн. Миний хүслийг биелүүлсэн, ээж маань ирсэн.

ТҮВШИНЖАРГАЛ: /Таван настай/ 

-Би таван настай. Манайх түрээсийн байранд амьдардаг. Ээж завгүй, ажил нь их. Аав хол газарт хөдөө ажилтай болохоор ирдэггүй. Ээж намайг цэцэрлэгээс аваад, гадуур салхинд гарч, зугаалдаггүй. Үргэлж дэлгүүр орж, амттан авч өгдөг. Бас надад хэрэгцээтэй зүйлсээ авахаар дэлгүүр ордог. Ээжтэйгээ тоглох гоё ч гэртээ очиход тухгүй санагддаг. Цэцэрлэгт байх нь илүү гоё. Өвлийн өвөөд аавыгаа хөдөөнөөс ирүүлэхийг, хамт баярлахыг захисан.

Хэдийгээр тохь, тухтай, өлсч цангахгүй амьдарч байгаа ч  тэдгээр хүүхдүүдэд тоглоом, чихрээс илүү хайр халамж үгүйлэгдэж байгаа нь нүднээс харахад илт. Өнөө маргаашийнхаа хоол хүнсийг залгуулах, ажил хөдөлмөр хийх, өдөр тутмын асуудал гээд олон зовлон бэрхшээл тоочих эцэг эхдээ “шоовдорлогдсон” хүүхдүүдийн яриа энэ байлаа.

Хүүхдэд эцэг эхийгээ хүлээх нэг өдөр  нэг жил хүлээсэнтэй адил сэтгэлийн шаналал, тэвчээр гаргах хэрэгтэй болдог  аж. Хүлээлт нь талаар өнгөрч, эцэг эх нь ирэхгүйг мэдсэн хүүхдүүд эхэндээ гомдож уйлдаг ч дараа нь “Би эцэг эхдээ хэрэггүй юм байна”, “Би энд  байх ёстой юм байна” гэсэн бодол төрж, хэрсүүжиж бас сэтгэлдээ том шархтай үлддэг аж.

Тус цэцэрлэгт хүмүүжигчдийн дийлэнх нь зорилтот бүлгийн эмзэг, ядуу амьдралтай өрхийн хүүхдүүд гэнэ.  Ялангуяа, өрх толгойлсон эмэгтэй, архины хамааралтай эцэг эх, нэн ядуу өрх, хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхэдтэй гэр бүлийн хүүхдүүд 70 хувийг эзэлдэг. Үлдсэн нь ээж, аав нь хувиараа бизнес эрхэлдэг, ажил ихтэй, аав ээж нь гадаадад ажиллаж амьдардаг гэх шалтгаанаар  “24-ийн хүүхэд” болжээ.

Багш нарынх нь ярьж байгаагаар эцэг эхчүүдийн зарим нь амралтын өдрүүдэд хүүхдээ өвтгөчихөөд хэнэг ч үгүй цэцэрлэгийн үүдээр түлхэх нь холгүй оруулаад, утсаа салгаад алга болдог аж. Энэ тохиолдолд багш нь хүүхдээ эмнэлэгт үзүүлэх зэргээр эцэг эхийг нь орлоно. Хүүхдээ цэцэрлэгт нь хүлээлгэж өгөхдөө амралтын өдрүүдэд хүүхдээсээ залхсан төвөгшөөсөн хандлага Даваа гаригийн өглөө эцэг эхчүүдээс ажиглагддаг байна. Хүүхдээ цэцэрлэгт нь өгчихөөд “Ёох, цэцэрлэгт нь өгч санаа амарлаа” гэж уулга алдсан эцэг эх ч байдаг тухай тэд хуучлав.

Баасан гариг болмогц багш нарын санааг зовоосон асуудал ундардаг нь хэний эцэг эх хүүхдээ ирж авахгүй байх бол гэсэн эмзэглэл. Заримдаа эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгээс нь авахгүй алга болчихдог учраас аав ээжийг нь 21.00 цаг хүртэл хүлээхээс өөр аргагүй болдог байна. Дөрөв, тавхан настай хүүхдээ цэцэрлэгээс нь авахаас төвөгшөөхдөө таксинд суулгаад явуулчих, хүн олохоос гэж бухимдах эцэг эх байхад бүр “мартсан” ч тохиолдол цөөнгүй аж. Боломжийн амьдралтай хэрнээ үр хүүхэд, ач зээ нараасаа төвөгшөөдөг аав ээж, эмээ өвөө нар байдгийг цэцэрлэгийн багш, эрхлэгч нар үгүйсгэсэнгүй.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ҮҮРГЭЭ МЭДЭХГҮЙ, ХҮҮХДЭЭ “МАРТАЖ” БАЙНА

Чингэлтэй дүүргийн 83 дугаар цэцэрлэгийн багш Б.НОМИН: /нэрийг өөрчлөв/

-Манайх 24-Б бүлэг. Анги 40 хүүхэдтэй. Тэдний 27 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ шинэ жилд ирж оролцлоо. Дөрвөн хүүхдийн ээж, аав нь ирсэнгүй. Эцэг эхчүүд хүүхдийнх нь шинэ жилийн баяр болсон учраас гэрт нь авч харих саналаа хэлээд, 20  хүүхэд ээж аавтайгаа  гэр рүүгээ явсан байна. Үлдсэн 20 хүүхдийн эцэг эх нь ажилтай, завгүй гэсэн шалтгаан хэлээд хүүхдээ үлдээгээд явсан. Ер нь 24 цагийн цэцэрлэгт амьдралын боломж тааруу хүмүүс хүүхдүүдээ өгдөг. Өрх толгойлсон ээжүүд болон зарим аав нар амьдралаа авч явах, гэр бүлээ тэжээх мөнгө олж, ажил хийх шаардлагатай учраас хүүхдээ 24 цагийн цэцэрлэгт өгдөг.

Нэг талаараа хүүхэд эрүүл аюулгүй орчин нөхцлөөр хангагдаж байгаа ч хайраар дутаж байгаад нь сэтгэл өвддөг. Нөгөө талаараа боломжийн амьдралтай ч эцэг эх байх үүргээ ухамсарладаггүй, багш нарт хүүхдээ даатгадаг ээж, аав нар бий. Шөнө хүүхэд нь халуураад, ээж аав руу нь залгахад зарим нь утсаа салгадаг, эсвэл “Бид ирэх боломжгүй байна, эм өгчих” гэх шалтгаан хэлж байсан тохиолдол цөөнгүй.  Хүүхдээ бараг  “мартчихдаг”. Баасан гаригийн орой  хүүхдээ цэцэрлэгээс авахгүй болохоор арга буюу залгахад “Өнөөдөр тав дах өдөр билүү, мартсан байна” гэж хэлдэг хүн ч байдаг.

Ерөнхийдөө асран хамгаалагчид багш нарт хүүхдээ даатгах хандлагатай. Магадгүй эцэг эх хүүхдийн хоорондын харилцаа хөндийрдөг байхыг ч үгүйсгэхгүй. Зарим хүүхэд ээж ааваасаа илүү багшдаа хайртай гэж хэлж байна. 24 цагийн цэцэрлэгт хүүхдээ өгсөн эцэг эхчүүд ч бас хүүхдээсээ төвөгшөөх хандлага гаргадаг. Амралтын хоёрхон өдөрт л хүүхдээсээ залхаж төвөгшөөсөн байдалтай хурдхан л цэцэрлэгийн хаалгаар оруулж өгье гэх хандлага эцэг эхчүүд  гаргаж байгаад нь бид эмзэглэмээр санагддаг. Нэг үгээр хэлбэл, эцэг эхчүүд үүргээ мэдэхгүй байна. Маш цөөхөн эцэг эх хүүхдэдээ анхаарал хандуулж, хариуцлагатай байж чадаж байна. Эцэг эхчүүд  амралтын хоёр өдрийг л хүүхдэдээ зориулж, агаар салхинд гарч, хамтарч тоглодог байгаасай гэж хүсч байна гэлээ.

Эцэг эхчүүд хүүхдээ Даваа гаригт цэцэрлэгт хүргэж өгч, Баасан гаригт авдаг. Хүүхдүүдийн хувьд ажлын таван өдрийг цэцэрлэгт өнгөрүүлж, амралтын хоёр өдрийг л гэртээ ээж аав, эмээ өвөөтэйгээ өнгөрүүлэх богинохон хугацаатай. Энэ нь Хүүхдийн эрхийн конвенцид заасан хүүхэд аав, ээжтэйгээ гэр бүлийн халуун дулаан орчинд өсч хүмүүжих ёстой гэж дүрмийг зөрчиж байгаа ч нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагаар 24 цагийн цэцэрлэг байхаас өөр аргагүйг цэцэрлэгийн эрхлэгч хэлж байв.

Тус цэцэрлэгийн хувьд хоёр настай хүүхдийг балчир гэж үздэг тул бүртгэхээс татгалздаг ч эцэг эхчүүдийн зүгээс олон шалтгаан, зовлон бэрхшээлийг хэлдэг байна.

ХОЁР НАСТАЙ ХҮҮХДЭЭ 24 ЦАГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ӨГӨХ ХҮСЭЛТЭЙ ЭЦЭГ ЭХЧҮҮД ОЛОН

Чингэлтэй дүүргийн 83  дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.СЭЛЭНГЭ: 

-Ажлын цаг завгүй, өрх толгойлсон олон хүүхэдтэй, эмээ өвөө нь харах боломжгүй, эцэг эх нь гадаадад ажилладаг зэрэг олон шалтгаанаар 24 цагийн цэцэрлэг эрэлт хэрэгцээтэй. Хүүхдээ төвөгшөөсөндөө бус, үүрэг хариуцлагаа ухамсарлаж хэрэгжүүлэх чадамжгүй болсон хүмүүс байдаг. Ер нь 24 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгт хоёр нас зургаан сартай хүүхдийг бүртгэдэг. Хоёр настай хүүхэд балчир шүү дээ.

Хоёр настай хүүхдээ 24 цагийн цэцэрлэгт өгөх хүсэлтэй ээж аавуудаас “Та нар хүүхдээ шөнө нь санахгүй юу”, “Хүүхдэд хэцүү байна гэж бодохгүй байна уу" гэж асуудаг. Эцэг эхчүүд амьдралын болохгүй бүхий л шалтгааныг хэлдэг. Зарим нь Баасан гаригийн орой хүүхдээ цэцэрлэгээс авах дургүй байдаг. Шалтгаан нь амьдралын боломж тааруу болохоор хүүхдээ би цэцэрлэгээс нь авлаа ч амралтын өдрүүдэд юугаар хооллох юм, гэртээ түлэх түлээ ч алга гэж хэлдэг.

Залуу эцэг эхчүүдийн хувьд амьдралаа хөл дээр нь босгох хэрэгцээ шаардлага байна гэж учирлах нь бий. Хүүхдээсээ төвөгшөөсөн эцэг эхчүүдийн зүгээс амралтын өдрүүдэд хүүхэд нь амттан нэхсэн, хэт дураараа аашлах зан гаргасанд нь бага зэрэг төвөгшөөлөө гэх зүйл ярьж байсан эцэг эх ч байна. Эцэг эхчүүдийн хувьд нэг сард найман өдөр л хүүхэдтэйгээ хамт байдаг болохоор тэдэнтэйгээ харилцах харьцаа нь багасч, хүүхдээ ойлгохгүй тохиолдол гарна. Яагаад гэвэл хүүхдээ өдөр бүр цэцэрлэгт нь хүргэж өгч, орой нь авахдаа ярилцахгүй.

Ажлын таван өдөр хүүхдээсээ тусдаа байх ийм байдлаас ойр харилцаа нь тодорхой хэмжээгээр хөндийрнө. Ер нь хаана хайр байна, хаана аятай сайхан орчин байна тэнд л хүүхдийн харц гэрэлтэж байдаг. Бид нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа учраас гунигтай харцыг нь үргээж, яавал баяр хөөртэй байлгах вэ гэдэгт л анхаарч ажиллах ёстой гэж боддог. Хүүхэд гунигтай байвал багш тэр гунигийг үргээх ёстой. Багш нар эцэг эхийг нь орлож ажиллаж байна гэлээ.

24 ЦАГИЙН ЦЭЦЭРЛЭГ АЖЛАА АМЖУУЛАХАД ТОМ ДЭМЖЛЭГ БОЛДОГ

Хүүхдийнхээ шинэ жилд  ирж оролцоод явж буй  хосууд "хүүхдээ авч харих боломжгүй" гэсэн ч  цэцэрлэгийн хаалгаар аз жаргалтай нь аргагүй хөтлөлцөөд гарч явах нь сонин санагдав. Тэдний араас хүүхэд нь цонх ширтээд үлдэх нь өрөвдмөөр. Эцэг эхчүүдийн зүгээс өөрсдийг нь буруутгах вий гэх хандлага тэдний ерөнхий байдлаас анзаарагдаж байлаа.

Ихэнх нь энэ талаар ярихыг хүссэнгүй. Эмээ өвөө, зарим эцэг эхчүүдийн зүгээс ажлын цагийн хуваарь өдрийн ээлжийн цэцэрлэгт таарахгүй болохоор арга буюу 24:00 цагийн цэцэрлэгт хүүхдээ өгсөн тухай хэлсэн. Залуу хосуудын хувьд хоёр тусдаа амьдардаг, эсвэл хоёул ээлжийн ажилтай, хувийн бизнес эрхэлдэг болохоор хүүхдээ 24:00 цагийн цэцэрлэгт өгөхөөс өөр аргагүйд хүрснээ учирлаж байна. Эцэг эхчүүдийн зүгээс 24 цагийн цэцэрлэгт хүүхдээ явуулснаар завгүй амьдралд нь том дэмжлэг болдог гэж хэлж байсан юм.

ХҮҮХДИЙНХЭЭ ӨӨДӨӨС ИНЭЭЖ ХАРАХ СЭТГЭЛИЙН ТЭНХЭЛГҮЙН ХҮН ОЛОН БАЙНА

Нийгмийн эрэлт, хэрэгцээ шаардлагааар 24 цагийн цэцэрлэгийн тоо нэмэгдэхийн хэрээр эцэг эх хүүхдийн хоорондох үл ойлголцол, хүүхдийн эцэг эх гэр бүлдээ ээнэгших харилцаа холбоо тасарч, хайраар дутаж өссөн хүүхэд ирээдүйд хүүхдээ ч бас хайраар дутааж өсгөдөг болохыг сэтгэлзүйч Б.Сайнзаяа хэлж байна. Түүний ажигласнаар сүүлийн жилүүдэд эцэг эх хүүхдийн харилцаа аюултай түвшинд хүрчээ.

СЭТГЭЛ ЗҮЙЧ Б.САЙНЗАЯА: 

-Сүүлийн жилүүдэд 24 цагийн цэцэрлэгт явж буй хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна. Цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүдийн онцлог нь ихэвчлэн эцэггүй хүүхдүүд. Гэр бүл салалтын уршгаар хүүхдүүд элэг бүтэн амьдрал, эцэг эхийн хайрыг бүрэн дүүрэн мэдрэлгүй тодорхой хэмжээгээр цэцэрлэгээр дамжин хүмүүжиж байна. Нөгөөтэйгүүр нийгэм цаг үед хүнд болсон, хүүхдийг нь харах хүнгүй болсон учраас хүмүүс хүүхдээ 24 цагийн цэцэрлэгт өгч байна. Нэг талаараа хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд өсч торниж, багш нар хүүхдэд анхаарал хандуулж хайрлаж өсгөвч эцэг эхийнх нь хайрыг орлохгүй. Хүүхдийг 24 цагийн цэцэрлэгт өгөх нь сайн зүйл биш. Эцэг эхчүүд зарим тохиолдолд хүүхдээ илүү биеэ даана, эмзэглэж шантардаггүй гэсэн хандлагаар өөрсдөө хүүхдээ харах боломжтой хэрнээ 24 цагийн цэцэрлэгт өгдөг. Энэ бол маш өрөөсгөл ойлголт. Аль болох хүүхэд эцэг эхийнхээ дэргэд байх хэрэгтэй. Хүүхэд долоо хоногийн таван өдрийн хугацаанд хэн дэргэд нь хамт байна, тэр хүнд илүү дасдаг. Эцэг эхээсээ авч болох харилцаа мэдрэмжээ нөхдөг. Магадгүй дараа нь хүүхэд нь  эцэг, эхдээ яагаад ч юм хөндий хүйтэн, хуурамч харилцаатай болж мэднэ.  Тэр үед загнавал ойлгохгүй, хүлээж авахгүй. Эсвэл хэт ганцаардмал дуугүй зожиг болж эхэлнэ. Учир нь хүүхэд байхаас нь ээж аавууд амьд харилцаа үүсгээгүй, хайрлаж энхрийлж өсгөөгүйтэй нь холбоотой. Бие махбодын хайр, халамж дутсан хүүхдийн хоол идэх дуршил буурч, амьдралд идэвхтэй хандах хүсэл эрмэлзэл буурч байдаг. Бид хариуцлагагүй, тэдний хайхрахгүй байснаар тэднийг гомдоож, сэтгэл рүү нь мөс шидэж буйгаа маш сайн ойлгох хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа нь бага байх тусам ойлголцох, ээнэгших харилцаа холбоо багасах нь нэг талаараа аюултай үзэгдэл болж байна. Хүүхэд нялхаасаа эхлээд аав, ээжийгээ таньж мэдэж, тухайн орчинд дасч зохицдог. Гэтэл бид багаасаа үр хүүхдэдээ өөрсдийгөө таниулаагүй байж  ачийг нь хариулахыг хүсдэг.  Тиймээс хүүхдүүдийг багаас нь хайрлаж, хичнээн завгүй байсан ч хүүхэддээ цаг гаргах хариуцлагатай байх нь чухал гэлээ.

Хэдийгээр 24-ийн цэцэрлэгт тэд хоолтой, ундтай амьдарч байгаа ч хайраар дутаж амьдарсаар.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
92
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж