Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Төрийн тусгай хамгаалалтын газраас төв талбайн хоёр талаар тойруулаад боржин чулуун хамгаалалтыг энэ сарын 15-16-нд шилжих шөнө тавьсан. Уг ажлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас санхүүжүүлж, “Боржин суварга” компани хийж гүйцэтгэсэн юм. Гэвч иргэд үүнийг эсэргүүцэж, шүүмжилж эхэлсэн.
Ялангуяа нэг дөрвөлжин чулуу нь гурван сая төгрөгийн үнэтэй, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани хийж, гүйцэтгэсэн гэх ташаа мэдээлэл иргэдийг улам бухимдуулж, чулуун хамгаалалтын хэлбэр хийцийг таашаагаагүй. Тиймээс чулууны хийцийг засч, сайжруулах нэрийдлээр өнгөрсөн Баасан /2019.12.20/ гаригийн шөнө төв талбайгаас буцаан татсан юм.
Энэ талаар Улаанбаатар хотын захирагч С.АМАРСАЙХАН ярихдаа “Манай холбогдох газрууд үүн дээр анхаарч ажиллаж байгаа. Ер нь Нийслэлийн төв талбай дээр хийгдэж буй ажлуудыг төрийн бүх шатанд мэдэж байх ёстой. Харамсалтай нь, төв талбай дээр хотын захирагчийн зөвшөөрөлгүй, мэдээлэл солилцохгүйгээр хамгаалалтын чулуу тавьсан асуудал гарлаа. Хотын удирдлагуудтай зохих түвшинд ойлголцож, зөвшилцөөгүй, дээр нь хэлбэр, хийцтэй холбогдуулж анхаарах асуудал байсан учраас үүнийг шийдвэрлэтэл буцааж авах үүрэг өгсөн. Өөрөөр хэлбэл, Хот тохижилтын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Төрийн тусгай хамгаалалтын газраас тавьсан чулуу шаардлага хангахгүй байгаа учраас буцаан татаж байна. Дараа нь бид тохижилтын асуудлыг зохих газар нь тавина” гэв.
Харин бид хамгаалалтын чулуу хийж гүйцэтгэсэн “Боржин суварга” компаниас энэ талаар тодруулахад “Бид захиалга өгсөн газартай байнга холбоотой байгаа. Манайд одоохондоо засч, сайжруулах хүсэлт тавиагүй. Хэрэв төсөв мөнгийг нь шийдээд хүсэлт тавибал засч, сайжруулах боломжтой. Бидэнд мэдээлснээр, уг чулуунуудыг Улаанбаатар хотод аюулгүй байдал хангах шаардлагатай байгаа газруудад байрлуулах талаар судалж байгаа юм билээ.
Тухайлбал, авто осол ихээр гардаг газар, байр орон сууцны хороололд, машин хурдтай явах хэсгүүд, төрийн байгууллагын урд зэрэг байршлыг Замын цагдаагийн газартай хамтран судалж байгаад тавих талаар ярьж байгаа гэсэн. Манай компанид ч бас иргэдээс ийм хамгаалалт хийлгэх хүсэлт ирж байна. Зам дагуу байрлах лагерийн хашаандаа давхар хамгаалалт яг ийм хэлбэр, хийцээр хийлгэмээр байна гэж иргэд ихээр холбогдох болсон” гэсэн юм.
“Боржин суварга” компани үлдэгдэл 200 гаруй ширхэг хамгаалалтын чулууг гэрээ ёсоор хийж дуусгаад, Нийслэлийн хот тохижилтын газарт хүлээлгэж өгсөн байна. Учир нь одоо уг ажлыг хот тохижилтын газар хариуцахаар болжээ. Харин төлбөрийн хувьд захиалга өгөхдөө урьдчилгаа 40 хувийг өгч, үлдэгдэл 60 хувийг ажлаа хийж гүйцэтгэсний дараа олгохоор тохирсон байна. Тиймээс “Боржин суварга” компани гэрээний дагуу ажлаа дуусгаж, нийлүүлсэн учир үлдэгдэл 60 хувь олгох байх хэмээн найдаж сууна. Хамгаалалтын чулуу хэдий асуудал дагуулсан ч гэрээ бол гэрээ. Төлбөр, мөнгийг нь өгөх нь зүй юм.
Харин төрийн томчууд маань төсвийн мөнгөөр тоглосон хэвээр. Хоорондоо ажлын ямар ч уялдаа холбоо, зохион байгуулалт алга. Төв талбай дээр 150 гаруй сая төгрөгөөр чулуу захиалаад тавьж байхад хотын удирдлагууд мэдээгүй сууж байдаг. Үүнийгээ батлаад “Төв талбай дээр хотын захирагчийн зөвшөөрөлгүй, мэдээлэл солилцохгүйгээр хамгаалалтын чулуу тавьсан учир буцаагаад татчихлаа” гээд ярьж байх юм.
Уг нь гүйцэтгэгч компанийн мэдээлж буйгаар уг чулууг хийж эхлэхээс өмнө хэлбэр, хийцийг нь танилцуулах зорилгоор том, жижиг чулууг захиалагч талд хүргүүлсэн байна.
Үүнийг тэд хотын удирдлагадаа үзүүлж, харуулдаггүй хэрэг үү. Эсвэл удирдлагаасаа их эрх мэдэлтэй ажилтнууд байдаг юм уу. Эх, толгой нь олдохоо байсан төрийн алба ийнхүү төв талбайгаа ч хамгаалж чадсангүй. Аюулгүй байдал хангах нэрийдлээр татварын мөнгөөр тоглосоор. Төсвийн мөнгө ёолдоггүй гэж үг бий.
Холбоотой мэдээ