Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хэргийг прокурорт буцаалаа

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хэргийг прокурорт буцаалаа

Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хэргийг прокурорт буцаалаа

НЭМЭЛТ: 13:55 ЦАГ

Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалаа. Улмаар тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна. Шүүх бүрэлдэхүүн 60 тэрбумын бичлэгийг олон нийтэд анх дэлгэсэн иргэн Г.Доржзодовыг ялаас чөлөөлж, анхан шатны шүүхэд гэрчээр дуудсан нь үндэслэлгүй байна гэж үзжээ. Тиймээс хэргийг ийн прокурорт буцаасан байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “Гэмт хэргийн сэдэлт, зорилгыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй”, анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Г.Доржзодовын үйлдэл, оролцоонд гэмт хэргийн шинж байгаа эсэх, мөн хамтран ажилласан эсэхийг тус тус шалгах, прокуророос Г.Доржзодовт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Баатарган овгийн Алтанхуягийн Ганбаатар, Гарамынхан овгийн Цэндсүрэнгийн Сандуй нарыг “Сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор энэ хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож,
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг 4 жил хорих ялаар тус тус шийтгэж, ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

 


НЭМЭЛТ: 12.50 ЦАГ

Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал, дөнгөж сая шийдвэр гаргахаар түр завсарлаад байна.


НЭМЭЛТ:10.30 ЦАГ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасныг шүүгч арванхоёрдугаар сарын 9-нд хүлээн авсан билээ. Тэгвэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр /2019.12.24/ 10.00 цагт эхэлжээ.

Уг хуралд Ц.Сандуй, А.Ганбаатар нар цахимаар оролцож байгаа бөгөөд хаалттайгаар үргэлжилж байгаа юм. Шүүх хуралд Ц.Сандуй, А.Ганбаатар нар онлайнаар оролцох бол өмгөөлөгчөөр М.Ариунболд, Б.Мэргэн, Э.Хашчулуун, Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашбямба, илтгэгч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ оролцох юм байна. Бид энэ хурлын талаар эргэж мэдээлэх болно.


Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг шүүх хурал болно. Шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон А.Ганбаатар, Ц.Сандуй нар давж заалдах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн.  Тиймээс давж заалдах шатны шүүх тэдэнд ял оноосон нь үндэслэлтэй эсэхийг хэлэлцэх юм. Уг хуралд Ц.Сандуй, А.Ганбаатар нар цахимаар оролцох юм. Тэдний өмгөөлөгчөөр М.Ариунболд, Б.Мэргэн, Э.Хашчулуун, Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашдамба нар ажиллаж байгаа аж.

Сүүлийн хоёр ч сонгууль дамнан МАН-ыг дагаж яваа 60 тэрбумын гэх хэрэгт хоёр хүнийг холбогдуулан цагдан хориод байгаа нь Ц.Сандуй, А.Ганбаатар нар юм. Үнэн хэрэгтээ иргэн Г.Доржзодов 60 тэрбумын гэх схемийг танилцуулсан, харин түүнийг нь бүх намын удирдлага сонссон гэх.

Г.Дорзодовын зохиосон схемийг хамгийн идэвхтэйгээр сонссон, зарим талаар зөвлөгөө өгч, хянасан байж болзошгүй хүмүүсээр Ц.Сандуй, А.Ганбаатар нар нэрлэгддэг билээ. Гэвч шүүх дээр хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Г.Доржзодов гэрч болж, түүний зохиосон 60 тэрбумын схемийг хянасан А.Ганбаатар, Ц.Сандуй нар яллагдав.

Тэднийг анх улсын яллагчийн зүгээс 60 тэрбумтай холбоотой хэрэг дээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Шүүх хуралдааны үеэр улсын яллагч “хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна” гэдгийг мэдэгдэж, яллах дүгнэлт үйлдэх боломжгүй хэмээсэн ч шүүгч нар түүний яллах дүгнэлтийг дур мэдэн өөрчилж, 14.9 буюу сонгуулийг будлиантуулахыг завдсан хэмээн ялын зүйл ангийг нь хүчээр өөрчилж, тэдэнд дөрвөн жилийн ял ногдуулж, хуулийг буруугаар ашигласан хэмээн өмгөөлөгч нь тайлбарлаж байсан юм.

Шүүхийн шийдвэр гарсан даруйд тэднийг хорьсон тул Ц.Сандуйгийн НИТХ-д төлөөлөл хэрэгжүүлэх үүрэг нь хязгаарт орсон учраас түүний Нийслэлийн иргэдийн хурал дахь төлөөлөгчийн статусыг цаашид хэрхэх вэ гэдэг асуудал үүсч буй. Энэ талаар НИТХ-ын ажлын алба “Одоогоор шүүхийн тогтоол албан ёсоор манайд ирээгүй байна. Шүүхийн шийдвэр ирсэн тохиолдолд Ц.Сандуйг НИТХ-ын төлөөлөгчөөс ЧӨЛӨӨЛНӨ. Давж заалдах шатнаас Ц.Сандуйгийн ялын хэмжээг тэглэвэл эргээд НИТХ-ын төлөөлөгчөөр нь ажиллуулах хуулийн зохицуулалттай” гэсэн тайлбар өгөөд байгаа юм.

Сануулахад, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар  нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 201 аравдугаар сарын 31-ны өдөр хэлэлцсэн билээ.

Ш.ОЧ
Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж