2019: Монголын спортын ертөнцийн СКАНДАЛУУД

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

2019: Монголын спортын ертөнцийн СКАНДАЛУУД

2019: Монголын спортын ертөнцийн СКАНДАЛУУД

Монголын спортын ертөнц өнгөрч буй 2019 онд амжилт бүтээлээр ч, адармаатай асуудлаар ч дүүрэн байлаа. Уншигч та бүхэндээ энэ онд болж өнгөрсөн скандалуудыг эргэн сануулъя.


ДОПИНГТОЙ УЛСЫН НААДАМ

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс Допингийн эсрэг үндэсний төв шинжилгээ авч, тус шинжилгээний хариуг Үндэсний баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн билээ. Тус хорооноос наймдугаар сарын 12-ны өдөр олон нийтэд шинжилгээний хариуг зарлаж, хоёр ч бөхөөс хориотой бодис илэрсэн нь дуулиан дэгдээсэн юм.

Үндэсний баяр наадмын шөвгийн 16-д шалгарсан бөхчүүд өөрсдийн сошиал хуудсаар “Надаас допинг илрээгүй” хэмээн мэдэгдсэн.  Харин Монгол Улсын 24 дэх аваргаар тодорсон, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд ямар нэгэн байр суурийг илэрхийлээгүй. Төд удалгүй Үндэсний баяр наадмын зохион байгуулах хорооноос Улсын аварга Э.Оюунболдоос допинг илэрсэнийг зарласан.

Баяр наадмын хорооноос допингтой бөхчүүдийг албан ёсоор зарласны дараа өөрийгөө хамгаалан бичлэг цацаж “Зохион байгуулалттай гэмт хэргийн золиос боллоо. Миний шээсийг сольсон байна. Хууль хяналтын байгууллага анхааралдаа авч, шалгаж өгнө үү. Би гуравдагч орон руу хандаж, шинжилгээ өгмөөр байна. Мөн би ДНК шинжилгээ өгмөөр байна” хэмээн мэдэгдсэн.

Гэвч энэ үйл явдлаас хойш дээрх асуудал нам гүм болсон төдийгүй Э.Оюунболд Хэнтий аймгийн 2019 оны шилдгээр шалгарч, “Хаан шонхор“ шагнал хүртсэн билээ. Үүгээр ч зогсохгүй Төв аймгийн Угтаалцайдам суманд болсон Атар газар эзэмшсэний 60 жилийн ойд зориулсан хүчит 64 бөхийн барилдаанд  түрүүлсэн. Ийнхүү Э. Оюунболдын допингийн асуудал өнгөрч буй 2019 оны  “топ” скандалын нэг байлаа.

МОНГОЛЫН ЖҮДО ЭРС ШИНЭЧЛЭЛТ ХИЙВ

Монголын жүдогийн шигшээ багийн амжилт 2016 оны Рио-Де-Жанейрогийн олимп, 2017 оны Будапештийн ДАШТ-ээс хойш  тогтмол уруудаж, дэлхийн тэмцээнүүдээс бараг л медальгүй  ирэх болсон. Хамгийн сүүлд гэхэд 2019 оны Токиогийн ДАШТ-ээс ганцхан хүрэл медаль хүртсэн.  Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зүгээс жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчдыг хариуцлагаа хүлээн, ажлаа өгөхийг үүрэгдсэн гэдэг. Ийнхүү 2020 оны Токиогийн олимп хаяанд ирэхтэй зэрэгцээд Монголын жүдогийн шигшээд ч шинэчлэлт явагдав.

Хуучин жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ардын багш, Хөдөлмөрийн баатар О.Балжинням, туслах дасгалжуулагчаар ДАШТ-ний хүрэл медальт, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, ОУХМ Г.Дашдаваа, Япон дасгалжуулагч Тори Томо нар ажиллаж байсан юм.

Харин жүдогийн шигшээ багийн шинэ ахлах дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч, Гавьяат тамирчин Х.Болдбаатар туслах дасгалжуулагчаар Гавьяат тамирчин Д.Цэрэнханд, ДАШТ-ний хүрэл медальт, Гавьяат тамирчин М. Бундмаа, ААШТ-ий хошой хүрэл медальт, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Б.Батгэрэл нар тодров.

Шинэ дасгалжуулагчидтай болсон Монголын жүдогийн шигшээ баг шинэ бүрэлдэхүүнээр эхний тэмцээн болох 2019 оны Осакагийн дэлхийн Их дуулгаас хоёр хүрэл медаль хүртсэн. Мөн саяхан зохион байгуулсан Чиндаогийн Мастерс тэмцээнд оролцож, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай байна. Харин ирэх жилийн Токио-2020 олимпод ямар амжилт үзүүлэхийг хамтдаа харцгаая.

                 П.ОРХОНЫ ШИЙТГЭЛИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны албан ёсны хуудаст П.Орхоныг 2018 оны Жакартагийн Азийн наадмын үеэр тус холбооны дагаж мөрддөг допингийн эсрэг дүрмийг зөрчиж, сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаар 2022 оны есдүгээр сарын 16-ныг хүртэл барилдах эрхийг нь хассан. CAS буюу Спортын арбитрын шүүхээс UWW буюу Дэлхийн бөхийн холбооны шийдвэрийг хэвээр үлдээн баталсан билээ. Тамирчны шинжилгээний сорьцыг OCA буюу Азийн олимпийн консул 2018 оны наймдугаар сарын 20-нд WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Доха хотын салбарт илгээн шинжлүүлсэн байна.

Шинжилгээний хариугаар П.Орхон нь Станзопол гэх 2018 онд хориотой эмийн жагсаалтын S1.1A ангилалд бүртгэгдсэн эмийг хэрэглэсэн нь илэрсэн.

Ийнхүү П.Орхон 2022 он хүртэл чөлөөт бөхөөс завсарлага авсан  учир хувийн амьдралдаа анхаарал тавьж, энэ онд тэрбээр хуримаа хийн, үрийн зулай үнэрлэсэн билээ. П.Орхоны гол асуудал нь Чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны тэмцэл гагцхүү зөвхөн холбооны тэмцэл байхаа больж, тамирчид хүртэл оролцож, нэгнээ дарах гэсэн бохир явуулга болж хувирлаа хэмээн хүмүүс хардаж байна.

 ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫ БУЛХАЙ ДАХИН ИЛЭРЛЭЭ

Чөлөөт бөхийн асуудал П.Орхоны допингийн дуулианаар дууссангүй. М.Пүрэвтунгалаг нь эмэгтэйчүүдийн -53 кг-ын жинд энэ оны Залуучуудын болон Насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, ДАШТ-д орох эрхээ аваад байсан билээ. Гэвч Монголын чөлөөт бөхийн холбоо олимпийн эрх авах чухал тэмцээн гэх үндэслэлээр  Д.Сумъяагийн туршлагыг үнэлж,  М.Пүрэвтунгалагийн оронд Нурсултан руу илгээсэн. Мөн М.Пүрэвтунгалагт эрүүл мэндийн асуудал байсан учир явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Харин үүнийг нь М.Пүрэвтунгалагийн аав С. Мөнхбат эсэргүүцэж “Э.Сумъяаг ДАШТ-д оролцуулбал амиа хорлоно” гэж мэдэгдэл хийсэн билээ.

Мөн тэрбээр “Миний охин ДАШТ-д оролцох боломжгүй болсон тул Э.Сумъяаг ч ДАШТ-нд оролцуулахгүй байхыг хүсье” гэсэн агуулгатай өргөдлийг МЧБХ-нд хүргүүлжээ. Гэвч МЧБХ ДАШТ-д оролцуулах тамирчдынхаа нэрсийг нэгэнт хүргүүлсэн тул одоо солих боломжгүй гэсэн хариу өгчээ.

М.Пүрэвтунгалаг охин залуу туршлагагүй мөн чихэн дээрээ хатгины сорвитой учир оролцох боломжгүй болсон. Харин Д.Сумъяа хэл ам татлан байж, ДАШТ-д орсон ч харамсалтай нь  амжилт үзүүлж чадаагүй, тэмцээнд ялагдал хүлээсэн юм.

ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО БА БЭЛГИЙН ДАРАМТ

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны U-16, U-19 эмэгтэй шигшээ багуудын менежер Б.Учралсайханыг энэ оны наймдугаар сарын 3-10-ны өдрүүдэд БНСУ-д зохион байгуулагдсан Зүүн өмнөд Азийн U-15 эмэгтэй шигшээ багуудын тэмцээний үеэр U-15 насны эмэгтэй шигшээ багийн охидтой зүй бус харьцаж, бэлгийн дарамт үзүүлэн, хүч хэрэглэсэн тухай тус багийн ахлах дасгалжуулагч, Япон улсын иргэн Кавамото Наоко Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Азжаргалд захидал илгээсэн байдаг.

Тус захианы дагуу МХБХ-ны Ёс зүй, сахилгын хороо хуралдаж, Б.Учралсайханыг ажил үүргээс нь чөлөөлсөн байна. Гэвч тэрбээр одоог хүртэл Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллаж байгаа аж. Тиймээс Монголын хөлбөмбөгийн холбоо бэлгийн дарамтыг өөгшүүлж байна уу, эсвэл Б.Учралсайхан буруугүй юу гэсэн асуулт олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж