Өмнөд Солонгосын эдийн засагт нөлөө бүхий гэр бүлийн том компаниудыг чаебол гэж нэрлэдэг. Чаеболын өв залгамжлагчид, үр хүүхдүүдтэй холбоотой дуулианууд тус улсын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг билээ.
Тэдний дотор агаарын тээврийн “Korean Air” компанийг эзэмшигч Чо овогтны гэр бүлийнхэн хэзээнээс дуулиантай, хоорондоо зөрчилдөөнтэй амьдардгаараа алдартай. Тус компанийн толгой компани “Hanjin Group”-ийн ерөнхийлөгч Чо Ян Хо өнгөрсөн дөрөвдүгээр сард таалал төгссөн бөгөөд түүнийг хүү Чо Вон Тэ нь залгамжилсан юм.
Гэтэл маш их дуулиан шуугианы дараагаар хэсэг нам жим байсан гэр бүл нас барсан эцгийнхээ суудлыг булаацалдан дахин олны анхаарлыг татаж эхэллээ. Тодруулбал, өчигдөр /2019.12.23/ Чо Ян Хогийн охидын нэг Хидер Чо гэнэтийн мэдэгдэл хийж, дүүгээ талийгаач эцгийнхээ гэрээслэлийг зөрчин, бусад өв залгамжлагчидтай зөвлөлдөлгүй дур мэдэн шийдвэр гаргаж байна гэж шүүмжилжээ.
Уг мэдэгдэлд “Эцэг минь гэрээслэлдээ “Hanjin Group”-ийг эв нэгдэлтэйгээр удирдахыг бидэнд захисан. Гэтэл миний дүү болох Чо Вон Тэ нь эцгийн минь гэрээслэлийг үл хүндэтгэн менежментийн чухал шийдвэрүүдийг өөрөө дур мэдэн гаргаж байна. Тиймээс группын үйл ажиллагааг зөв зарчмаар явуулахын тулд бусад хувь эзэмшигчидтэй зөвлөлдөж, арга хэмжээ авах болно” хэмээн бичжээ.
Хидер Чо, Чо Вон Тэ, Эмили Чо нар “Hanjin Group”-ийн 6,43, 6,46, 6,42 хувийг тус тус эзэмшдэг юм. Талийгаачийн охид болох Хидер Чо, Эмили Чо нар “Korean Air” компанийн удирдлагын багт ажилладаг байсан ч хувийн зан араншингийн доголдлоос болоод өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хоёулаа албан тушаалаасаа огцорч байв.
Хидер Чо нь 2014 онд “Korean Air”-ийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгчийг өөрийг нь таньсангүй, өөрт нь муу үйлчиллээ гэж зодож, дарамталсан бөгөөд үүнээс болж “Korean Air”-ийн онгоц Нью-Йоркийн нисэх буудалд буцан газардаж байжээ. Тухайн үед үйлчлэгч түүнд самар өгөхдөө тавганд хийж өгөлгүй, ууттай өгснөөс болж энэ асуудал үүссэн тул хэвлэлүүд энэ хэргийг “самарны хэрэг” хэмээн гарчиглаж байлаа. Түүнд шүүхээс нислэгийн хуулийг зөрчиж, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр нэг жилийн ял оноосон боловч 2015 оны тавдугаар сард батлан даалтаар сулласан юм.
Ингээд “самарны хэрэг” дөнгөж намжиж байтал түүний дүү Чо Хюн Мин нь дахин дуулиан тарьж орхисон юм. Тухайн үед “Korean Air” компанийн тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг байсан Чо Хюн Мин компанийн зар сурталчилгаа хариуцсан менежерийн нүүр рүү савтай ус шидсэн тухай мэдээлэл гарсан билээ. Уг мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсаны дараа тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “танхай” үйлдэлдээ хүлцэл өчсөн бөгөөд цагдаагийн байгууллагаас түүнийг байцаан шалгаж, түр хугацаагаар хорих шийдвэр гаргаж байв.
Талийгаач Ерөнхийлөгч “ууртай” охиныхоо өмнөөс олон нийтээс уучлал хүсч байв. Охидынх нь ааш авирт дургүйцсэн иргэд тус компанийг нэрнээсээ “Korean” гэсэн үгийг хасч, логоноосоо Солонгосын далбааг авахыг шаардаж, гарын үсэг цуглуулах хөдөлгөөн хүртэл өрнүүлж байсан түүхтэй.
Дуулиан үүгээр дууссангүй “ааштай” охидынхоо араас тэдний эх нь дуулианыг үргэлжлүүлсэн юм. “Korean Air”-ийн ерөнхийлөгч агсны гэргий И Мёнг Хи Инчеон хотод баригдаж байсан зочид буудлын барилгын ажилтнуудыг хуруу чичлэн загнаж, зодож байсан төдийгүй тэднээс барьж байсан бичиг цаасыг нь булаан авч, газар тараан шидэж байгаа бичлэг цацагдсан. Түүнтэй хамт ажиллаж байсан ажилтнууд "Захирлын эхнэр өглөөг хараалын үгээр эхэлж, оройг хараалын үгээр дуусгадаг" хэмээн И Мёнг Хигийн зан харилцааг тодорхойлж байсан юм.
Холбоотой мэдээ