ТАНИЛЦ: МАН сонгуулийн хуулийг ингэж өөрчлөв

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

ТАНИЛЦ: МАН сонгуулийн хуулийг ингэж өөрчлөв

ТАНИЛЦ: МАН сонгуулийн хуулийг ингэж өөрчлөв

2015 онд УИХ, орон нутаг, нийслэл болон Ерөнхийлөгчийн хуулиудыг нэгтгэсэн байсныг МАН-ынхан салгаж, өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар батлав. Ингэснээр 2020 оны сонгууль МАН-ын баталсан сонгуулийн дүрмээр тоглохоор болов. Сонгууль бүрийн өмнө эрх барьж буй нам сонгуулийн хуульд мэс засал хийж, өөрсдийн эрх ашигт нийцсэн хууль баталдаг нь бараг л тогтсон жишиг. Энэ жишгийн дагуу МАН энэ удаад Сонгуулийн хуулиудыг салгах нэрийдлээр өөрчлөлт оруулав. Ингэхдээ тэд сонгуулийн тогтолцоогоо томсгосон 26 тойргоор явуулах бөгөөд мандатын тоо, тойргоо 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө тодорхой болгох юм. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн шинэ хууль нь 1992, 2008, 2012 онуудад сонгууль явуулж байсан хувилбараар буюу 76 гишүүнийг олон мандаттай томсгосон тойргоос сонгох мажоритар тогтолцоотой байхаар тохирсон. дүүрэг, аймаг бүр тойрог болж, тухайн тойрогт хэдэн мандаттай байх вэ гэдгийг ирэх жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө шийднэ.

Энэ удаагийн сонгуулийн хуульд эрх баригчид авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, тэр нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвших эрхгүй болох, сонгуулийн сурталчилгааны өдрийг нэмэх, цахим орчныг ашиглах зэрэг бүлэг оруулах зэргээр сонгуулийн хуулийг боловсруулан, батлав. Мөн “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж тусгасан нь "Цагаан сонголт" хийх боломжийг хязгаарласан заалт байлаа. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд ямар заалт, өөрчлөлт орсныг онцлон хүргэж байна.

СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ:

  • 9.1.Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.
  • 9.2.Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна.

СОНГУУЛЬД ОРОЛЦОХ:

  • 6.1.Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.
  • 9.1.Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.

СОНГОГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ НЭГ УДАА НАМУУДАД ОЛГОНО:

  • 20.13.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 20.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно.
  • 20.15.Сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно.

СОНГОГЧ ШИЛЖИХ: Нэр дэвшигчийн сонгуулийн менежер, шадар туслагч, сонгуулийн байгууллагын ажилчид санал авахаас 14 хоногийн өмнө шилжиж болно.

  • 24.1.Сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчийн сонгогчийн шилжилтийг хийх, бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэнэ.
  • 24.2.Нэр дэвшигч болон энэ хуулийн 37.3-т заасан менежер, шадар туслагч нь сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно.
  • 24.3.Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан сонгогч санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг бүртгүүлнэ.

ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН: Иргэний шилжилт хөдөлгөөний сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс зогсооно.

  • 25.1.Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс, ээлжит бус, нөхөн, дахин сонгууль явуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол уг шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн өдрийн дараах ажлын өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА: Нэр дэвших эрхгүй: Нэр дэвшигч нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг нь хориглоно. Өөрөөр хэлбэл, ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвших эрхгүй болох юм.

  • 29.7.Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно.
  • 29.8.Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.
  • 32.2.10.авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА:

  • 39.1.Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.
  • 32.12.Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ЦАХИМ ОРЧИН АШИГЛАХ: Энэ бүлэг шинээр орж ирж буй.

  • 47.1.Сонгуулийн сурталчилгаанд дараах хэлбэрийн цахим хуудас ашиглаж болно
  • 47.1.1.нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас
  • 47.1.2.цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас
  • 47.1.3.бусад цахим хуудас.
  • 47.2.Нэр дэвшигч энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.
  • 47.4.Энэ хуулийн 47.2-т заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг тус тус хориглоно.
  • 47.7.Энэ хуулийн 35.3, 47.4-т заасныг зөрчсөн талаарх гомдлын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн дараах арга хэмжээг нэн даруй авна
  • 47.7.1.энэ хуулийн 47.1.1, 47.1.3-т заасан цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн дүн гарч дуусталх хугацаагаар хаах
  • 47.7.2.энэ хуулийн 47.1.2-т заасан тухайн цахим хуудсыг хаах, эсхүл түр хязгаарлах арга хэмжээ авах.
  • 47.8.Үүрэн холбооны болон интернетийн үйлчилгээ эрхлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаах үүрэг хүлээнэ.
  • 47.9.Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн Ерөнхий хороо хамтран баталж, мөрдүүлнэ.
  • 47.10.Нэр дэвшигч болон нам, эвсэл нь энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсаа энэ хуулийн 39.1-д заасан сонгуулийн сурталчилгаа дуусах хугацаанд хаана.

МӨНГӨН ХАНДИВ: Энэ удаад иргэн, аж ахуй нэгжүүдээс өгөх мөнгөн хандивын хэмжээг нэмэгдүүлжээ. Өмнө нь хувь хүн гурван сая, хуулийн этгээд арван сая төгрөг байсан.

  • 54.1.Мөнгөн хандив нь иргэний хувьд таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд хорин сая төгрөг хүртэл байна.

СОНГУУЛИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ:

  • 82.1.Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

ДАГАЛДАХ ХУУЛИУД

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД:

  • “46.4.Төрийн жинхэнэ албан хаагч нь Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна.”

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД:

  • Улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчил гэх нэг бүлэг нэмж оруулж буй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж