
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мөн өдөр соёл, спортын цогцолбор болон “Хөвсгөл” цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд оролцлоо.
Монгол хүнээ эрүүл байлгахыг Засгийн газар анхаарч олон ажил хийж байна. Эрүүл, боловсролтой хүн л улс орноо хөгжүүлнэ. Иймээс иргэдээ спортоор хичээллүүлж, эрүүл байлгахын тулд соёл, спортын цогцолбор барих хөрөнгийн асуудлыг ч Засгийн газар анхаарч байсныг Ерөнхий сайд энэ үеэр хэлэв.
Соёл, спортын цогцолбор нь 48 метр голчтой, дугуй хэлбэрийн барилга юм. Төрөл бүрийн арга хэмжээ явуулах боломжтой энэ цогцолбор нь 1000 хүний суудалтай юм байна.
Нээлтээ хийсэн “Хөвсгөл” цэцэрлэгт хүрээлэн нь Мөрөн сумын Дэлгэрмөрөн голын эрэгт байрладаг. 1 га орчим талбайд 23 сум, 1 тосгон өөр өөрийн онцлогийг харуулсан байгууламжийг дүрслэн бүтээх юм. Энэ цэцэлэгт хүрээлэн жилээс жилд шинэлэг бүтээл, үзмэрээр баяжих бөгөөд төрөл бүрийн мод, бут, сөөг, цэцгийн мандал тарьц суулгац, тоглоом наадгайтай болж Хөвсгөл нутгийн зон олон, хол ойрын зочин гийчид, аялагчдын үдэлж морддог, хүүхэд залуус, настнууд цагаа өнгөрөөх дуртай газрын нэг болно гэж аймгийн удирдлага ярилаа.
Хөвсгөл аймгийн Мөрөн хот 9 мянга гаруй мод бут, сөөгтэй. Цаашид ногоон байгууламжаа ихэсгэхээр төлөвлөсөн хэмээн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.